Сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд байгаа С.Зориг агсны хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэртэй холбогдуулж, Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ж.Батзандан байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр хэлэхдээ, “С.Зоригийн хэргийн асуудал дээр прокурор онцгой байр суурь барьж ажиллаагүйгээс болж гэм буруугүй хүмүүс хилсээр шийтгүүлчихсэн яваа гэж олон түмэн харж байгаа. Өөрөөр хэлбэл, С.Зоригийн хэргийг шийдвэрлэх явцад прокурорын хяналт хангалтгүй байсан гэж харж байгаа. Тагнуулын мөрдөн байцаагчийн дур зоргын үйлдлээр хэрэг тулгаж хүлээлгэсэн ийм явдал гадна талаасаа харагдаад байна. Үүн дээр прокурор онцгой анхаармаар байна. Сүүлийн үед прокурорын байгууллага цагдаажсан. Прокурорын удирдах албанд цагдаагийн хүмүүсийг тавьсан. Прокурор цагдаажихаар мөрдөн байцаагч нартаа хөтлөгддөг гэдэг асуудал байдаг. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж гэдэг хүн энэ асуудлыг зөвхөн ганцаараа яриад байна гэж битгий андуураарай. Хууль зүйн байнгын хороо болоод Хүний эрхийн дэд хорооны гишүүний хувьд энэ хэргийг би онцгой анхаарч байгаа шүү. Тагнуулын нэг нөхрийн заавраар, мафийн бүлэглэлийн захиалгаар С.Зоригийн хэрэгт ял тулгаж, хилсээр хүмүүсийг хэлмэгдүүлж шийтгэсэн гэдгийг бид харж байгаа. Үүн дээр прокурорууд хариуцлагатай хандаарай гэж хэлмээр байна” гэлээ.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна