Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай тогтоолын төслийг дэмжив

2017/04/07
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы анхны хуралдаанаа өнөөдөр /2017.04.07/ 9 цаг 35 минутад 57.9 хувийн ирцтэй эхэллээ. Тус байнгын хорооны дарга Н.Энхболд гадаадад томилолтоор ажиллаж байгаа тул хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан даргалав.




Байнгын хорооны хуралдаанаар “Зөвлөлдөх санал асуулга явуулах, Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан уг тогтоолын төслийн талаарх танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал өмнөх жилүүдэд олон удаа яригдаж, төслийн хувилбарууд  ч өргөн баригдаж, ажлын хэсгүүд гарч ажиллан тодорхой саналууд боловсруулж байсан. Энэ удаа ч Засгийн газраас эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргаж тодорхой хугацаанд ажиллуулж байгаа, түүнчлэн улс төрийн зарим нам төсөл боловсруулсны зэрэгцээ иргэний нийгмийн байгууллага, иргэд, олон нийт ч зарим саналууд гаргаж, нийгэмд хүлээлт үүсээд байгаа зэргийг үндэслэн тус Байнгын хорооноос энэхүү тогтоолын төслийг санаачлан боловсруулсан гэдгийг хэллээ.

Тогтоолын төсөлд Зөвлөлдөх санал асуулгыг 2017 оны 04 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд Төрийн ордны Их танхимд зохион байгуулах, санал асуулгын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр тусгажээ. Мөн зөвлөлдөх санал асуулга явуулах сэдвүүдийг тогтоолын хавсралтад заасан байна.



Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар баталсан Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн дагуу анх удаа зохион байгуулах гэж буй энэхүү санал асуулгаар нэгд, Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцвэрийг хангах, хоёрт, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил, үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох, гуравт, улс төрөөс хараат бус, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх, дөрөвт, засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх, тавд, төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах зэрэг сэдвийн  хүрээнд 12 асуудлыг тусгажээ. Тухайлбал, Засгийн газрын бүрэлдэхүүнээ тогтоох, гишүүдийг томилох, чөлөөлөх эрхийг Ерөнхий сайдад олгох, Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй хувь нь Улсын Их Хурлын гишүүн байж болохоор хязгаарлах, Засгийн газрын бүтцийг Үндсэн хуулиар тогтоож, бүтцийн хувьд төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хангах зорилгоор яамдын нэрийг хуульд зааж өгөх, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 6 жил байх, улируулан сонгохгүйгээр Улсын Их Хурлын өргөтгөсөн хуралдаанаас сонгодог болох /Улсын Их Хурлын өргөтгөсөн хуралдааны бүрэлдэхүүн нь Улсын Их Хурлын 76 гишүүн, аймаг, нийслэл, хотын ИТХ-ын нийт гишүүдээс бүрдэнэ/, Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн зарим бүрэн эрхийг өөрчилж, хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргах эрхийг хасах зэрэг асуудлыг тусгажээ. Мөн Төрийн албаны зөвлөлийг улс төрөөс хараат бус, Үндсэн хуулийн эрх мэдлийн байгууллага болгох, төрийн жинхэнэ албыг мэргэшсэн, тогтвортой, шатлан дэвших зарчимд шилжүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, хотод, аймаг нь сум, хотод /орон нутгийн харьяалалтай/, сум нь баг болон тосгонд, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд, хот нь хороонд хуваагдахаар Үндсэн хуульд бэхжүүлэх, баг, хороо, тосгоны Засаг даргыг улсын чанартай хот болон сум, дүүргийн Засаг дарга шууд томилдог болох асуудлаар санал асуулга явуулахаар заажээ. Түүнчлэн төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах асуудлын хүрээнд улс төрөөс ангид төрийн хариуцлага, сахилгыг дээшлүүлэх Үндсэн хуулийн байгууллага бий болгох, төрийн хариуцлагыг дээшлүүлэх, авлигатай тэмцэх бодлого, хэрэгжилтийг хангах, нийгмийн шударга ёсыг сахин хамгаалах байгууллагыг улс төрийн нөлөөллөөс ангид хараат бус, бие даасан байгууллага болгож зохион байгуулах асуудлыг санал асуулгын нэг гол сэдэв байхаар тусгажээ.

Түүнчлэн төрийн эрх барих байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага-Улсын Бага Хурал гэсэн хоёр танхимтай байх асуудлыг нээлттэй хэлэлцэх нөхцөлийг хангахаар нэг сэдэв болгож оруулсан байна.



Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийг Гадаад хэргийн сайд асан дипломатч Ц.Гомбосүрэн, Соёл урлаг хөгжүүлэх төрийн сангийн удирдах зөвлөлийн гишүүн, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Үндсэн  хууль судлаач, Улсын Бага Хурлын гишүүн асан Д.Ламжав, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, профессор Ц.Сарантуяа, Монфемнет үндэсний сүлжээний зөвлөх Д.Сүхжаргалмаа, Гандантэгчиглэн хийдийн тэргүүн хамба лам, Ардын Их Хурлын депутат асан Д.Чойжамц, ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, доктор Г.Чулуунбаатар нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар уг тогтоолын төсөлд тусгажээ.

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 6.1.1 дэх хэсэгт Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.3.3-т заасан асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэх үндэслэл, шаардлагыг тодорхойлох үүднээс зөвлөлдөх санал асуулгыг явуулахаар заажээ. Мөн Зөвлөлдөх санал асуулгаар санал авах ажлыг статистикийн байгууллага гүйцэтгэх хуулийн заалттай.

Зөвлөлдөх санал асуулга хоёр шаттай байх, санал асуулгын эхний шатанд Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн оролцох эрхтэй бөгөөд оролцох иргэний тоог зөвлөлдөх санал асуулгын сэдэв, хамрах хүрээг харгалзан Үндэсний статистикийн хорооноос баталсан аргачлалын дагуу Зөвлөлдөх зөвлөл тогтооно. Ингэхдээ Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатанд оролцох иргэнийг энэ хуулийн 11.5-д заасан тоонд багтаан хамгийн сүүлийн удаа явагдсан Улсын Их Хурлын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулиар гаргасан сонгогчдын нэрийн жагсаалтаас тохиолдлын зарчмаар сонгож авахаар заажээ. Харин Зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатанд нэг дэх шатанд оролцсон иргэний 50-иас доошгүй хувийг тохиолдлын зарчмаар сонгон авах бөгөөд энэ шатанд шийдвэр гаргах эрх бүхий этгээд санал авах ажлыг зөвлөлдөх уулзалт хэлбэрээр зохион байгуулахаар зааж өгчээ. Түүнчлэн Зөвлөлдөх санал асуулгад оролцогч иргэн саналаа чөлөөтэй гаргахад хөндлөнгөөс нөлөөлөх, санал худалдан авахыг хуулиар хориглосон байна.

-Зөвлөлдөх зөвлөл нь зөвлөлдөх санал асуулгын дүнг нэгтгэж, зөвлөмж гарган Улсын Их Хуралд танилцуулах үүрэгтэй ажиллах юм. Зөвлөлдөх зөвлөлөөс гаргасан зөвлөмжжийг үндэслэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулах үүрэг бүхий тусгай комиссыг Улсын Их Хурлаас байгуулж, өргөн барьсан төслийг зохих хуулийн дагуу хэлэлцэж батална гэж үзэж байгаа. Гэхдээ Үндсэн хуульд зөвхөн нэмэлт, өөрчлөлт оруулах хүрээнд л асуудал яригдана, түүнээс цааш халих асуудал байхгүй гэдгийг хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан тодотголоо.



Хэлэлцэж буй тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, О.Содбилэг, Б.Батзориг, Д.Дамба-Очир, Л.Оюун-Эрдэнэ, М.Оюунчимэг нар асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, О.Содбилэг, Д.Дамба-Очир, Б.Жавхлан, Д.Эрдэнэбат, Б.Тогтохсүрэн, Г.Занданшатар, Б.Ундармаа, Н.Цэрэнбат нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Мөн тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын зарим гишүүнээс бичгээр гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат тогтоолын төслийг нэрийг “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар Зөвлөлдөх санал асуулга явуулах, Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай” гэж өөрчлөх, Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ тогтоолын төслийн хавсралтын 5 дахь хэсэгт шүүх засаглал, хууль хяналтын байгууллага нь хараат бус, улс төрөөс ангид байхад чиглэсэн зохицуулалтыг тусгаж өгөх, Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, Д.Эрдэнэбат нар зөвлөлдөх санал асуулгыг орон даяар явуулах, хугацааг эргэж нягтлах, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан тогтоолын төслийн хавсралтын 6 дахь сэдвийн “шатлал бүхий” гэсэн хэсгийг хасах санал гаргасан нь дэмжигдлээ. Ингээд тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжлээ.

Уг тогтоолын төсөл дэмжигдсэнтэй холбогдуулан Байнгын хорооны хуралдаанаар “Ажлын хэсэг байгуулах, ажлын төлөвлөгөө батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахад туслалцаа үзүүлэх ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Г.Занданшатар, Ж.Мөнхбат, Я.Содбаатар, Н.Энхболд, Д.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар тогтлоо гэж  УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна