Б.Баабар: Би Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж байна

2017/04/12
Нийтлэлч Баабар буюу Б.Батбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болсноо албан ёсоор мэдэгдлээ. "Өдрийн сонин"-ы өнөөдрийн дугаарт “Би Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж байна” хэмээх томоохон хэмжээний нийтлэлийг нийтлүүлж, тус нийтлэлдээ яагаад Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх болсноо дурджээ.

Нийтлэлч Баабар "...Хэдийгээр намайг дээрэмчдийн толгойлогчид хавчин гадуурхаж, нэр төрөөр минь оролдож, алив шатны сонгуулиас шахан зайлуулж байгаа ч гэсэн би Ардчилсан Намын ууган гишүүн, аль ч сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхтэй бодгал. Би ямар ч бүлэглэлд хамаарч байгаагүй төдийгүй тэднийг жигшиж аль болох зай барьж явсаар өдий хүрлээ.... Манай ард түмний ихэнхи нь намайг таних болов уу? гэж найдаж байна. Иймээс аль нэг улс төрийн хүчинг төлөөлж Ерөнхийлөгчид нэр дэвшин сунгаа явуулахад өөрийгөө тэргүүлж чадна гэж итгэж байна.....Мэдээж би Ерөнхийлөгчөөр сонгогдвол хэдхэн жилийн дотор улс орноо бүрэн эмхэлж эрүүл саруул болгож хүчрэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ энэхүү том эрх мэдлээр дамжуулан төрийн гол багана болсон улс төрийн намуудыг мафийн гараас салгаж дөнгөнө...Би төрийг байх ёстой газар нь тавихын төлөө байна. Та нар дэмжвэл чадна..." хэмээсэн байна.

Тэрээр 1990-ээд оноос эхлэн нийтлэл бичсэн.

Баабар нь 1972 онд Улаанбаатар хотод дунд сургууль төгсч, 1972-1973 онд Монгол Улсын Их Сургуульд суралцсан.
 
1973-1980 онд Польш улсын Краков хотын Ягелон Их Сургуульд суралцаж байгаад 1981 онд Монгол Улсын Их Сургуульд шилжин ирж биохимич мэргэжлээр төгссөн.
 
1987-1989 онд Зөвлөлт Холбоот Улсын Москвагийн Улсын Их Сургууль, 1990 oнд Лондон дахь Эзэн хааны коллежид тус тус суралцсан.
 
Баабар 1981-1991 онд Микробиологийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн төвд эрдэм шинжилгээний ажилтнаар, 1991-1994 онд Монголын Социал-Демократ Намын даргаар, 1994-1996 онд чөлөөт нийтлэлчээр, 1996-2000 онд Улсын Их Хурлын гишүүнээр, 1998-1999 онд Сангийн сайдаар, 2004-2005 онд Ерөнхий сайдын зөвлөхөөр, 2016 онд Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр тус тус ажиллаж байсан бөгөөд 2006 оноос "Непко" Хэвлэлийн газрын захирлын албыг хашиж байна.
 
Б.Батбаяр 1980-аад оны үед "Баабар" гэсэн нууц нэрээр Монгол орны түүх, нийгэм, улс төрийн байдлын талаар эргэцүүлэл бичиж, хэд хэдэн ном орчуулсныг тухайн үеийн залуучууд гар бичмэлээр тарааж, нууцаар уншиж байлаа. Тэдгээрээс "Бүү март. Мартвал сөнөнө" нийтлэлд Монгол-Орос-Хятадын харилцаа, коммунист дэглэмийг шүүмжилжээ.
 
1989 онд Ардчилсан Социалист Хөдөлгөөнийг байгуулахад оролцсон. 1990 оны 2-р сард Монголын Ардчилсан Холбооны Анхдугаар Их хуралд Ардчилсан Социалист Хөдөлгөөнийг төлөөлөн оролцохдоо "Хаан нүцгэн байна" илтгэл тавьж, коммунист засаглалыг шүүмжилсэн нь ихээхэн алдартай юм.
 
Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна