Х.Тэмүүжин: Эрдэнэтийн мөнгө улс төрд хүчтэй нөлөөлдөг. Эндээс төрсөн олон тэрбумтнууд төрд бий
Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжин 25 дугаар суваг телевизийн “Ам нээвэл..” нэвтрүүлэгт оролцож Эрдэнэтийг тойрсон асуудал дээр байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “ Эрдэнэтийн 49 хувь дээр төр ил тодоор дээрэм хийчлээ. Энэ Монгол Улсын өмч байгаагүй зүйл. Тийм байхад хувийн өмчийг булааж, бизнес эрхлэгчдээ адалж дээрэмдэж байна.
Анх энэ гэрээ хэлцэл хаалттай, нууцлагдмал байсан нь өөрөө хардлага дагуулсан. Хэний мөнгөөр юугаар авав гээд. Уг нь мэдээлэл нь ил тод байсан бол өнөөдрийн нөхцөл байдал арай өөр байх байсан болов уу. Гэтэл төр үүн дээр дөрөөлөөд дээрэм хийчихлээ.
Ер нь УИХ-ын шийдвэр хууль ёсны байсан эсэх нь эргэлзээтэй. Хууль дээдэлдэг, гэрээ хэлцэлийг хүлээн зөвшөөрдөг гэхээсээ илүү хүч түрж, дээрэмдэж болдог гэдгийг харууллаа шүү дээ.
Нэгэнт мөнгөө төлөөд худалдаад авчихсан өмчийг ОХУ-д буцааж өгч болохгүй, мөн төр ч дээрэмдэх ёсгүй. Уг нь хувийн хэвшил 49 хувь дээр орж ирсэнээр асар их өөрчлөлт Эрдэнэт үйлдвэрт орох боломжтой. Өөрөөр хэлбэл, улс төрчдийн мөнгөний эх үүсвэр биш бизнесийнхээ зарчмаар ажиллах боломж бүрдэх юм.
Одоо төр 100 хувь авсанаар луйвар булхай шахаа л цэцэглэнэ. Би санаж байна. 2008 онд гэхэд Эрдэнэтээс их хэмжээний мөнгө гараад сонгууль руу орж байсан.
Ц.Нямдоржийн хувьд энэ асуудлыг хөндсөнөөр хүүгийнх нь шахааны асуудал ил гарсан болохоос үүнээс илүү өндөр дүнтэй асар их шахаанууд байж байгаа шүү дээ. Энэ юуг илэрхийлж байна вэ гэхээр Эрдэнэт бол улс төрчдийн “саалийн үнээ”.
Эрдэнэтийн мөнгө улс төрд хүчтэй нөлөөлдөг нь нууц биш. Ил гаргавал нүд орой лээр гармаар Эрдэнэтээр дамжсан олон тэрбумтнууд байдаг” гэх мэтчилэн ноцтой асуудлуудыг хөндсөн байна.
Т.Хэрлэн
Сэтгэгдэл бичигдээгүй байна