УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнийг “Чухал хүн” буландаа урьж ярилцлаа. УИХ дахь сөрөг хүчний намын бүлгийг ахалж байсан, улмаар намын даргын албыг хэл амтайхан авсан түүнтэй нам тойрсон хардлага сэрдлэгийг хөндөж ярих мэдээж амаргүй байв. Улс төрийн элдэв хов живийг чихний хажуугаар өнгөрөөж сурсан нь түүний авууштай чанар. Гэвч уншигчид “яагаад”, “үнэн үү” гэсэн асуултад хариулт хүлээж суудаг учраас саарал ордонд нисэж буй худал, үнэнийг үл мэдэх хов живийн асуултаа түүнээс асууж, уурлах, инээх зэрэгцсээр бидний ярилцлага өндөрлөсөн юм.
- АН-ын дотоод сонгууль дууслаа. Намын даргын хувьд сэтгэлд хүрсэн сонгууль зохион байгуулж чадав уу?
- Ер нь будлиан, маргаангүй улс төрийн сонгууль гэж байдаггүй байх. Ялсан нь баярлаж, ялагдсан нь гомдож, их, бага хэмжээний маргаан заавал гардаг. Гэхдээ манай намын дотоод сонгуулийн хувьд ямар нэгэн ноцтой маргаан дагуулсан зүйл байхгүй. Зүгээр л жижиг зөрчлийн шинжтэй маргаан гарсан. Жижиг зөрчил бүрийг тухай бүрд нь шалгаж, тогтоогоод, ном дүрмээр нь шийдвэр гаргаад явчихсан байгаа. Дотоод сонгуулийн маргаантай ямар ч тойрог, дүүрэг байхгүй.
- Офшор бүсэд данстай гэх батлагдаагүй мэдээллийг үндэслэж нэг хүний нэр дэвших эрхэд халдсан. Улмаар энэ намын удирдлагад ийм хүмүүсийг ажиллуулахгүй гэж та мэдэгдлээ. Энэ шинэчлэл үү, эсвэл дарангуйлал уу?
- Офшор бүсэд данстай гишүүний асуудал чинь өөрөө ёс зүйн асуудал. Тухайн хүний асуудлаар манай намд гомдол ирсэн. Үндсэн дүрмийн хороо энэ асуудлыг нягталж үзэх шаардлагатай байна гэж үзсэн. Тиймээс ч “офшор бүсэд данстай гэж яригдаж буй нэр дэвшигчийг түдгэлзүүлээд шалгах хэрэгтэй” гэсэн хүсэлтээ Дотоод сонгуулийн хороонд өгсөн юм. Харин Дотоод сонгуулийн хороо дүрмээрээ Үндсэн дүрмийн хорооноос ирсэн хүсэлтийг биелүүлэх үүрэгтэй. Энэ дагуу нэр дэвшигчийг түдгэлзүүлсэн. Ер нь С.Баярцогтын хувь нэг их ноцтой зүйл байхгүй шүү дээ. Хэрвээ гэм буруугүй нь тогтоогдчихвол дараагийн сонгуульд оролцож, сонгогдох эрх нь бүрэн нээлттэй байгаа.
- Хариуцлагын асуудал ярьж байгаа бол АН-ыг ялагдалд хүргэж байсан эрх мэдэлтнүүдтэй ч гэсэн ярих ёстой байх. С.Баярцогтын нэгэн адил сонгуульд оруулахгүй байж болоогүй юм уу?
- Эрх мэдэлтэй гэж яриад байгаа нь хэнийг хэлээд байгаа юм. Тодорхой эзэнтэй байх ёстой биз дээ. Тэгээд ч тэр хүмүүс ямар хохирол учруулсан, ямар дүрэм, журам зөрчсөн гэдэг нь бас тодорхой байх хэрэгтэй. Эсвэл аль нэг гишүүнээс гомдол ирсэн байх ёстой. Тэгж байж л хариуцлага тооцох тухай ярина. Түүнээс огт гомдол, нэхэмжлэлгүй, нотлох баримт байхгүй асуудлыг шууд барьж аваад, хариуцлага тооцно гэж байхгүй. Эрхзүйн талаасаа ч боломжгүй. Яахав аливаа нэг шийдвэрийг үгүйсгэх гэсэн зүйлс яригдаж байгаа. С.Баярцогтын хувьд офшор бүсэд данстай гэдгээ аль хэдийн хүлээн зөвшөөрчихсөн. Өөрөөр хэлбэл, “Офшор бүсэд данс байсан, тодорхой хэмжээний мөнгийг байршуулаад мартчихсан” гэдгээ хэлж, тухайн үедээ хариуцлагаа хүлээсэн шүү дээ. Түүнээс хойш энэ асуудал хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй байгаа.
Сүүлийн үед улс орон даяар офшорчдын эсрэг хүчтэй тэмцэж, энэ өдрүүдэд ард түмний эсэргүүцэл, хөдөлгөөн өрнөж эхлээд байгаа. Офшор бүсэд данстай буюу татвараас зайлсхийсэн, иргэнийхээ журамт үүргийг биелүүлээгүй хүн намын удирдах байгууллагад ажиллах нь зохимжгүй юм гэж үзсэн. Тиймээс түдгэлзүүлэх шийдвэр гаргасан гэж бодож байгаа. Ийм шийдвэр гаргасан асуудлыг өөр утгаар тайлбарлаж, намын дотоод зөрчил маргаан мэтээр харагдуулах гэж оролдоод хэрэггүй байх. Би хатуу гараар л ажиллана.
- Дотоод зөрчил маргаан гэснээс таныг намын дарга болсноос хойш намын зөрчил идэвхжилээ гэх юм. Эсэргүүцэх улстөрчид ч чамгүй байх шиг. Ц.Оюунгэрэл М.Батчимэг зэрэг нөлөө бүхий улстөрчид иймэрхүү утгатай пост их бичлээ. Мөнгөний нам болголоо гэх мэтээр?
- Өнөөдрийг хүртэлх хугацаанд АН-аас миний тухай асуудлыг ярьсан нэг ч хүн байхгүй. Тэгээд эсэргүүцэж гүйгээд байгаа хүмүүсийг би мэдэхгүй. Ямар юмных нь нөлөөтэй улстөрч байдаг юм. Хувь гишүүнийхээ байр суурийг илэрхийлэх нь өөр асуудал. Намын дотоод сонгуультай холбоотой шүүмжлэл хэлж, ярьж байсан. Удаа дараагийн захиалгат нэвтрүүлэг, ярилцлагуудыг би бүгдийг нь уншсан. Гэхдээ намын даргаар хүлээн зөвшөөрөхгүй гэж ярьж байгааг нь сонсоогүй. Ямар ч хамаагүй хүний яриаг гуйвуулж, надад наах гэж оролдоод хэрэггүй байх. Ийм асуудал огт байхгүй. АН-ын 180 мянган гишүүн намын даргын сонголтоо хийсэн. 21 аймаг, есөн дүүргийнхээ нийт гишүүдийн сонголтоор би томилогдсон. Улс төрийн намуудын түүхэнд байхгүй 3200 хүний төлөөлөлтэй долоодугаар Их хурал хуралдаж батламжилсан. Нэг ч хүн эсэргүүцээгүй, 100 хувийн саналаар батламжиллаа. Би ажилдаа орж, гишүүддээ амлаж байсан шинэчлэлийнхээ алхмуудыг хийгээд эхлэхээр энэ мэтээр янз бүрийн захиалгатай асуудал яригдаад байгааг ойлгохгүй байна.
Намайг гутаах гээд байна уу, үгүйсгэх гээд байгаа юм уу. Тийм зүйлийг битгий яриач. Үнэхээр тийм асуудал байгаа бол баримтаар ярь. Хэн гэдэг хүн, хэзээ, хаана намайг намын дарга болсныг хүлээн зөвшөөрөхгүй гэж ярьсныг нь нотлох баримттай хэл. ...Энэ бүгдээс би нэг л зүйлийг харлаа. АН-ын шинэчлэлд атаархаж, хорсож байгаа хүмүүсийн явуулга юм байна. АН-д атаархаж буй улс төрийн бүлэглэлүүд байгаа. Гэхдээ манай намыг хөндлөнгөөс юу ч гэж харлуулж, гүтгэж байсан хөндлөнгийн нөлөөлөлд автахгүй. Бид шинэчлэлээс алхам ч ухрахгүй.
- Дэнчингийн тухайд маргаан гарсан нь худлаа биш шүү дээ. Та мөнгөтэй хүмүүсийн халааснаас намаа гаргалаа гэсэн. Гэтэл гишүүд болохоор дэнчин өндөр байх нь мөнгөтэй хүмүүсийн халаасанд орох боломж бүрдүүллээ гэж үзсэн. Дээрх гишүүд ч ийм шүүмжлэл хэлсэн байна лээ?
- Дэнчинг өндөр байна гэж хэн ч шүүмжлээгүй. Таны хэлээд байгаа 2-3 хүн л байгаа. Өөр хэн ч энэ асуудлыг яриагүй. Өөрөөр хэлбэл, өнөөдрийг хүртэл дэнчинтэй холбоотой өргөдөл, гомдол гараагүй гэсэн үг. Үндэсний бодлогын хороонд нэр дэвшсэн 510, аймаг, дүүргийн намын даргад нэр дэвшсэн 54, аймаг, дүүргийн намын хороод, сумдын намын хороод гээд нийтдээ 16 мянган орчим хүн нэр дэвшсэн. Эдгээр хүмүүс дотроос “Дэнчин, татвар өндөр байна” гэх гомдол надад нэг ширхэг ч ирээгүй. Энэ мэт нотолгоогүй юм яримааргүй байгаа юм. Тэгээд ч манай намын дотоод асуудал шүү дээ. Бид өөрсдөө ажлаа хийж байгаа. Ер нь АН монголын улс төрд олон сайн жишгийг бий болгож байгаа. Нэгдүгээрт, санхүүгийн хувьд ил тод, шилэн болох эхний алхмаа тавилаа.
Сонгуулиар нэр дэвшиж байгаа хүмүүсийн дэнчин хураамжийг нуугаагүй. Харин ч ил тод зарласан. Хоёрдугаарт, намын аудитаар баталгаажуулсан 2016 оны тайлан, зургаадугаар Их хурлын тайланг www.demparty.mn сайтад тавьсан. Тун удахгүй долоодугаар Их хурлынхаа тайланг тавина. Сонгуулийн дараа бүх санхүү үйл ажиллагааны тайланг гарахаар мөн тавина. Манай намд нууж, хаах юм огт байхгүй. Санхүүгийн асуудлаар хардаад байх зүйл үгүй болно гэсэн үг. Аль ч улс төрийн намуудад тодорхой хэсэг бүлэг цүнхтэй мөнгө авч очоод өгчихдөг. Ямар зорилгоор, хэдэн төгрөг өгсөн нь тодорхойгүй. Мөнгө авч байгаа нь ч тухайн мөнгөө юунд зарцуулж байгаа нь нууц гэнэ. Хэн ч үүнийг мэддэггүй л байсан. Одоо ч манайхаас бусад улс төрийн намууд тийм л байна. Тэгвэл манай намын бүх дэнчин хураамж нь ил тод, орж байгаа орлого, зарлага нь ч ил тод боллоо.
Энэ жишгээрээ бид улс төрийн намын хариуцлагыг шинэ шатанд гаргахаар оролдож байгаа юм. Гуравдугаарт, Ардчилсан нам гишүүдийн нам байх ёстой. Гишүүдийнхээ гаргасан шийдвэрт үндэслэж, улс төрийн шийдвэр гардаг алхам руу явж байгаа. Намын анхан, дунд шатны нийт 17,800 сонгуульт албан тушаалтныг бүх гишүүдийнхээ саналаар сонголоо. Энэ нь үндэсний хэмжээний маш том сонгууль болсон. Шинэчлэл бүрэн утгаараа хийгдчихлээ гэсэн үг биш. Харин шинэчлэлийн маш том сууриа тавьж чадлаа гэсэн үг.
Одоо үзэл баримтлалаа шинэчилж боловсронгуй болгож, дүрмийн шинэчлэлүүдээ илүү эрчимтэй хийж, гишүүддээ таалагдсан дүрэмтэй болох гэх мэтээр хийх ажил их байна. Мөн Үндэсний бодлогын хороогоо баталгаажуулж, бодлогын зөвлөлөө гаргана. Бодлогын зөвлөл өнөөгийн Засгийн газрын үйл ажиллагаанд бодит, хөндлөнгийн үнэлэлт, дүгнэлт өгнө. Цаашлаад АН-аас хэрэгжүүлэх төрийн бодлого шийдвэрүүдийн төслийг боловсруулах гэх мэтээр 2020 он сонгуульд чиглэсэн маш том бодлого боловсруулах болно.
- АН шинэ байртай болох уу. Хуучин байр нь мэдээллийн төв болчихсон байна лээ. Та өөрийнхөө эзэмшлийн байранд намаа оруулчихсан гэх юм. Хувийн компани биш л байлтай?
- АН-ын хуучин байсан байр өөрийнх нь өмчлөлийн байр биш. “Шинэ дэвшил” компанийн өмчлөлтэй байр. Харин АН ашиглалтын зардлаар эзэмшиж байсан юм. Яг үүнтэй адилхан зарчмаар шинэ байр буюу “Ардчиллын өргөөнд” шилжиж очсон нь үнэн. Намын Хэрэг эрхлэх газар 4-5 давхарт байрлаж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ байранд ч ашиглалтын зардлаа төлөөд түрээсийн зарчмаар үйл ажиллагаа явуулна. Намын үйл ажиллагаагаа явуулах гол нөхцөл нь орон байр байдаг. Намын дотоод ажилчдын ажиллах нөхцөл, гишүүдийнхээ мэдээлэл авах орчин гээд намын өнгө төрх чухал.
Айлаар бол тухайн айлын гал голомт ямар байхаас их зүйл шалтгаалдаг биз дээ. Богино хугацаанд эрчимтэй хийж байгаа энэ бүх шинэчлэлийн асуудалд эмзэглээд байгаа хүмүүсийг би ойлгохгүй юм. Тэгвэл АН-ыг өмнө нь байргүй байхад тэр хүмүүс яагаад дуугарахгүй байсан юм. Байргүй байхад нь яагаад шүүмжлээгүй юм. Одоо байртай болж, намын ажил урагшилж, өнгөтэй , өөдтэй болоод ирэхээр шүүмжлээд, өө хайгаад эхэллээ. Тал бүрээс нь харлуулахаар оролдож байгааг үнэхээр гайхаж байна. Энэ бүгдээс би нэг л зүйлийг харлаа. АН-ын шинэчлэлд атаархаж, хорсож байгаа хүмүүсийн явуулга юм байна.
АН-д атаархаж буй улс төрийн бүлэглэлүүд байгаа. Гэхдээ манай намыг хөндлөнгөөс юу ч гэж харлуулж, гүтгэж байсан хөндлөнгийн нөлөөлөлд автахгүй. Бид шинэчлэлээс алхам ч ухрахгүй. Ер нь манай намын дотоод асуудалд санаа зовж байгаа хүн МАН-д их байна. Айл дотроо юу хийх нь тэр хүмүүст падгүй биз дээ. Бид шинэчлэлээ хэрхэн хийх нь МАН-д хамаагүй. Гэтэл санаа тавиад л, өрсөлдөгч намынхаа асуудалд хошуу дүрээд л байх юм. Бид МАН-ын дотоод асуудалд ордоггүй шүү. МАН-ынхан дотроо хэд хуваагдаж байгаа, хэн, хаана ямар албан тушаалын шахаа хийж байгааг хөндөхийг ч хүсдэггүй.
- Ардчилсан нам “Шонхор” ба бусад фракц гэж хуваагдчихлаа гэсэн мессеж нийгэмд хүчтэй тарсан. Энэ ч гэсэн МАН-ын хийж байгаа ажил гэсэн үг үү?
- Би тэгж л харж байгаа. АН-д “Шонхор” ба бусад гэсэн зөрчил огт байхгүй. Ийм уваагүй улс төр хийдгээ больчихмоор байгаа юм. Намын даргын хувьд ямар нэгэн бүлэг фракцын төлөөлөлтэй юм ярихгүй. Хэзээ ч аль нэг фракцын төлөөлөлтэй хэлэлцээрт орохгүй гэдгээ зарлачихсан. Харин АН-ын хувь гишүүн хэн ч бай уулзаж, санал бодлоо солилцох болно. АН-д нэг л фракц байгаа. Тэр нь АН өөрөө. Өөр ямар ч фракц байх ёсгүй. Цаашдаа ч намын дотоод асуудлаа дэлгэж, гишүүний ёс зүйгээ умартсан хүнд тооцох хариуцлагыг чангатгах бодолтой байгаа. Нам бол нам шиг л байх ёстой юм.
Хэрвээ АН-д дургүй бол гараад явна биз. АН-ын гишүүн хүн байж намаа муулаад л, сөрөг мэдээлэл цацаж байгаа атлаа энэ намд байх ямар хэрэгтэй юм. Тэр хүмүүст хариуцлага тооцох тогтолцоог чангатгана. Шуудхан хэлэхэд, жаахан хатуу гараар л ажиллана. Дотоод сонгуулийн үеэр эхнээс нь жаахан хатуу гараар харьцаад эхлэхээр маш их шүүмжлэл ирлээ. Уг нь дотоод сонгуулиас өмнө С.Баярцогт шиг муу хүн байгаагүй. Монголын нэгдүгээр зэргийн офшорчин, сая доллараа офшор дансанд мартсан хүн гээд л толгойтой болгон муулаад үзэн ядаж байсан биз дээ. Начир дээрээ хариуцлага тооцохоор С.Баярцогт шиг сайн хүн байхгүй мэтээр ярих юм. С.Баярцогтын толгой АН-д битгий хэл Монгол Улсад хэрэгтэй л гэнэ. Тийм хэрэгтэй байсан юм бол өмнө нь яах гэж шүүмжлээд байсан юм. Монголын шүүх, прокурорыг шүүдэг Ц.Нямдорж хэн бэ
- АН-ын хувьд өнгөрсөн хугацаанд намын шинэчлэлийн ажил ихтэй байсан болоод ч тэр үү сөрөг хүчний үүргээ муу биелүүлсэн. Михайлд нэг бодол бий гэдэг шиг цаашдаа бодсон зүйл байгаа л байлгүй?
- Муу биелүүлсэн гэдэгт би санал нэгдэхгүй байна. АН-ын сөрөг хүчин үүргээ хангалттай биелүүлж байгаа. АН-ын бүлэг ес, эрх баригчид 65-уулаа шүү дээ. Манай есөн гишүүн сөрөг хүчнийхээ үүргийг хангалттай биелүүлсэн, биелүүлсээр ч байгаа. Өнгөрсөн оны наймдугаар сард УИХ-ын ээлжит бус чуулганаар эрх баригчдыг мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг буюу иргэдийн халаасыг тэмтэрсэн эдийн засгийн бусармаг үйл ажиллагаа явуулахаар санаархаж байсныг таслан зогсоолоо. Олон түмэнд ил тод нээлттэй болгож, зарлалаа. Эсэргүүцэл, мэдэгдлүүдээ гаргаж байсан. Гэхдээ улс төрийн хүчний хувьд хэдийгээр сөрөг хүчин ч гэлээ улс төрийн соёл байх хэрэгтэй л дээ. Нэгэнт ард түмэн итгээд, хэт олонх болгоод сонгочихсон улс төрийн хүчинд ажиллах боломжийг нь олгох ёстой гэж үзсэн. Тэр ч утгаараа юм болгоныг эсэргүүцээд байх нь утгагүй.
Эрх баригчдыг тодорхой хугацаанд ажиллах боломжоор нь хангаж, аль болох зөв зүйлийг нь дэмжиж, хамтарч ажиллах байр суурийг барьж ажилласан. Бид зөвхөн өөрсдийнхөө нэр хүндийг өсгөх буюу сөрөг хүчин гэдгээ харуулахыг хичээхээсээ илүү адилхан сонгогдсон УИХ-ын гишүүд. Сөрөг хүчин ч гэсэн эх орон, ард түмнийхээ эрх ашгийг бодох ёстой. Тэр утгаараа аядуу байсан нь үнэн. Эрх баригчдаас айсан, сүрдсэндээ эсвэл хэлэх үггүй болчхоод дуугүй байгаа хэрэг огт биш. Хангалттай хугацаанд буюу 8-9 сар гаруйн хугацаанд эрх баригчдыг харлаа. Энэ хугацаанд эрх баригчид юм хийх болов уу, эдийн засаг, улс төрийн хүрээнд томоохон реформ хийх байх гэж харлаа. Харамсалтай нь хүн халах, албан тушаал наймаалцах буюу албан тушаалын “Хишиг хүртээх” ажлыг л маш сайн хийлээ. Харин “сайн” болгоныг үгүйсгэлээ, зогсоолоо, хүчингүй болголоо. Өнгөрсөн хугацааны үр дүн ерөөсөө л энэ.
- Өрөө төлчихлөө, улсынхаа эдийн засгийг энгийн тасагт шилжүүллээ л гэх юм. Зөв удирдаад байна уу, эсвэл нуухыг нь авах гээд нүдийг нь сохолчхов уу?
- Бодлогын шинжтэй дорвитой ажил хийсэнгүй. Би эхлээд бүр гайхаж байлаа. Юу гэхээр, тэдний хийж байгаа томилгоо, явуулж байгаа бодлого, гаргаж байгаа шийдвэрүүд үнэхээр хэцүүхэн. Арай ч улс орон, ард түмнийхээ эсрэг санаатайгаар ийм үйлдэл хиймээргүй юм даа гайхаж байсан. “Яагаад” гэж хэсэгтээ л гайхсан. Гэтэл байгаа байдал нь л энэ юм байна. Эрх баригчдаас хүлээх зүйл угаасаа байхгүй юм билээ.
Ардын намын боловсон хүчний чадавх сул байна. Чадвартай, чадалтай, мундаг эдийн засагч, улстөрчид нь байхгүй болчихсон юм билээ. Аль хэдийнээ тэтгэвэрт гарч, зарим нь намаасаа хөндийрөөд явчхаж. Харин хэдэн ойворгон залуучууд л үлдсэн байна. Өөрөөр хэлбэл, “би”-ээр өвчилсөн хэсэг бүлэг л тунаж үлдсэн юм билээ. Эндээс өөр дүгнэлт гарсангүй. Уг нь МАН-ыг МАХН байх үедээ хүчтэй нам байсан шүү. Тухайн үедээ боловсон хүчний асар их нөөцтэй, чадвартай буюу улс орны ачааг нуруундаа үүрээд явах тэнхээтэй нам байсан. Би тэр үеийг нь мэднэ. Гэтэл өнөөдрийн эрх баригчдыг тэр үеийн МАХН-тай харьцуулах зүйл алга. Тэр үеийн МАХН-аас МАН-д үлдсэн зүйл бараг байхгүй болжээ.
- Зээлийг зээлээр гэдэг бодлого л хэрэгжүүлээд байх юм. Таны хэлсэнчлэн уг нь мундаг удирдагчид бол өрийг өрөөр гэсэн бодлого явуулахгүй л дээ. Гэхдээ эсэргүүцлээ гээд бид энэ их өрөө хэрхэн дарах билээ дээ?
- ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж байгаа нь аргаа барсан, чадваргүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн Засгийн газрын хийдэг алхам. Уг нь үндэсний гамшиг тохиолдсон, байгалийн давагдашгүй хүчин зүйл тулгарсан, дайн байлдаан болсон, нийтийг хамарсан өвчин тахал гарч улс орон нь сүйрч, сөнөж байгаа улсын хамгийн эцсийн мөчид авдаг тусламж нь Валютын сангийн зээл юм шүү дээ. Гэтэл Монгол Улс өнөөдөр тийм хэмжээнд хүрээгүй байгаа. Манай улсын эдийн засаг хэвийн байгаа. Өнгөрсөн оны долоодугаар сарын 1-ыг хүртэл хэвийн үргэлжилж байсан. Олон улсын зах зээлд эдийн засгийн нөхцөл байдал хүнд байсан ч эдийн засаг сэхээнд орж, адагтаа тулчхаагүй. Маш олон сайн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.
Мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, эргэлтийг эрчимжүүлэх эдийн засгаа тэтгэх бодлогууд маш хүчтэй явж байсан. Энэ Засгийн газар гарч ирээд, тэдгээрийг үргэлжлүүлж хэрэгжүүлээд явах л байсан. Төрийн залгамж чанар гэдэг утгаараа. Харамсалтай нь, “Бясаагаа алах гээд байшингаа шатаав” гэдэг шиг өмнөх эрх баригчдыг муулж, харлуулж суусаар буруудчихлаа. “Мордохын хазгай” гэдэг шиг эхний өдрөөсөө л алдаатай бодлого явуулж эхэлсэн. Үр дүн нь яаж гарсан бэ гэхээр, улс оронд эдийн засгийн хямралыг бодит байдал болголоо. Жинхэнээсээ сэхээнд оруулсан. Монгол Улсын боломжуудыг устгасан үр дүн гарсан. Тухайлбал, зээлжих зэрэглэл “В” байсан. Гэтэл Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдэгдлээс болж хэдхэн хоногийн хугацаанд хоёр дахин буурсан. Монгол Улс эдийн засгийн чадавхгүй бараг дефолт боллоо гэж зарласан. Зүгээр хэвийн явж байсан эдийн засаг үүнээс болоод л огцом буурсан шүү дээ.
Өмнөх Засгийн газрыг харлуулах гэсээр ухсан нүхэндээ унасан хэрэг л дээ. Дараа нь ямар ч гарцгүй болж, арга буюу ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахад хүрлээ. Яахав, улс орныхоо эдийн засгийн эрчимжүүлэх, тулгамдсан байдлаас гарахаар Валютын сангийн хөтөлбөрт хамрагдсан байж болох л юм. Гэтэл ОУВС-ийн халхавч доор гаднаас маш их хэмжээний зээл авч байна. Энэ чинь тусламж биш, зээл шүү дээ. Нөгөө өрийн хэмжээ чинь нэмэгдээд л байгаа хэрэг. Биднийг өрийн таазыг өсгөчихлөө гээд ямар их шүүмжилдэг байлаа. Гэтэл өөрсдөө өрийн таазыг 91 хувь хүртэл өсгөж, олон сая тэрбумын өр тавих гэж байна. Ийм байдлаар цаашаа явах юм бол улс орны эдийн засаг хэсэгтээ сэхэхгүй. Хийж байгаа зүйлүүдээс нь сайн үр дүн харагдахгүй байна.
Гаднаас оруулж ирэх гээд байгаа энэ их зээлээрээ эрх баригчид юу хийх гээд байгаа нь тодорхой бус байна. Ямар хөтөлбөр хэрэгжүүлэх гээд байгаа, эдийн засгийн ашигтай ямар үйл ажиллагаа явуулах гэж байгаа нь харагдахгүй байна. Харин ч бүр эсрэгээрээ төсвөө хэмнэлтийн горимд шилжүүлж, үр ашиггүй албан тушаал, орон тоог цөөлөх хэрэгтэй. Гэтэл засаг өөрөө хэмнэлтийн горимд шилжиж бүсээ чангалж чадахгүй атлаа шууд татвар нэмнэ гэж дайрч байгаа нь ард түмнийхээ халаасыг тэмтэрсэн л бодлого хэрэгжүүлж байна гэсэн үг.
- Ард түмний халаасыг тэмтрэхээс өөр сонголт үлдээгээгүй буруутан нь танай нам юм биш үү. Ийм л тайлбар өгдөг шүү дээ?
- МАН-ын 2016 оны сонгуульд дэвшүүлж байсан мөрийн хөтөлбөр хаашаа алга болов. Татвар нэмэгдүүлэхгүй, өр зээлийг барагдуулж, өрийн дарамтаас гаргана гээд л амлаад байсан гоё, гоё зүйлүүд алга болчихлоо. Хамгийн инээдэмтэй нь эрх баригчид эдийн засаг ийм байдалтай болсныг мэдээгүй гэж яриад байгаа. Гэтэл 2012-2014 онд Монгол Улсын Сангийн сайдаар МАН-ын улстөрч, УИХ-ын гишүүн Ч.Улаан гэдэг хүн ажиллаж байсан. 2014-2015 Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гэдэг хүн Сангийн сайдаар ажилласан. УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн ажилласан.
Миний мэдэж байгаагаар сүүлийн 2-3 жилийн хугацаанд төсөв боловсруулах УИХ-ын ажлын хэсгийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн ахалсан. Мөн Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр өнөөдрийн МАН-ын улстөрч, УИХ-ын гишүүн Б.Жавхлан ажиллаж байсан. Ингээд бодохоор улс орны эдийн засгийн талаар мэдээлэлгүй сууна байх уу. Харин ч тухайн үед эрх барьж байсан АН-аас илүү Монгол Улсын мөнгө санхүүгийн авдрыг МАН-ынхан атгаж байсан. Эдийн засгийн байдлыг мэдэхийн дээдээр мэдэж байсан хүмүүс. Гэтэл “Биднийг засаг авах үед авдар хоосон байсан” гэсэн ярианд тэнэг хүн ч итгэхгүй. Уваагүй, ичихгүйгээр худлаа ярих хэрэггүй юм. Монгол Улсын өнөөдрийн нөхцөл байдлыг мэдсээр байгаа атлаа гоё мөрийн хөтөлбөр боловсруулсан гэсэн үг.
Мөрийн хөтөлбөр нь биелэхгүй гэдгийг мэдсээр байж хэт мөрөөдлийн зүйлс амлаж байсан гэхээр нэг ёсны залилан хийсэн байгаа биз. МАН-ынхан сонгогчдоо болон ард түмнийг хуурч мэхэлсэн. Аливаа юм үнэнд гүйцэгдэнэ гэж байдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам тэд ард түмнийг яаж хуншгүй хуурсан нь ил боллоо. “Сүүлийн удаа хуруулчих л даа” гэдэг шиг дахин, дахин ард түмнийг хуураад байх юм. Бодит үнэнийг хэлж, буруугаа хүлээгээд, үлдсэн хугацаанд үр ашигтай ажиллах л хэрэгтэй байна. Гэтэл буруугаа огт хүлээхгүй юм. Харин ч иргэдийг хуураад л байгаа. Хөдөө орон нутгаар явж уулзалт хийж “Иргэд МАН-ын мөрийн хөтөлбөр хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байна” гэх худал мэдээллийг мэдээллийн хэрэгслүүдээр цацаад байх юм. Цаашдаа ингэж явж болохгүй ээ.
- Та “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хүүгийн шахааны бизнесийг илчилсэн. Гэтэл тус үйлдвэрийг төр мэдэлдээ авчихлаа. Одоо шахааны бизнес сонгодог утгаараа хэрэгжих байх даа. Төр мэдэлдээ авсныг хэрхэн дүгнэж байна вэ?
- “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал яригдаж эхлэх цагаас л удаа дараа мэдэгдэл хийж байр сууриа маш тодорхой илэрхийлсэн. Тус үйлдвэрийн 51 хувийг яагаад ярихгүй байна. Зөвхөн 49 хувь руу дайрсаар байгаад, булаагаад авчхаж байгаа юм. 51 хувьд шахаа хийж байгаа нь чамлалттай санагдаж байгаа хэрэг л дээ. Тиймээс 49 хувийг хүчээр булааж аваад, 100 хувь шахаагаа хийх гэж байгаа хэрэг.
Эрх баригчдад энэ үйлдвэрийн үйлдвэрлэл, үйл ажиллагаа огт хамаагүй. Угаасаа шахаа хийдэг гэдгийг бид нотлох баримтаар гаргаж тавьсан. Тухайлбал, Ц.Нямдоржийн хүү хэдэн зуун сая ам.долларын шахаа хийсэн гэдгийг гаргаж тавьсан. Ер нь шахааны асуудлаар нотлох баримт хангалттай бий. “Эрдэнэт” үйлдвэрт шахаа хийсэн хүмүүсийг бид эрэн сурвалжилна. Шахааны бизнесийн эздийг олон нийтэд зарлана. Ер нь бол “Эрдэнэт” үйлдвэрийг төрийн нэрийн дор намын өмчлөлдөө авчихлаа. Хүмүүс андуураад байгаа юм. Энэ үйлдвэр төрийн өмчлөлд очиж байгаа хэрэг огт биш. Харин МАН-ын өмчлөлд очиж байгаа юм. Тус үйлдвэрийн захирлаар очиж байгаа нөхөр л гэхэд ажил авсан эхний өдрөө л яаж тансагладаг вэ гэдгийг яруу тодоор харууллаа. Хэдэн зуун саяар машин авч, маш их мөнгөөр байраа засаж байна. Тэр үйлдвэрийн үр ашигтай ажиллагаа, орлого, зарлага гэдэг зүйлд хяналт тавих ёстой. Гэтэл шууд хувийнхаа тансаглалд үйлдвэрийн хөрөнгөнөөс зарцуулаад эхэллээ. Энэ нь Эрдэнэтийг ард түмний өмч болгох гэж улайрсан хэрэг биш байгаа биз. Зүгээр л нэг хэсэг хүмүүсээс 49 хувийг нь булааж аваад 100 хувь намынхаа мэдэлд оруулах л зорилготой байсан гэсэн үг.
Хэт олонх болохоороо хүч түрээд тэр хүслээ ч гүйцэлдүүлж байх шиг байна. Гэхдээ 49 хувийн тал зүгээр дээрэмдүүлээд суухгүй л байх. Олон улсын арбитрын шүүхэд хандах нь ойлгомжтой. Хэрвээ энэ маргаан даамжраад явах юм бол 49 хувь Монголынх ч биш, МАН-ынх ч биш болох байх. Нөгөө ”Байнд ч үгүй, банзанд ч үгүй” гэдэг шиг “Эрдэнэт” үйлдвэр гуравдагч этгээдийн “хоол” болгоод өгчих вий гэсэн болгоомжлол байгаа. Хэт олонх байж болно. Гэхдээ авч байгаа арга хэмжээ, шийдэж байгаа зүйлдээ жаахан алсыг харсан байвал зүгээр байна. Хэт улайраад байгаа “эх орончид” тус үйлдвэрийг төрд авлаа гээд төсөвт хэдэн төгрөгийн нэмэр орж байгаа юм. Ард түмэнд буюу иргэн Дорж, Батын гарт ямар ч ашиг, ямар ч өөрчлөлт алга. Харин ч эрх баригчдын тансаглал, шахааны бизнес хийхэд нь л боломж олгож байна. Шахааны бизнесийн талаар баримт дэлгэхээр УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржоос эхлээд "Миний хүүхэд гэрээ хийе гээд “Эрдэнэт” үйлдвэр руу хоёр удаа явахад би таньдаг хүндээ хэлсэн юм. Та нар боломжийн юм байдаг бол хууль дүрмийнх нь дагуу туслахыг бодооч гэж гуйсан юм. Үүнийг хаацайлж нууж, бултаад байх юм байхгүй. Хэн ч гэсэн хүүхдээ нэг юм хийх гээд байхад дэмжих нь хүний л ёс шүү дээ" гэсэн тайлбар хийгээд сууж байх жишээтэй. Ц.Нямдоржийн С.Зоригийн хэргийн асуудлаар яриад байгаа зүйл нь ч инээдтэй л санагдаад байгаа.
- Инээдтэй гэж уг нь нэлээд ноцтой баримтуудыг дэлгэж байсан шүү дээ?
- Ц.Нямдорж тэр олон жил Хууль зүйн сайд хийж байхдаа яагаад энэ хэргийг илрүүлээгүй юм бэ. Яагаад нуун дарагдуулаад байсан юм. Гэтэл одоо хэрэг илэрчихээр л нууцын зэрэглэлтэй материалууд гаргаж ирж, шударга царайлаад байх юм. Тэгээд болоогүй шийдвэр гаргасан шүүх, прокуроруудыг доош нь хийгээд л. Монголын шүүх, прокурорыг шүүдэг Ц.Нямдорж хэн бэ. Өөрөө хэн ч биш шүү дээ. Зүгээр л нэг УИХ-ын гишүүн. Гэтэл монголын хаан шиг бүгдийг загнаад, бүгдийг заагаад л байх юм. Тэр хүний уваагүй гэдгийн нотолгоо нь хүү нь “Эрдэнэт” үйлдвэрт шахаа хийснийг тайлбарлаж байгаагаас л харчих хэрэгтэй. Бүр 49 хувийн асуудлаар ичихгүй солиороод л, бүүр улайрчихсан.
Сэтгэгдэл бичигдээгүй байна