Ганц дайчнаа ганцаардуулах муухай

2017/04/18
МАХН-аас УИХ-д цор ганц суудлыг авчирсан О.Баасанхүү гишүүнийг  намынхаа итгэл найдвар нь гэцгээдэг.  Гэвч үнэн хэрэгтээ гудамжинд үлдсэн намынхныхаа атаархал, хардалт сэрдэлтийн бай болсон уу гэмээр  мэдээллүүд цацагдах болж.  Энэ нь ганц дайчин О.Баасанхүүгийнхээ  талаар нэг ч  удаа өөдтэй үг  унагадаггүй намынх нь нөхдийн ярилцлагуудаас тодорхой харагдана.

Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн энэ өдрүүдэд УИХ-д намаа төлөөлж суугаа ганц гишүүний хувиар хамгийн хүндэтгэлтэй, эрэлттэй хүн баймаар. Гэтэл түүнийг тойрсон элдэв хардлага  үргэлжилсээр  байгаа нь сонин.

Эхлээд “Намаасаа гарч АН-ыг  бараадах нь,  МАХН-аас Ерөнхийлөгчид С.Ганбаатар нэр дэвшинэ”  зэрэг золбин мэдээллийн араас МАХН-ын аль нэг гишүүн нь тайлбар хийдэг. Жишээ нь УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ,  хуульч Э.Эрдэнэжамъян, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Шаравдорж нарын  хүмүүс  “О.Баасанхүү үзэл баримтлалаа дэмжиж байгаа бол бид нартай хамт байна, намаасаа явах эсэх нь хувь хүний асуудал”, “Намаасаа гарахгүй гэж итгэж байна, намаа  орхихгүй гэж итгэж байна” гэх  зэргээр хариулжээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд “намаасаа гарна” гэж  албан ёсоор мэдэгдсэн нь үгүй. Гэвч  ийм  хардлага түүнийг сүүдэр мэт дагаж, энэхүү мэдээлэлд нь  намынх нь нөхөд хэвлэлээр хариу барьж  дэврээсээр л.

Ерөнхийлөгчийн сонгууль ойртох тусам түүнийг дагасан хардлага  ихсэх төлөвтэй.

Тойргийнхоо иргэдийн ирүүлсэн өргөдлийн мөрөөр С.Зоригийн хэргийн  талаар мэдээлэл хийхэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ямар тохиролцоо хийв хэмээн жиг жуг  болцгоосон бол саяхан Монгол-Японы Парламентын бүлгийн даргын хувиар УИХ-ын даргын Япон улсад хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан нь намынх нь  нөхдийг “нойргүй хоноход” хүргэсэн бололтой.

Тэрбээр саяхан  “Шинэ төр-Сэргэн мандахуй”  хэлэлцүүлгийг  санаачлан Төрийн ордонд зохион байгуулсан. Монгол Улсын түүхэнд хувь нэмэр оруулсан эрхмүүдийг оролцуулсан тус хэлэлцүүлэгт намын  дарга Н.Энхбаяр л үзэгдээгүй.  Шинэ Үндсэн хуулийн асуудлаар хэлэлцэхдээ намынхаа даргыг уриагүй юу, урьсан ч үл тоов уу гэдэг нь бас л анхаарал тана.

МАХН дотроо нэгдсэн  байр суурьгүй, парламентад намаа төлөөлж байгаа ганц гишүүнээ хий хоосон хардахад хамаг цагаа зарцуулж байгаа  бол туйлын харамсалтай.

С.Начин


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна