УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарт дахин нэг зүйл анги нэмэгджээ

2017/04/06
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат болон тус банкны ТУЗ-ийн даргаас эхлүүлээд бүх захирлуудад Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ.Тэднийг 200 орчим тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээ хийсэн байж болзошгүй гэх эх сурвалжийн мэдээлэл бий.  

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга асан Б.Гарамгайбаатар нарыг авлига, албан тушаалаа ашигласан гэх үндэслэлээр саатуулан шалгаж байгаад батлан даалтад гаргасан юм. 
Б.Гарамгайбаатарыг Н.Батбаяраар дамжуулан хүүгийнхээ компани болох “Монроуд” компани руу их хэмжээний мөнгө шилжүүлсэн гэх үндэслэлээр шалгаж байгаа. 

Тодруулбал, тэрбээр Засгийн Газрын 124-р тогтоолыг Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа батлуулж, уг тогтоолын дагуу Хөгжлийн банкнаас 46 тэрбум 354 сая 400 мянган төгрөгийг хүү Г.Тэнгисийн зам барилгын “Монроуд” компани руу өгөх шийдвэр гаргаж байжээ.

Мөн Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяртай холбоотой компанийн данс руу “Монроуд” компанийн мөнгө орсон байж болзошгүй баримт ч бий аж.

Түүнчлэн Н.Батбаярыг Засгийн Газрын тогтоол гаргуулалгүй УИХ-аар огт батлуулалгүй, дур мэдэн Хөгжлийн банкаар дамжуулан олон тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн, Яармаг дахь орон сууцны хорооллын зураг төсөл зэрэг гурван ч асуудлаар давхар шалгаж байгаа гэнэ.

Н.Батбаяр, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэлх хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг аж.

Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгийн шалгалтаар илэрсэн ноцтой зөрчлүүдтэй холбоотой гэж үзэж байгаа бололтой.

Одоогийн байдлаар яг ямар хэргүүдтэй холбоотой гэж үзэж байгаа тухай нарийн мэдээлэл байхгүй ч тэднийг “Төслийн нэгж” нэртэй төсвийн хөрөнгийг үргүй зарцуулагч нарт их хэмжээний санхүүгийн дэмжлэгийг тодорхой дүрэм, журмуудыг зөрчин олгосон гэх мэдээлэл байгаа юм.

 Харин зарим хэвлэлд мэдээлснээр түүнд шинээр 264 дүгээр зүйлийн 264.2 гэх зүйл ангийг нэмж шалгах болсон байна. 

Тодруулбал, Б.Гарамгайбаатарын хүү Г.Тэнгисийг нь аавынхаа эрх мэдэл албан тушаалыг ашиглан Засгийн газрыг хууран мэхэлж Хөгжлийн банкннаас 43.6 тэрбум төгрөгийг ямар үндэслэлээр авсан тухай тайлбар хавтаст хэрэгт авагдсан аж. 
Т.Хэрлэн
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна