Д.Амарбаясгалан: Эцсийн хариуцлагыг сонгогчид намтай л тооцдог

2017/04/13
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай ярилцлаа.

-МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын алба олон нийтийн анхаарлын төвд байдаг албан тушаал. Та энэ албыг хүлээн авснаас хойш хэвлэлд анх удаа ярилцлага өгч байна. Тиймээс нэлээд өргөн хүрээнд ярилцана гэж ойлгож байна. Ингэхэд өөрөө ууган энэ намын хэд дэх генсек болж байгаа билээ. Бас яах аргагүй залуу ерөнхий нарийн бичгийн даргын нэг болох байх?

-Уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Улс төрийн ууган хүчин гэдэг утгаараа ч, уламжлагдан ирсэн дотоод тогтолцооныхоо хувьд ч манай намын ерөнхий нарийн бичгийн даргын ажил бусад улс төрийн хүчнээс илүү анхаарлын төвд байдаг гэдэгтэй санал нэг байна. Үүнд мэдээж түүхэн шалтгаан бий л дээ.

Шинэ Үндсэн хуулиас өмнөх тогтолцоонд намын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг албан тушаал төрийн тэргүүний ажил байлаа шүү дээ. Юмжаагийн Цэдэнбал, Жамбын Батмөнх гээд төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд бүгд л манай намын ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг албан тушаалаар овоглодог байсныг та мэднэ.

Шинэ нийгэмд шилжсэнээс хойш ч 2000 он хүртэл намын ерөнхий нарийн бичгийн дарга намын даргын үүргийг гүйцэтгэдэг байсан. Тиймээс энэ бүх түүхэн сэжим өнөөдрийг хүртэл үргэлжилж үе, үеийн манай намын ерөнхий нарийн бичгийн даргын алба чухалд тооцогддог, тэр хэрээрээ бүгд л энэ эрхэм үүргийг нэр төртэй хашихыг хичээсээр ирсэн.

Миний хувьд ч мөн адил үүргээ ухамсарлаж байгаа. Насны хувьд залуудаа орно оо. Энэ нь удахгүй 100 жилийн ойгоо тэмдэглэх ууган нам хэрхэн шинэчлэгдэж залуусаа дэмжиж чаддагийн нэг нотолгоо болох болов уу.

-Та намаа сөрөг хүчин байх үед нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Ер нь сөрөг хүчин байх үед намын аппаратад байх, эрх баригч байх үед генсек байхын хооронд хэр зөрүү байдаг вэ?

-Маш их. 2015 оны арванхоёрдугаар сард МАН-ын сонгууль хариуцсан нарийн бичгийн даргаар томилогдож байлаа. Манай нам анх удаа сонгууль хариуцсан нарийн бичгийн даргатай болсон. Жижиг 76 тойрог учир тойрогт нэр дэвших намын удирдлагуудын орон зайг нөхөхийг хичээсэн шийдэл байсан.

Оновчтой ч алхам байсан гэж боддог.Сөрөг хүчний байр сууринаас ажиллах заримдаа амаргүй ч заримдаа эрх баригч байхаас амар байдаг.

Харин эрх баригч намын тэр дундаа 65 суудалтай намын ерөнхий нарийн бичгийн дарга байна гэдэг өөр асуудал. Эрх баригч намын Удирдах зөвлөлийн шийдвэр Монгол Улсын төр засгийн бодлого болж хэлбэршдэг. Нөгөө талаасаа 2016 оны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хяналт үнэлгээг намын Удирдах зөвлөл хийх ёстой болно.

Иргэд өнөөдрийн төр засаг гэхээс илүү Монгол ардын нам л гэж ханддаг, харьцуулдаг. Тиймээс бид хичээж ажиллах хэрэгтэй байгааг алхам тутамдаа мэдэрч байна. Дээр хэлсэнчлэн 65 гишүүнтэй бүдүүн бүлэгтэй улс төрийн намын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал бол амар биш.

Би өнгөрсөн долдугаар сард үүрэг гүйцэтгэгчээр томилогдож, арванхоёрдугаар сард албан ёсоор болсон гэж үзвэл энэ албыг аваад бараг арван сар болж байна. Цаг мөч өнгөрөх тусам амаргүй алба гэдгийг мэдэрч, тэр хэрээрээ хичээн ажиллаж байна.

-Орон нутгаар явж ажиллаад байгааг тань анзаараад байгаа л даа. Ер нь Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ хийгээд яваад байна аа даа?

-Тэгж ойлгож болно оо. Намын дэргэдэх стратеги академи, хөндлөнгийн судалгааны байгууллага, төр засгийн шийдвэр гаргагчдын төлөөлөл гээд томоохон баг ажилласан. Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, иргэдийн бухимдал, цаашдын чиг хандлага гээд олон зүйлийг газар дээр нь мэдрэх хэрэгтэй. Ингэхгүй бол нөгөө алдарт вакумжих гэдэг өвчинд эрх баригчид дорхноо л нэрвэгддэг.

Өнөөдрийн төрийн бодлогын хэрэгжилтэд намын Удирдах зөвлөл дүгнэлт өгөх үүрэгтэй. Маш энгийнээр тайлбарлахад иргэдийн хүлээлт төр засгийн бодлого хоёр нийцвэл намын нэр хүнд өсч, зөрвөл унадаг шүү дээ.Тиймээс мөрийн хөтөлбөрт хяналт үнэлгээ хийж, болохгүй тохиолдолд хариуцлага тооцохоос өөр сонголт байхгүй. Үүнийг ч сонгогдсон, томилогдсон бүх албан тушаалтнуудаас шаардана.

Намаас сонгогдсон хийгээд томилогдсон хүмүүстэй ёс зүйн хариуцлагын гэрээ байгуулж ажиллах болно. Томилолт бол хариуцлага. Нам дотор хариуцлагын асуудлаа ярьж байж ард түмний өмнө дүнгээ тавиулна. Томилсон бол бас татаж болно гэдгийг шат шатандаа анхаарч ажиллах нь зүйтэй. Нам сонгогчдоос санал авдаг, эргээд дүнгээ тавиулдаг. Эцсийн хариуцлагыг сонгогчид намтай л тооцдог.

“Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэдэг. Нэг хүн ажилдаа эзэн болж чадахгүй бол тэр хүн гэхээс илүү МАН л гэнэ. Тиймээс энэ бол хамтын хариуцлагын зарчим, нөгөө талаас нийтийн эрх ашиг.

-Зоримог сонсогдож байна. Албан тушаалтнуудын ажлыг дүгнэж, хариуцлага тооцно гэхээр. Улс төрийн намын шинэчлэлийн хувьд олон асуудал цаашид гарах байх. Шинэчлэл гэснээс МАХН МАН болж нэрээ сольсноос болж ялагдсан, энэ нь хэлбэрийн асуудал байсан гээд олон шүүмжлэл байдаг…

-Парламентын тогтолцоотой улс орнуудын хувьд нам сонгуульд мөрийн хөтөлбөрөө дэвшүүлэн оролцож, төрийн бодлогыг тодорхойлдог. Тиймээс намын шинэчлэл өөрөө улс орны хувь заяатай холбогддог. Манай намын хувьд цаг үетэйгээ хөл нийлүүлэн шинэчлэхийг эрмэлзсээр ирсэн улс төрийн хүчин.

Мэдээж алдаа онооны аль, аль нь бий. Гэхдээ Монгол Ардын Нам болсон нь хэлбэрийн биш агуулгын шинэчлэл байсан гэдэгт итгэдэг. Ерээд оноос хойш ардчилсан нийгэмд хүн болж төлөвшсөн залуу хүний хувьд өнөөдрийн нийгэмд Хувьсгалт намын
Социалист үзэл баримтлал хэр хол явж чадах байсныг төсөөлдөггүй. Мэдээж шинэчлэл өөрөө төлөөстэй. Гэхдээ хэн нэгэн хийх ёстой. Энэ дэвшилтэд өөрчлөлтөд тухайн үед намын хэлтсийн даргын хувьд оролцсондоо сэтгэл хангалуун байдаг.

Ер нь аливаа нам олон нийтээс алсрах тусам суларч, иргэдийн сэтгэлзүйг бодитоор мэдрэх тусам хүчирхэгжин бэхэждэг. Цаашдаа эхлүүлсэн шинэчлэлээ үргэлжлүүлж, “Олон нийтэд суурилсан (people based), бодлогод тулгуурласан (policy oriented ) дэвшилтэт (progressive) улс төрийн хүчин болж төлөвшинө. Энэ талаар төлөвлөж, хийж байгаа олон ажил байгаа. Дэлхийн бусад социал демократ чиглэлийн намуудтай ч санал бодлоо солилцсон, ирэх сард олон улсын томоохон хурал хийхээр ажиллаж байна.

-Эрх баригч намын генсек байх амаргүй нь тодорхой ч эрх мэдлийн хувьд тун нөлөөтэй албан тушаал гэдгийг та хүлээн зөвшөөрөх байх. Томилгоонууд дээр их оролцдог, бүх төрийн албаныхан, сайдуудад нөлөөтэй байж чаддаг. Гэхдээ элдэв томилгоонууд дээр өөртэй чинь холбоотой яриа төдийлөн сонстоогүй. Анхнаасаа томилгоонуудаас ангид байхаар бодсон юм уу, эсвэл үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан үе таарсан учраас боломж гарсангүй юу?

-Би ямар ч тохиолдолд эхлээд зарчмаа барих ёстой гэж боддог. Угаасаа миний баримталж ирсэн зарчим ч тэр, нөгөө талаас шинэ залуу үеийн төлөөлөл болж намын өндөр албан тушаалыг хашиж байгаа хүний хувьд зарчим барьж хичээн ажиллах ёстой гэж ойлгодог.

Аливаад зарчмаа барьж, шударга, илүү хөдөлмөрлөсөн нь амжилтад хүрдэг тэр боломжийг нээлттэй байлгах үүднээс хандаж ирсэн, тэгэх ч болно. Өнөөдөр хэн ямар ч эрх мэдэлтэй байсан байж болно, ямар ч албан тушаалд хүрсэн байж болно. Гэхдээ намын өмнө бүгд эрх тэгш хариуцлага хүлээнэ гэдгийг л ойлгох ёстой.

-Намын удирдлагад байгаа хүмүүс эрх мэдлийнхээ хүрээнд бусдад боломж олгож, эргээд өөрийнхөө багийг бүрдүүлдэг жишиг байдаг л даа. Харин та бол арай өөрөөр зарчим гээд яриад байх юм

-Заавал надаар томилгоонуудад ямар оролцоотой байсныг хэлүүлэх гээд байна аа даа. Үнэнийг нь хэлье. Сонгуулийн үр дүн бидний бодож байснаас ч өндөр гарсныг хүлээн зөвшөөрөх ёстой. Хэдийгээр сонгуулийн үеэр судалгааны дүн өндөр гараад байсан ч тэрэнд итгээд тайвшрах эрх байгаагүй.

Дандаа дарж, тооцоолж байсан. Гэтэл үр дүн бодсоноос ч өндөр гарсан. Үүний дараа хэсэгтээ хөл толгойгоо олохгүй үе байсан нь бас үнэн. Зөвхөн УИХ-ын сонгуулийн дараах биш аймаг нийслэл гээд зэрэгцээд олон сонгуулийн дүн гардаг болохоор эмхлэх цэгцлэх том ажлууд үүссэн.

Богино хугацаанд бүх зүйл бужигнаад л өнгөрсөн. Намын Удирдах зөвлөл, ерөнхий нарийн бичгийн даргын зүгээс бүх зүйл дээр ороод ингэнэ тэгнэ гээд яваад байх боломж ч байгаагүй, хугацаа ч гараагүй.

МАН бүх түвшний ерөнхийлөн захирагчид, аймгуудын шинэ Засаг дарга нар, нийслэлийн Засаг дарга цаашлаад Ерөнхий сайдад баг бүрэлдэхүүнээ бүрдүүлээд ажиллах боломж нөхцөлийг олгосон. Харин ингэж олгосон шигээ хариуцлагыг нэхэх болно. Эрхийг нь авсан шигээ үүргээ ухамсарлаж, биелүүлэх ёстой гэсэн үндсэн зарчмаар асуудалд хандана.

Тухайн албан тушаалд хэн гэдэг хүн яаж, хэний дэмжлэгтэй томилогдсон гэдэг чухал асуудал биш. Гагцхүү тэр хүмүүс МАН-ын өмнө хариуцлага хүлээж ажиллах нь чухал. Сонгуульд МАН оролцсон, дараагийн сонгуулиар МАН ажлаа дүгнүүлнэ. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө, намаас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө бүгд хамтран ажиллах ёстой. Одоо бүгд нэг завин дээр суучихсан явна, бид.

2020 гэхэд энэ завьтайгаа хүрэх газраа хүрч чадах уу, сонгогчдын өмнө амласан амлалтаа биелүүлэх үү. Тэр газраа хүрэхийн тулд сонгогдсон, томилогдсон хүмүүсийн хэм хэмжээ, ёс зүй ямар байна, тэд үүргээ биелүүлж байна уу гэдэг чухал. Нэг албан дээр очоод чадсан, чадаагүй хадаастай юм шиг байдаг нь буруу.

Хэрэв чадахгүй бол хариуцлагаа хүлээгээд ажлаа өгдөг байх хэрэгтэй. Түүнээс завьтайгаа бүгдээрээ живж болохгүй биз дээ. Тийм ч учраас үнэлэлт өгч, эргээд хариуцлага тооцдог тогтолцоог хэрэгжүүлнэ гээд байгаа юм шүү дээ.

-Сүүлийн сонгуулиудад гардаж оролцлоо. Ямар учраас ийм адармаатай ажлаа танд даатгаад байдаг юм бэ. Ямар зан чанарт чинь итгэдэг хэрэг вэ?

-Би 2004 оны сонгуулиас эхлээд ямар нэг байдлаар сонгуулийн үйл ажиллагаанд ороод эхэлжээ. 2004 оны УИХ-ын сонгуулиар нэр дэвшигчтэй ажиллаж, 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ажлын хэсэгт орж ажиллаж, 2006 оны нөхөн сонгуулиар ч ажилласан. 2008 онд өөрөө НИТХ-д нэр дэвшиж, бас УИХ-ын сонгуулийн багт орж ажилласан гэвэл бас нэлээд хэдэн сонгуулийн нүүр үзжээ.

Тэр дундаа хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах чиглэлд голлон ажиллаж ирсэн. 2012 онд сонгуулийн хэвлэл мэдээлэл, пиарыг хариуцан ажиллаж байлаа, 2016 онд сонгууль хариуцсан нарийн бичгийн даргаар ажилласан. Сонгуулийн кампанит ажлыг намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга удирдаж чиглүүлдэг юм.

Өнгөрсөн сонгуулиар ч тэгсэн. Манай дарга нар аль аль нь тойрогт нэр дэвшиж өрсөлдсөн болохоор би голлосон харагдаж байгаа байх л даа. Төв штабт суурин ажиллаж, удирдах хүн хэрэгтэй байсан болохоор намайг туршлагатай гэж үзсэн байх. Надад яагаад итгэдэг юм гэж үү. Би ажлын гүйцэтгэлийг өндөр түвшинд тавьдаг.

Энэ бол гэр бүлийн хүмүүжил, миний унаган зан. За бол за, ёо бол ёогүй л байх хэрэгтэй. Чадахгүй бол чадахгүйгээ хэлэх ёстой. Тэгвэл дараагийн арга замаа хүмүүс олно. Миний зарчим ийм. Тэгж ч ажилладаг, хамт байгаа хүмүүстээ ч тийм шаардлага тавьдаг. Ажлын гүйцэтгэлтэй холбоотой надад итгэдэг байж болох юм. Таныг асуухад ингэж л бодогдож байна даа.

Ер нь аливаа хийж байгаа ажил, гаргах шийдвэртээ өөрийн хувийн ашиг сонирхол, улс төрийн агуулгыг шингээхгүйгээр нийтийн буюу төр, намын үндсэн зорилгоо бодож ажиллах ёстой. Тэр дунд миний жижигхэн эрх ашиг хамаа ч байхгүй. Тэгээд ч нийтийн эрх ашиг хангагдаж чадвал тэр дунд миний эрх ашиг ч хангагдана биз дээ.

-Сонгуульд хэвлэл мэдээллийн чиглэлд түлхүү ажиллаж байсан гэлээ. Өөрөө инженер мэргэжилтэй хүн байх аа. Яаж яваад хэвлэл мэдээллийн салбар руу орчихсон юм бэ?

-Тийм ээ би инженер хүн. Мэдээлэл хэмжлийн электроник, цахилгаан холбооны инженер гэсэн хос мэргэжлээр төгссөн ШУТИС-ийн анхны гурван оюутны нэг. Оюутан байх үеэсээ бусдын адил ажил хийдэг байлаа. Манай гэр бүлийнхний бизнес бол хэвлэлийн салбартай холбоотой.

Ерээд оны сүүлээс ах нартайгаа нийлж эхлүүлсэн бизнестээ идэвхтэй оролцож явсаар инженерээр төгссөн ч мэргэжлээрээ ажиллаагүй. Харин хэвлэлийн салбарын хүн болж хувирсан. Хэвлэлийн компанийнхаа үйл ажиллагааг өргөтгөх зорилготой явсаар чөлөөт хэвлэл эрхлэх болж, улмаар өдөр тутмын сонин хүртэл гаргаж энэ гал тогоонд чанагдах болсон.

Энэ ч утгаараа сонин хэвлэл, пиар улс төрийн намын сонгууль гэж явсаар сүүлдээ сэтгүүлч гэж андуурах болтол хэвлэлийн хүн болж хувирсан юм уу даа.

-Яагаад МАН-д элссэн юм бэ. Танай үеийнхэн ардчиллыг дэмжиж тийшээ хошуурч байсан баймаар юм?

-Манай аав Говь-Алтай 60 жил гэсэн хоршооллын намын үүрийн даргаар олон жил ажилласан. Ээж маань насаараа боловсролын салбарт ажилласан хүмүүс л дээ. Би дөрвөн хүүхэдтэй айлын отгон нь. Манай ах, эгч нарын хэн нь ч улс төрийн намын харьяалал байхгүй.

Хамаатан саданд маань ч улс төр, нийгмийн зүтгэлтэн байгаагүй. Намайг 18 нас хүрдэг жил одоогийн МҮОНРТ-ийн хойхно байдаг БГД-ийн МАН-ын үүр дээр ээж маань дагуулж очоод намын гишүүн болгосон юм. Одоо бодоход намын сонгуулийн кампанит ажлын хүрээнд идэвхжүүлэлтэд ороод аав, ээж яриад аваачиж элсүүлсэн байх.

Насаараа намын үзэл бодлыг түгээн дэлгэрүүлэхэд оролцож явсан хүмүүс ядаж нэг хүүгээ намд элсүүлье гэж бодсон байлгүй дээ. Эхний 4-5 жилд намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцож явсангүй. Оюутан бас хажуугаар нь бизнес эрхэлдэг хүн. Гэвч аандаа намынхаа мөр зэрэгцэн зүтгэж яваа ах нар, найз нөхөдтэйгөө нөхөрлөж, үзэл бодлоо нэгтгэн улс төрийн үйл ажиллагаанд оролцоод эхэлсэн.

2007 оны сүүл гэхэд БЗД-ийн 37 дугаар үүрийн дарга болж, 100 гаруй гишүүн удирдаж байлаа. Цаашлаад нийслэлийн намын хорооны гишүүн, намын бага хурлын гишүүн, намын хэлтсийн дарга, нарийн бичгийн дарга гэж шат шатаар нь дамжиж явсаар ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байна.

Хэдийгээр би нас залуу ч намын гишүүн болоод 17 жил болчихсон бас ч хуучны хүн, намын шат шатны ажлын туршлага чамгүй зузаан гэгдэх учраас ерөнхий нарийн бичгийн даргын албанд залуудна гэж бодохгүй байгаа. Зүгээр ч явж байгаад генсек болчихсон гэж боддоггүй юм аа.

-МАН-ыг хуучинсаг нам гэж үзэх хүмүүс бий. Залуу хүмүүсийг ийм намыг сонгох үед хачирхах хүмүүс ч байдаг?

-Хүмүүс янз янзаар л хардаг байх. МАН-ыг хуучинсаг гэж хардаг хүмүүсийг буруутгах арга байхгүй. Гэхдээ МАН-ыг өөрчлөлт шинэчлэлийг зоригтой хийдэг гэж хүлээн зөвшөөрдөг хүмүүс ч бий. Ерэн оны ардчилсан өөрчлөлт шинэчлэл болох үед би есөн настай байлаа.

Тэгвэл тэр есөн настай хүү 27 жилийн дараа тэр хуучинсаг гэгдээд байгаа намын ерөнхий нарийн бичгийн дарга болчихсон байна. Харин 1990 онд Ардчилсан намын толгойд байсан хүмүүс бас тэндээ л байна. Тэр үеийн есөн настны хэд нь энэ намд эрх мэдэл, хариуцлага хүлээх албанд байгаа вэ.

Ингээд бодоод үзвэл МАН өөрчлөлт шинэчлэлийг хамаагүй хурдтай хийдэг нам гэж би хэлнэ. Ерээд оноос хойшоо хэд хэдэн үе солигдчихсон, социал демократ үзэл баримтлалаа тодотгочихсон, МАХН нэрээ анхны байгуулж байсан МАН нэрээрээ сольчихсон. Ер нь өөрчлөлтийг бол хамаагүй хурдтай хийж байна шүү дээ.

-Та НИТХ-д гурав дахь удаагаа төлөөлөгчөөр сонгогдлоо. Өнгөрсөн дөрвөн жилд цөөнхийн бүлгийг ахалж, Э.Бат-Үүл даргатай нэлээд тулж байсныг санаж байна…

-Нутгийн өөрөө удирдах байгууллага бол маш өндөр хариуцлагатай байгууллага. Иргэдийн хурлын гаргаж байгаа шийдвэрүүд шууд хүний амьдралд нөлөөлж байдаг. Тэр ч үүднээсээ Иргэдийн хурлын шийдвэр улстөрждөггүй, прагматик шийдвэр байх ёстой. Би НИТХ-д намаа олонхи байхад нь ажиллаж байлаа, цөөнх байхад нь ч бүлгээ ахалж ажиллаж үзлээ.

Сая бас бүлгийн даргаар ажиллаж байгаад ерөнхий нарийн бичгийн даргын албатай хавсарч хийхэд цаг хугацааны боломж бага байсан тул даргын ажлаа шилжүүлсэн. Э.Бат-Үүл даргыг шүүмжилж, багагүй тулдаг байсан нь өнөөх зарчимтай л холбоотой. Манай нам ч байна уу, өөр нам ч байна уу.

Худлаа дүр эсгэсэн байдалтай эвлэрч чаддаггүй. Түүнтэй зөрөлдөх болсон шалтгаан тийм асуудлаас эхтэй. НИТХ-ын шийдвэр хүмүүсийн амьдралтай шууд холбогддог байхад олон жил улс төр хийж, тийм тавцанд явсан хүн хотын дарга болсноор бодит байдлаасаа гажаад ирсэн.

Эрхгүй бид шүүмжилж, алдаа дутагдлыг нь хэлэхээс аргагүй болсон. Хотын парламент бол УИХ биш. Тэнд улстөржиж, ард түмэнд таалагдах гэж худлаа хэлж болдоггүй. Гаргасан шийдвэр болгон амьдрал ахуй дээр нь очиж тусдаг. Авлигачдыг чангаар дууддаг хүн өөрөө ч тийм байх ёстой. Тиймээс би ам ажлын зөрүүг нь нэхэх болсон. Хүүгийнх нь барилгын компани дээр хүртэл очиж, хөшигний ард байгаа дүрийг нь ил болгож эхэлсэн.

Гэвч бидний шүүмжлэлийг хүлээж авах байтугай үл тоож, асуудал байхгүй мэтээр ажлаа явуулсан. Дагалдагчдад нь хурал дээр усны саваар шидлүүлж, хэлж ярьж байгаа маань хад мөргөх мэт болдог байлаа. Олонхийн хүчиндээ дулдуйдаж, цөөнхөө үл тоосон. Уг нь энэ хүмүүс яагаад ингээд байна, ямар асуудал байна гэж анхаарч үзэхийн оронд Амарбаясгалангийн амнаас гарсан үг бүрийг эсэргүүцэх бодлого барьсан.

Энэ бүхэн тэдний алдаа байсан болов уу. Би зарчим барьж шүүмжилж явсан болохоос Э.Бат-Үүл даргын нас намба, улс төрд өнгөрүүлсэн цаг хугацааг нь хүндэтгэдэг. Түүнийгээ ч хэлдэг байлаа. Гэвч цөөнхөө үл тоож, хүч түрэмгийлсэн. Үүнийхээ горыг ч 2016 оны сонгуулиар хүртсэн.

-Олноороо хүч түрэмгийлж яаж асуудал шийддэгийг нийслэл гэлтгүй УИХ дээр ч харж байсан. Одоо АН-ынхан биш та нар тэгэх эрсдэлт нөхцөлд байна. Энэ талаар бодолцож байгаа юу?

-Бодохоор барах уу. Ер нь ямар ч үед сөрөг хүчний үгийг ард түмэн илүү сонсдог. Эрх баригчид ард түмэнд таалагдах, таалагдахгүй олон шийдвэрийг гаргахаас аргагүй байдалд орж байдаг. Сөрөг хүчний үгийг анхааралтай сонсох ёстой юу гэвэл тийм. Үгэн дотроос нь авахаа аваад явдаг.

Түүнээс дандаа улстөрждөг гээд үл тоогоод байж болохгүй. Манай намын дарга, УИХ-ын дарга М.Энхболд чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ сөрөг хүчнийхээ дуу хоолойг сонсч, хүндэтгэж ажиллана гэдгээ илэрхийлсэн. Тэр зарчмыг бид баримтлах болно.

Сөрөг хүчнийхээ үгийг дөрвөн жил сонсоогүй АН өнөөдөр ямар байдалтай байгааг бид харж байна. Ганц АН, МАН биш ард түмнээрээ, улс орноороо хохирчихоод сууж байна. Өндөр хүүтэй бондыг ямар ч төлөвлөгөө бодолгүй гаргаж, зарцуулалтын тал дээр сөрөг хүчний шүүмжлэлийг нэг ч тусгаж аваагүй. Сөрөг хүчний үг бүрийг аваад байх боломжгүй ч ажил хэрэгч саналыг анхааралтай сонсч, шүүмжлэлийг нь үйл ажиллагаандаа тусгах ёстой. Бид тэгж ажиллах болно.

-Нам албан тушаалтнуудыг шахаж ажиллуулж, хариуцлага тооцно гэдэгтэй санал нийлж байна л даа. Гэхдээ гишүүд, сайд албан тушаалтнуудад намаас шахалт үзүүлнэ гэхээр мөнгө босгоход шахалт үзүүлчих вий гэсэн айдас давхар байна. Гаалийн Х.Баатарыг намаас нь шахаад мөнгө босгуулсан гэдэг дээр генсек нь гарын үсгээ зурсан түүх бий?

-Улс төрийн нам хуульд тодорхой заасны дагуу гишүүд, дэмжигчдийн татвар, хандив, хураамжийн дэмжлэгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Хувь хэмжээ нь ч тодорхой. Энэ байдлаар намын санхүүжилт босч байдаг. Алдаа гарч байсныг үгүйсгэхгүй.

Бид илүү нээлттэй, ил тод зарчмаар ажиллана. Ер нь нам, олон нийтийн ажил гэдэг мөнгө гэхээсээ илүү чин сэтгэлийн ажил байдаг юм шүү.  Мэргэжлээрээ ажиллах, гэр бүл үр хүүхэд, найз нөхдөдөө зориулах цаг хугацаагаа улс төрийн үйл хэрэгт зориулан ажиллана гэдэг бас их сэтгэлийн хат шаардсан ажил байдаг.

Албан тушаалаа ашиглан мөнгө босгодог, албан тушаал зардаг, мөнгө хийдэг тэр байдлыг хаах ёстой. Манай намд албан тушаал зарж, нам дээрээ мөнгө төвлөрүүлж байгаа зүйл байхгүй гэдгийг би бардам хэлнэ.

-Өнгөрсөн сонгуулиар 60 тэрбум босгох төлөвлөгөөний талаар бичлэг явсан даа. Та түүнийг юу гэх вэ?

-Тэр бол сонгуулийн үеийн ядмаг зохиол байсан. Гэхдээ нэг зүйл тодорхой болж байна. Өнгөрсөн дөрвөн жилд АН өөрөө тийм схемээр ажиллажээ гэж. Нөгөө зүүдээ ярих гээд хулгайгаа хэлэв гэдэг шиг. Мэддэг, гардан хэрэгжүүлсэн хүмүүст ийм зохиол гаргахад амар байсан байх.

Сая болж өнгөрсөн АН-ын дотоод сонгуулиар юу болов. Сошиалд хүмүүсийн ил гаргасан тооцоогоор бол АН-ынхан дотоод сонгуулиараа 60 тэрбумыг босгочихсон байна лээ. Албан тушаалаар мөнгө яаж босгодгийг АН-ынхан төгс эзэмшжээ гэж ойлгогдохоор байна. Төрийн албыг хэн төрлийн алба болголоо доо. Бид ийм байдлыг даган дуурайж болохгүй.

-Гэхдээ нэг засаг солигдохоор бүх албан хаагчид солигддог бурангуй байдал газар авлаа. Сайд дарга нь яамай гэхэд энгийн мэргэжилтэн хүртэл ажилгүй болж байна. Завханы Идэрт гарсан хэрэг явдал ийм байдал хэрээс хэтэрсний баталгаа боллоо. Төрийн мэргэшсэн алба хаагчдыг дөрөв, дөрвөн жилээр солиод байх буруу биз дээ?

-Төрийн албыг мэргэшсэн, тогтвортой байлгах ёстой гэдгийг МАН сонгуулийнхаа хөтөлбөрт оруулсан. Үүнийг хатуу хуульчлахгүй бол аль нэг улс төрийн хүчин ялахаар төрийн албан хаагчдыг өөрчилдөг байдал байсаар байна. Завханы Идэр суманд 28 жил төрийн санд ажилласан эмэгтэйг АН-ын суманд ялсан дарга гарч ирээд өөрчилснөөр шоконд орж, түүнээсээ гарч чадахгүй байсаар амиа хорлосон эмгэнэлт хэрэг гарлаа.

-Энэ удаад АН-ын засаглаж байгаа газарт гарсан нь үнэн ч гэсэн тэр энэ гэлтгүй хольж, сольж байна. Тэгэхээр энэ байдлыг яаж өөрчлөх вэ. Намын харьяаллаас бус мерит тогтолцоогоор төрийн албаныхныг үлдээдэг болохын тулд яах хэрэгтэй вэ?

-Хуульчлахаас өөр аргагүй. Одоо Төрийн албаны тухай хууль хэлэлцэгдэж, хаврын чуулганаар батлах гээд явж байна. Энэ хуулийг олон талаас нь сайн бодож хийх ёстой. МАН-ынхан өөрсдөө гарчихаад өөрсдийнхөө хүмүүсийг үлдээхээр хуульчилж, хуулиар хамгаалах гэж байна гэж сөрөг хүчин ярьж байгаа.

Гэхдээ үүнийг өнөөдөр хуульчилж төрийн мэргэшсэн алба тогтвортой байх бодлогыг баталгаажуулж авахгүй л бол энэ цааш үргэлжилсээр байх болно. Монгол Улсын Ерөнхийлөгч ч хэлсэн үгэндээ хариуцлагыг хуульчлах ёстой гэсэн. Хуулиар баталгаажуулж явахгүй бол байнга ийм тогтворгүй байдал үргэлжлэх болно.

-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ ямар зарчмаар тодруулах вэ?

-Ерөнхийлөгчид намаас хэрхэн яаж нэр дэвшдэг талаар эргээд харахад 2013 онд намын дарга Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ гишүүн хоёр өрсөлдөж байсан. 2009, 2005 онд намаас нэг хүнийг буюу Н.Энхбаярыг нэр дэвшүүлж байсан. 2001 онд мөн нэг хүнийг өрсөлдөгчгүй нэр дэвшүүлж байжээ.

Голдуу намын дарга нарыг өрсөлдөгчгүй дэвшүүлдэг байсан нь харагдана. Энэ удаад хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгийг нам дотроо ярилцана. Намын жирийн гишүүд олноороо санал бодлоо хэлж байна. Нэлээд нь 2016 оны сонгуульд намаа үнэмлэхүй олонхийн ялалт байгуулсан намын дарга М.Энхболд байх ёстой гэж байгаа.

Бас УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг дэвшүүлмээр байна гэсэн санал зарим гишүүдээс ирсэн. Өөрийнхөө зүгээс албан ёсоор илэрхийлсэн хүн одоогоор байхгүй. Бид бүхий л саналыг тусган, судалгаанд үндэслэн намынхаа Бага хурал дээр асуудлаа шийднэ. Өөрөөр хэлбэл, манай Бага хурлын 310 гишүүн Ерөнхийлөгчийн сонгуульд хэн дэвшихийг шийднэ.

-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь тодорхой, цаашлаад намын дараагийн хуваарилалт Намын их хурлын талаар танай дотор яригдаад эхэлчихсэн байна лээ. Бүр арваннэгдүгээр сард гэж хүртэл тов сонстсон шүү..

-Монголчуудын дунд алаагүй баавгайн арьсыг арав хуваах тухай үлгэр бий дээ. Улс төрийн намын хувьд хамгийн чухал асуудал бол Ерөнхийлөгчийн сонгууль. Энэ том сонгуульд бид бэлтгэлээ сайн хангаж, сайн оролцох ёстой. Тэр ч утгаараа бүсчилсэн зөвлөгөөнүүдийг хийгээд явж байна. Түүнээс Намын их хурлын талаар яригдсан зүйл байхгүй.

-Өөрийг тань залуу Б.Даш-Ёндон гэж онцолсон байсныг харж байсан юм байна. Ахмадуудаасаа дуурайл авна биз?

-Б.Даш-Ёндон дарга намынхаа ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан 1992-1996 онд манай нам мөн төр барьж байлаа. Тэр үед бас л эдийн засгийн хувьд маш их хямралтай, дээрээс нь 72 гишүүнтэй буюу бүдүүн бүлэгтэй байсан. Нөхцөл байдлын хувьд өнөөдрийнхтэй адил гэмээр юм уу.

Тэр утгаар нь адилтгасан байж болох юм. Б.Даш-Ёндон дарга бол манай намын уураг тархи нь болсон гайхалтай хүн. Түүний үгийг үе, үеийнхэн сонсч, зөвлөгөөг нь авсаар ирсэн байдаг. Би ч гэсэн Б.Даш-Ёндон даргыгаа улс төрийн бодлогын зөвлөхөө болгоод өдөр тутмын бодлого, чиглэлээ зөвлөлдөөд явж байна даа. Энэ бас манай намын соёл, төлөвшил, үнэт зүйл юм да.

-Сонгуулийн дараагаас танай намынхан АН-ын хийсэн болгоныг үгүйсгээд, тушаал шийдвэрийг өөрчлөөд явсан. Ингэх шаардлага байдаг юм уу, сайныг нь үргэлжлүүлээд саарыг нь засаад явж болдоггүй юм уу?

-АН-ын Монгол Улс, МАН-ын Монгол Улс гэж байхгүй. Бид нэг л эх оронтой. Тиймээс тэгж бүх зүйл дээр хандаж, айхтар өндөр авсан зүйл гэж бодохгүй байна. Сайн зүйлсийг цааш үргэлжлүүлээд явуулах нь аль нэг нам гэлтгүй монгол хүн бүрийн үүрэг байх. Түүнээс АН-ын эхлүүлсэн зүйл гээд унагаадаг байж болохгүй.

Үүнийг манай намын нэрээр сонгогдсон хийгээд томилогдсон албан тушаалтнууд ч анхаарч ажиллах ёстой. Энэ бол улс эх орны эрх ашиг. Хэрэв асуудалд тэгж хандаж байгаа хүн байвал намын нэр хүндийг унагаж байна гэж хэлнэ. Дахин дахин хэлэхэд сонгогдож, томилогдсон бүх нөхөд эргээд МАН-ын өмнө үүрэг хариуцлага хүлээсэн гэдгээ ухамсарлах ёстой шүү.

-Төрд бизнесийнхэн бөөнөөрөө орж ирсэн талаар парламентаас парламентад ярьж шүүмжилдэг. Энэ талаар ууган намын залуу генсекээс бодлыг нь сонсмоор санагдчихлаа…

-Бизнесээ явуулахын тулд улс төрд орж ирж болохгүй ээ. Улс төрд орчихоод бизнес хийж болохгүй. МАН-ынхан бол мэргэшсэн төрийн хүмүүс гэж бид бахархан ярьдаг байсан. Тэр итгэл үнэмшил, байр сууриа олж авах ёстой. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Та мөнгө хиймээр байгаа бол бизнесээ хий.

Төрд ажиллаж байгаа бол төрийн албан тушаалтан гэдгээ ухамсарлаж ажиллах хэрэгтэй” гэсэн үнэхээр үнэн. Тэгж л ажиллах ёстой. Төр мөнгө хийдэг газар биш. Үүнтэй МАН-ынхан тэмцэх ёстой. Бид албан тушаалтан аливаа хэрэгт холбогдвол туйлын анхааралтай хандана.

Хэдийгээр шүүхээс гэм буруутай нь эцэслэн тогтоогдоогүй байхад бид хариуцлага хүлээлгэх боломжгүй ч томилсон хүнээ буруу зөрүү ажиллаж байгаа эсэхийг нь хянаж, шаардлага тавих хүмүүс байдаг юм шүү гэдгийг сануулчихъя.

 Эх сурвалж:baabar.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна