Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Д.Дорлигжав өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, “Монгол Улс нь Ерөнхийлөгчийн засаглалтай улс болох ёстой” хэмээн мэдэгдлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Д.Дорлигжав мэдээлийн үеэр, “УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд эхэллээ.
Миний хувьд Монгол Улс ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн засаглалтай ардчилсан улс болъё, энэ тогтолцоо руу шилжье” гэсэн байр суурьтай байгаа юм. Хуулийн төслийг ч боловсруулсан.
Ерөнхийлөгч нь ард түмнээсээ сонгогдлоо, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээ томилдог. Засгийн газар нь аймаг, нийслэлийн Засаг дарга нараа томилдог, тэр дарга нь сумын даргаа томилдог, чөлөөлдөг байх удирдлагын босоо тогтолцоог бий болгоё гэсэн үзэл санаагаар төслийг боловсруулсан.
Энэ тохиолдолд намууд хууль тогтоох үйл ажиллагаанд оролцоно. Гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаа улс төрийн намуудын нөлөөллөөс ангид болно.
Ингэж босоо удирдлагын тогтоолцоо бүрдүүлэхийн ач холбогдол нь боловсон хүчин, удирдах хүчнийг сонгохдоо ямар нэг үзэл бодлын ялгаагүйгээр, тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн менежер дарга нарыг томилдог, боломж олгоно. Итгэл дааж ажиллаж чадахгүй хариуцлага алдвал шуурхай халаад явна.
Одоогийн тогтолцоогоор нэг хүнийг чөлөөлөх гэж өчнөөн юм болдог, нэг нам хамгаалаад суудаг, фракц хамгаалаад суудаг гэх мэт зовлон нэлээн байдаг.
Энэ нь эцсийн дүндээ Монголын төр засаг асуудлыг хурдан шуурхай бодитой шийдэх, үйл ажиллагааны үр дүн нүдэн дээр хурдан гарч байх, төрийг үйл ажиллагааны зарчимч үйл ажиллагаа олон нийтэд ил тод болох, чанар сайжрах талтай.
Манай ардчилсан шинэ Үндсэн хууль үйлчлээд 30-аад жил болж байна. Аливаа улс оронд 30-аад жилийн давтамжтай нийгэм, эдийн засаг, улс төрийн томоохон өөрчлөлт явж байдаг. Амьдралын шаардлагаар тэгж гарч ирдэг. Энэ цаг үе нь ч болж байна.
УИХ-аас боловсруулж байгаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг эсэргүүцэж байна. Яагаад гэвэл нэгдүгээрт, давхар дээлтэй байхыг Үндсэн хуулийн хэмжээнд баталгаажуулахаар байгаа.
Одоо бол Үндсэн хуулийн цэцийн тайлбараар УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүний албыг давхар хавсраад явж байгаа. Гэтэл давхар дээлтэй байж болохоор төсөл боловсруулсан.
Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн нэлээд олон эрхийг Ерөнхий сайд руу шилжүүлэхээр заасан байна. Хүчтэй Ерөнхий сайдтай болно гэсэн яриаг үндэслэн хийсэн бололтой юм.
Өнгөрсөн 27 жилд Монгол Улс дөрвөн Ерөнхийлөгчтэй байлаа.
Төрийн ажил явдаггүй, боловсон хүчний бодлого оновчгүй, хариуцлагагүй хүмүүсийг тавьдаг, хариуцлага тооцож чаддаггүй, хөрөнгө мөнгөө оновчтой зарцуулж чаддаггүй, ууж иддэг, эргээд шалгаж чаддаггүй бүх шалтгаан дөрвөн Ерөнхийлөгчөөс болоогүй. Асуудал нь Ерөнхийлөгч нарт гэхээс илүү энэ парламентад суудалтай намууд, намууд дотор байдаг фракц бүлэглэл төрийн бодлогыг завхруулж, үймүүлж ирсэн.
УИХ-ын сонгуульд ялсан намын дарга нь Ерөнхий сайд болдог. Тэр хүнд нэмээд эрх мэдэл өгнө гэдэг маань намуудын эрх хэмжээг улам нэмэгдүүлж байна, боловсон хүчнийг улам үймүүлнэ гэсэн үг.
Тэгэхээр асуудлын мөн чанарыг зөв тайлж байж, зөв уншиж байж шийдлийг хийх ёстой. Өнгөрсөн 27 жилийн төрийн доголдол юунд байна вэ гэдгийг төсөл боловсруулсан нөхдүүд олж хараагүй байна.
Эрх баригчдын боловсруулсан төслийг би хардаж байгаа. Ерөнхийлөгчийг УИХ-аас томилдог болъё гэсэн юм явж байгаа.
Зургадугаар сарын 26-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг далимдуулж хойшлуулах, цаашдаа Ерөнхийлөгчийн сонгууль явуулахгүй байх далд санаа агуулж байх талтай. Ийм зүйл хийж болохгүй, тууштай эсэргүүцнэ.
Яагаад би Үндсэн хуулийн талаар бие дааж төсөл боловсруулахаар болов гэхээр энэ хуулийг батлалцаж явсан хүн. Энэ 27 жилд төрийн өндөр дээд албыг хашиж явсан, төрийн ажлын жаргал зовлон бэрхшээлийг өөрийн биеэр туулсан.
Ингэж явахдаа Үндсэн хуулиндаа байгаа системийн гажгийг олж харсан. Олон зүйлийг хийхийг оролдсон ч Үндсэн хуульд хүрээд тулж, гацаж байсан.
Одоо энэ зөрчлийг арилгах, Монгол шуурхай төртэй болох шаардлагатай. Амьдрал өөрөө шаардаж байна. Дэлхийн эдийн засаг, геофолитикийн орчин хурдтай өөрчлөгдөж байна. Бид дотроо хэрэлдээд суугаад байх боломжгүй.
Ийм учраас ард түмнээсээ сонгогдсон Ерөнхийлөгчөөр удирдуулсан Засгийн газартай ардчилсан Монгол Улс байх ёстой гэж хуулийн төсөл боловсруулсан” гэлээ.
Х.Онон
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна