Д.Мөнхжаргал: Монгол хүн монголын баялаг

2017/04/17
“Монгол хүн” хүмүүжлийн аяныг санаачлагч, НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргалтай ярилцлаа.
 
-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Таны санаачилсан аян яг цаг үеэ олсон юм шиг санагдаж байна. Яагаад энэхүү аяныг санаачлах болсон бэ?
 
-Миний хувьд боловсролын салбарт 20 гаруй жил ажилласан. Энэ хугацаанд бид Монгол хүнээ бэлдэж чадаж байна уу? Бид хэзээ хэрэглэгч төвөөс үйлдвэрлэгч төврүү  шилжих бол? Монгол хүнээ бэлтгэхэд бид юун дээр алдаад байна вэ гэсэн асуултууд байнга сэтгэл эмзэглүүлж, хариултыг нь хайсаар ирсэн. Улс орны хамгийн чухал зорилго бол ирээдүйгээ бэлтгэх явдал байдаг. Даяаршиж буй энэ үед Монголчууд бид юугаараа ондооших вэ?  Дэлхийд Монгол хүнийг ямар үнэт чанаруудаар тодорхойлох вэ гэдэг өнөөдөр нийгэмд тулгамдсан томоохон асуудал болчихоод байна. Нөгөө талаасаа хувь хүний хөгжлийг арга билэг гэж авч үзье л дээ. Тэгвэл бид аргын талын танин мэдэхүйн мэдлэг боловсролыг илүү анхаарч, билгийн талын зүрх сэтгэлийн боловсрол, хүмүүжил, Монгол хүний үнэ цэнийг бий болгодог хүн чанарын боловсролыг орхигдуулаад байна гэж үздэг. 2016 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдоод энэ асуултуудын хариуг бодлогын түвшинд гаргаж шийдвэрлэхээр “Монгол хүн” аяныг  эхлүүлсэн.
 
-Хугацааны хувьд урт удаан үргэлжлэх юм байна. Тэгэхээр алсыг харсан, үр дүнд хүрэх нь гэсэн сэтгэгдэл төрж байна?
 
-Тиймээ. Энэхүү аян 2020 хүн хүртэл 4 жилийн хугацаанд 4 үе шаттайгаар хэрэгжинэ. Аянд нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын 623 байгууллага, 225 ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсролын 8 төв хамрагдана. Цаашлаад Монгол иргэнээ бэлтгэх цогц хөтөлбөр, бодлогыг боловсруулж, удаан хугацааны туршид тогтвортой хэрэгжүүлснээр үр дүнд хүрнэ гэж бодож байна.  
 
Аян маань сургуулийн өмнөх боловсролд ч адилхан түлхүү анхаарч ажиллах юм байна. Та СӨБ-ын талаар ямар бодолтой байдаг вэ?
 
Монголчууд бид Хүн болох багаасаа Хүлэг болох унаганаасаа гэж сургаж ирсэн. Үүнийг орчин үеийн шинжлэх ухааны хэллэгээр тайлбарлавал хүүхэд төрөхдөө 100 сая гаруй мэдрэлийн эстэй төрдөг ба секунд дутамд 700-1000 шинэ мэдрэлийн холбоос үүсч байдаг. 0-5 насанд хүүхдийн тархины бүтцийн хөгжлийн 85% орчим нь бүрэлдэж тогтдог. 3 нас хүрэхэд хүүхдийн тархины мэдрэлийн эсийн холбоос ойролцоогоор 1 000 их наяд буюу насанд хүрсэн хүмүүсийнхээс 2 дахин илүү үүссэн байдаг.  Асуудал шийдвэрлэх чадвар эзэмших үйл явц 10 сартайгаас 10 нас хүртэл хөгжиж, оргил үе нь 1,5 настайд бий болдог гэвэл эцэг эхчүүд маань гайхах байх. Тэгэхээр яахын аргагүй хүний хөгжлийн хамгийн чухал үе бол хүүхдийн цэцэрлэгийн нас гэж хэлж болно. Тиймдээ ч ямар хүн болох вэ гэдэг зан чанарын ихэнх хувиа энэ насанд олж авдаг. Байшинг барихдаа 10 давхраас нь эхэлж барьдаггүй шүү дээ. Сууриа сайн тавих юм бол тухайн байшин бат бөх чанартай болно. Түүнтэй адилхан чанартай боловсрол эзэмшүүлэхийн тулд сургуулийн өмнөх боловсрол, бага боловролд илүү анхаарал хандуулж, хүч хөрөнгө зарцуулах зүйтэй.
 
Үнэндээ сүүлийн үед залуус маань аялгуут сайхан монгол хэлээрээ ярьж чадахгүй, түүх соёл, уламжлал, ёс заншлаа мэдэхгүй нэг үгээр хэлэхэд улам л “европжиж” байна, Монгол хүн гэх ухагдахуун үгүй болох нь гэсэн шүүмжлэл, эмзэглэл хүн бүрт бий болж?
 
Таны хэлсэнтэй санал нэг байна. Цэвэр сайхан монгол хэл бол биднийг ирээдүй хойч үедээ өвөг дээдсийнхээ үеийн үед шигшигдэж ирсэн арвин туршлага, үүх түүх, соёл, ёс заншлыг дамжуулан өвлүүлэх цорын ганц хэрэгсэл шүү дээ. Монгол хэл маань тэр чигээрээ л хүүхдийн хүмүүжлийн арга ухаан гэж хэлж болно. Үг, өгүүлбэр бүрээрээ ухаарал хайрлаж, арга ухаан зааж байдаг. Бидний аав ээж “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэж эхэлсэн ажлаа шантралгүй дуусгахыг, “Хийвэл бүү ай, Айвал бүү хий” гэж зоригтой, зорилготой байхыг, “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэж хүнлэг, энэрэнгүй байхыг ярьж байгаа яриагаараа л сургаж байсан нь бидний зүрх сэтгэлд шингэсэн байдаг. Бүтэн сайхан монгол хэлээрээ ярихгүй, бичиг харилцаандаа элдэв моод, товчлол гаргаж харилцаад байвал дараагийн үед цэвэр баялаг хэлээрээ ярих нь улам багасаж, улам л товч, улам л утга агуулга дутуу зүйл өвлөгдөнө гэсэн үг. 
 
-Гэр бүлийн хүмүүжил гэдэг орхигдсон сэдэв болсон юм шиг ээ?
 
-Сүүлийн үед эцэг, эхчүүд маш их ажилтай, завгүй  болсон. Амралтын өдрүүдэд ч гэсэн ажиллах тохиолдол их байдаг учир хүүхдээ багшид нь л даатгаад орхичихдог болж. Тийм болохоор энэ том сул орон зайнд хүүхдүүд өөрсдийнхөө хүссэн зүйлийг л хийж байна. Дунд, ахлах ангид орсныхоо дараа өнөө хүүхэд алдаж, энддэг. Эцэг, эх нь ч хүмүүжүүлэх гээд хүчирдэггүй. Ийм  алдаа манай нийгэмд их ажиглагддаг. Үнэндээ байгууллагуудад ч гэсэн гэр бүлд ээлтэй бодлого дутагдаж байна. Тиймээс аяны хүрээнд Монгол хүүхдэд тохирсон хүмүүжлийн цогц хөтөлбөр боловсруулах, хүүхдийн зөв хүмүүжлийн тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, солилцох, багш-суралцагч-эцэг эхийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах, хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн үүрэг оролцоог дээшлүүлэх, хүмүүжлийн сөрөг үзүүлэлтийг бууруулах олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.  
 
-Дэлхий нийттэйгээ хөл нийлүүлэн алхах гэж манай улс хэрэндээ л хичээж байна. Хачин, чамин нэртэй олон ч сургалтын хөтөлбөрийг боловсролын салбарт нэвтрүүлдэг. Нэг талаараа зөв байх талтай ч манай улсын хөрсөн дээр буудаг нь цөөн юм шиг. Та түрүүн Монгол хүүхдэд тохирсон хүмүүжлийн цогц хөтөлбөр боловсруулах хэрэгтэй гэлээ. Энэ талаар жаахан дэлгэрэнгүй ярихгүй юу?
 
-Гадаадын сургалтын хөтөлбөрүүдийг оруулж ирж, туршиж, нутагшуулж болно. Гэхдээ Монгол хүнийг Монгол технологоор, Солонгос хүнийг бол Солонгос технологоор л бэлтгэнэ шүү дээ. Ийм учраас сургалтын хөтөлбөр, хичээлийн агуулга, сурах бичигтээ Монгол хүнийг бэлтгэх боловсролын философийг шингээж өгөх ёстой. Ингэхийн тулд эхлээд ямар Монгол хүн байх юм бэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй байх гэж бодож байна. Нөгөө талаар Монгол хүнийг бэлтгэх нь зөвхөн гэр бүл, боловсролын салбарын асуудал биш. Нийгэм соёлын хөтөлбөр, бодлогодоо ч үүнийг тусгаж урт удаан хугацаанд хэрэгжүүлбэл улс орон маань тогтвортой хөгжинө.
 
Хүүхдээ зөв хүмүүжилтэй болгохыг хүсч буй аав ээжүүдэд хандаж та юу хэлмээр байна вэ?
 
Хүүхдийг хүмүүжүүлэх нэгдсэн жор байдаггүй. Хүүхэд бүрийн онцлог өөр, эцэг эх бүрийн арга барил өөр байдаг. Тиймээс хүүхдийнхээ онцлог давуу тал, үнэт зүйлийг нээн илрүүлж түүн дээрээ түшиглэн хөгжүүлбэл үр дүнд хүрнэ. Нөгөө талаас хүүхэд том хүмүүсээс үлгэр дуурайл авч хүмүүждэг. Хүүхдэд хамгийн эрхэм хүн нь хэн байдаг вэ? Хамгийн үнэ цэнэтэй үлгэрлэл авч байгаа хүмүүс нь аав ээж, багш. Хүүхэд ихэвчлэн том хүмүүсийн хийж буй үйлдэл үг бүрийг дуурайж хүмүүждэг. Аав ээж та зам хөндлөн гарахдаа ногоон гэрлээр гарч байвал хүүхдүүд маань ногоон гэрлээр гардаг болно.  Ах эгч та хогоо хогийн саванд хийж байвал хүүхэд хогоо хогийн саванд хийдэг болно. Нийгэмд эргэн тойрных нь хүмүүс, найз нөхөд зөв үг үйлдэл үзүүлж байвал хүүхдүүд маань тэр зүйлийг дуурайн хүмүүжиж байдаг. Япон хүн ямар ч машины хөдөлгөөнгүй замд ногоон гэрлээ хүлээгээд л байдаг. Учир нь хаа нэгтэйгээс хүүхэд харчих вий гэж тэд эмээдэг.
 
Ярилцсан сэтгүүлч Т.Дашмаа


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна