“С.Эрдэнэ вангийн хүрээ"-гээр сонин юутай вэ?

2017/04/05
Хоёр сонгууль дарааллан өвдөг шороодсон Ардчилсан намынхан гудамжинд лааз өшиглөж, гуниг гутрал хоёроо арай ядан дааж явахын зовлон дээр шинэ удирдлагуудын шинэчлэлийн салхинд эгээтэй л хийсчихсэнгүй. Бууриа сэлгэж “Шонхор плаза” руу нүүсэн Ардчилсан намын байранд хөл хөдөлгөөн их, хэрүүл тэмцэл ч тасрахгүй байна.

Ийн нүүсний дараачаас эхлэн Ардчилсан намын шинэ байрыг гишүүд нь “С.Эрдэнэ вангийн хүрээ” хэмээн нэрийдэх болжээ. Өнөөдөр “С.Эрдэнэ вангийн хүрээ”-нд тун чиг сүртэй “галын наадам” болох сурагтай. Учир нь Ардчилсан намын дотоод сонгууль “амжилттай болж”, “Шонхор”-ууд зорьсондоо хүрсэн. “Шонхор”-ын бодлогыг илт шүүмжилж, бурууг нь хатуухан хэлчихдэг зарим нэг нэр дэвшигчээ дотоод сонгууль болохын өмнө татчихсан болохоор шинэ удирдлагад толгой өвдөх асуудал тулгараагүй нь лавтай. Гэхдээ л тэд намынхаа дотоод зөрчлийг улам хурцатгаж байгаагаа гадарласангүй.

Зарим нэг газар ганцхан нэр дэвшигчтэй саналын хуудас явж байх жишээтэй. Зүй нь, нэг бол тэр нөхөр учиргүй их мөнгөтэй хүн, эсвэл нөгөө хэдэн нэр дэвшигч нь бусад фракцийнх байсан болохоор эргүүлэн татсан байх магадлалтай. Ямар сайндаа л Ардчилсан намын үнэнч гишүүн, гитарчин Д.Өлзий-Орших “Бусад намууд ч манай намын өрсөлдөгчгүй сонгуулиас жишээ авах хэрэгтэй” гэж даапаалсан юм шиг постыг нүүр номондоо оруулах вэ дээ. Угтаа шинэчлэлийг ширээний ардаас хийдэггүйг С.Эрдэнэ тэргүүтэй Ардчилсан намын шинэ удирдлагууд мэдмээр л юм. Тэр тусмаа фракцийнхаа эрх ашигт нийцүүлж бусад фракцаа нулимж шинэчлэл хийнэ гэвэл том эндүүрэл. Өнөөдрийн энэ байдал нь С.Эрдэнийг З.Энхболдын утсан хүүхэлдэй болгон харагдуулж байна. Биеийн хэмжээ, жин нь л өөр болохоос биш бусдаараа яг л өвчсөн юм шиг адилхан тэднийг ялгаж салгахад бэрх.

Ардчиллыг 20 гаруй жил өмчилсөн “ардчилагчид” яагаад “алагчлагчид” болж хувирав. “Мөнгөтэй нь наашаа, мөнгөгүй нь цаашаа” гэсэн шинэ дүрмээрээ намаа шинэчлэх гэж байгаа бол энэ нь шинэчилж сайжрахын нэр биш уруудаж доройтохын дохио болно. “Намын даргад өрсөлдье гэвэл 250 сая төгрөгөө тушаа” гэсэн хуучин удирдлагын бодлогогүй алхмаас л Ардчилсан намын өнөөдрийн талцал, фракц хоорондын зөрчил хурцдаж эхэлсэн. Ингээд санхүүгийн боломж бололцоотой таван нөхөр дэнчингийн 250 сая төгрөгийг нь тушаагаад өрсөлдсөн боловч өрсөлдөөн шударга болж чадаагүйг хэн хүнгүй л мэднэ. З.Энхболдын найруулсан драмаар бүх зүйл өрнөж “жижиг Энхболдыг том Энхболдоор л сольсон” болоод өнгөрсөн л дөө.

Энэ амбиц нь нэгдүгээрт, “Шонхор” хүчтэй байгаа шүү гэдгийг, хоёрдугаарт, “Алтан гадас” юу ч биш болсон гэдгийг далдуур хэлэх гэсэн санаа. Нөгөөтэйгүүр “Шонхор”-ынхонд Ардчилсан нам бодлогынх биш фракцийн нам байх нь ашигтай. Хэрэв бодлогын нам болж өөрчлөгдвөл залуучууд нь хүч түрээд гарч ирэх аюултай учраас тэд зөвшөөрөхгүй л дээ. Энэ бүгдийг тооцож С.Эрдэнийн ард З.Энхболд утсан хүүхэлдэйгээ удирдаж суугаа. Тэгээгүй бол өнгөрөгч амралтын өдөр явагдсан дотоод сонгуульд босго дэнчин тавих ямар ч шаардлагагүй. Харин ч бодлогын нам болохын тулд нээлттэй, ил тодоор дотоод сонгуулиа явуулах учиртай байлаа.

“Дотоод сонгуулиа дэнчингүй нээлттэй явуулсан бол фракцууд нь хор найруулаад намын бодлогод нөлөөлөх хэмжээний суудал авах гээд байсан учраас босго мөнгө тавьсан” хэмээн ярих АН-ын гишүүн байна. Мөн “Шонхор” зарим нэг нэр дэвшигчээ гаргахын тулд дэнчингийн мөнгөөр санхүүжүүлсэн сураг чих дэлсээд авав. Ардчилсан намын шинэ удирдлага ингэж хөшигний ард хор найруулаад байвал яагаад ч бодлогын нам болж чадахгүй. Тэр тусмаа таван намын нэгдлийг цул болгоно гэдэг С.Эрдэнэ даргын хувьд холын мөрөөдөл.

Энэ бүгдийг ойлгож, мэдэрч байгаа хүн нь намын хуучин дарга асан, С.Эрдэнийн нууц эзэнтэн З.Энхболд. УИХ-ын дарга асан л энэ бүх хорыг найруулж бусад фракцийг нухчин дарах, гартаа байлгах санаархал агуулж байн байн мөнгөний сонгууль явуулаад байгаа хэрэг. Энэ бүх алагчлал, бусдыгаа үл ойшоосон байдал дор явагдсан Ардчилсан намын дотоод сонгууль эвдрэлийн их үүдийг нээж байгааг тэд мэдэж байгаа болов уу. “Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө Ардчилсан нам таван нам болж өрх тусгаарлах вий дээ гэсэн айдас” АН-ын гишүүд дунд манан адил тэнүүлчилсээр л...

С.Нэмэх


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна