УИХ-ын чуулганаар өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль /Оффшорын хууль/-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийг олонхийн саналаар дэмжиж баталсан.
Энэхүү хуульд Хөрөнгө орлогын мэдүүлэг өгдөг төрийн 37942 албан хаагч болон тэдний гэр бүл үр хүүхэд хамаатан садан төрөл төрөгсөд нэгдмэл зорилго бүхий этгээдийг хамруулж байгаа юм.
Тэгвэл уг хуульд орсон зарим нэг өөрчлөлтийн талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан дараах байдлаар байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.
Тэрбээр, “Нэгэнтээ батлах нь тодорхой болсон хуулийг та бүхний дэмжлэгтэйгээр ингэж өөрчлүүлж чадсан.
Энэ хуулийн дагуу жишээлбэл Баярын Нандин, Баярын Бадамханд, Сүхбаатарын Бат-Очир нар оффшорт байгаа дансаа хааж, хөрөнгөө татаж, үүнийгээ АТГ-д мэдүүлж байж С.Баяр Элчин сайдаараа, Сү.Батболд УИХ-ын гишүүнээрээ ажиллах боломжтой. АТГ-д мэдүүлсэн хөрөнгийг Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хууль, Татварын хууль, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу шалгах, хариуцлага тооцох бүрэн боломжтой.
С.Баярцогт мэдүүлэг гаргагч албан тушаалтан биш учраас Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хууль, Татварын хууль, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу түүнийг шалгах, хариуцлага тооцох бүрэн боломжтой.
Оффширчдод энэ хууль огт таалагдахгүй байгаа. Тэд хамаатан садан, төрөл төрөгсөд гэж ХАВТГАЙРУУЛСАН, ӨРШӨӨХ хууль боллоо гэж худал мэдээлэл түгээж байгаа бөгөөд хуулийг унагаахаар Үндсэн хуулийн цэцэд өгөхөөр бэлтгэж эхэлсэн байна.
Энэ хууль улс төрчдийн оффшор бүсэд данс нээх, аж ахуйн нэгж байгуулах эсэхийг зохицуулсан бөгөөд тэнд байгаа хөрөнгийг хэзээ байршуулснаас үл хамаарч Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хууль, Татварын хууль, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу шалгах, хариуцлага тооцох бүрэн боломжтой юм.
Бид ч энэ хуулийг оффшорчидтой тэмцэхэд яаж ашиглаж болохыг тунгаахгүйгээр эсэргүүцээд байвал Үндсэн хуулийн цэц дээр унагаах оффшорчдын санаархлыг дэмжсэн болох эрсдэлтэй юм” гэжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна