​Н.Багабандийг хятадын тусгай албаны тагнуултай уулздаг байсан гэв

2017/04/18
Тагнуулийн ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Ж.Баатар "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орох үеээрээ Н.Баганбандийг 1993 онд УИХ-ын даргаар ажиллаж байхдаа хятадын тагнуултай уулздаг байсан гэх ноцтой зүйлийг ярьлаа. Тэрбээр тухайн үед Н.Баганбандийг тагнаж чагнасан гэх хэрэгт холбогдон ажлаасаа халагдаж байсан юм.

Энэ талаар Ж.Баатар ярихдаа, “Н.Багабандийг тагнасан хэрэгт би бол ямар ч холбоогүй юм. Яагаад уначихсан гэвэл тухайн үеийн Туул Жин Пан гэх компанид хятадын тусгай албатай холбоотой Ли Мо гэдэг эмэгтэй ажилладаг байсан юм. Энэ үед манай сөрөг тагнуулынхан тэр Ли Мо-г шалгаж байсан юм билээ.

1993 оны эхээр хилийн цэрэг, аюулгүй байдлыг хамгаалах байгууллагын хамтарсан зөвлөгөөн болсон юм. Тэр зөвлөгөөн дээр аюулгүй байдлыг хамгаалахынхан надад хандаж, “Та энэ хувьсгалт намынхныг хамгаалаад байна, энэ намын дарга Н.Багабанди хятадын тусгай албаныхантай уулзаад байна,  үүнийгээ та тайлбарлаж өгнө үү” хэмээн заал дүүрэн хүмүүсийн дунд асуулга тавьж байсан. Үүний дараа зөвлөгөөнөө дуусгачихаад ажил дээрээ очоод холбогдох улсуудыг дуудаж, байдалтай танилцсан. Тэгтэл тэр Ли Мо-г манайхан техникийн хяналтаар хянаж байсныг мэдсэн. Техникийн хяналтаар хянана гэдэг бол Ли Мо авгай хаашаа явна, хэнтэй уулзана тэр бүх уулзалтууд бичигддэг. Ли Могийн яриа бичигдэхээс гадна уулзсан хүн бүрийн яриа бичигдэнэ гэсэн үг. Яг тэгж техникийн ажиллагаа явуулж байсан үеэр Ли Мо Н.Багабандийн гэрт очсон байгаа юм. Тэгээд тэр бичлэгт Н.Баганбандийн яриа нь орчихсон. Цаасан дээр буулгасан бичлэгийг нь үзэхэд үнэхээр тэр Ли Мо-той уулзсан яриа байж байсан. Тэгэхлээр нь би Н.Багабандийн хамгаалалтад ажилладаг Галбадрах гэдэг ажилтныг дуудаж уулзсан юм. “Чи яагаад хятадыг их хурлын даргын өрөөнд оруулдаг юм, оруулах ёсгүй шдээ, чи мэдэж байгаа биздээ” гэж би асуусан. Үүний дараа хамгаалалтын ажилтан маань их хурлын дарга дээр очоод намайг буруу ойлгуулчихсан юм билээ. Ойлгуулахдаа, Баатар генерал Багабандийг тагнаж байсан мэтээр ойлгуулчихсан юм шиг байна лээ. Уг чанартаа би бол би Баганбандийг тагнаагүй. Ли Мог л тагнаж байсан. Энэ шалтгаанаар би Н.Багабандийг тагнасан хэрэгт уначихсан байхгүй юу” хэмээн ярьсан юм.

Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна