Ч.Хүрэлбаатар: Долоон концесс төсвөөс гадуур, УИХ-ын гишүүдэд мэдэгдэхгүйгээр явж байгаа юм байна

2017/04/20

Эрх баригч МАН-ын “дотоод зодоон” туйлдаа хүрч байна. Хамгийн сүүлд төсвийн тодотголтой хамт гэнэт орж ирсэн долоон ширхэг Концессын гэрээний асуудал сөхөгдөж, улмаар улс төрийн тогооноосоо хальж нийгэмд дуулиан тариад байна.

Хачирхалтай нь яг ямар гэрээнүүд байгааг цаасан дээрээс албан ёсоор харсан, үзсэн УИХ-ын гишүүн цөөхөн байна. Энэ талаарх тодорхой хэмжээний мэдээллийг л сонссон бололтой юм.

Ингэж хэлэхийн учир нь төсвийн тодотголыг батлах үеэр Концессын гэрээний талаар мэдсэн гишүүд Төсвийн байнгын хорооны хурал дээр холбогдох албаны хүмүүсээс мэдээлэл авах гэж оролдсон байна. Энэ талаар Төсвийн байнгын хорооны хурлын үеэр хэн, юу ярьсныг товчлон хүргэе.

Ч.Хүрэлбаатар: 

-Одоо концессууд төсвөөс гадуур яваад байна шүү дээ, жагсаалтад байхгүй иймээ тийм ээ, нийтдээ хичнээн концесс байгуулагдав. Түүнийг та бүгд мэдэж байгаа юу. Яагаад гэвэл гадуур энэ чинь нэгд явж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг объект болгоноор нь, хэзээ, ямар Засгийн газрын шийдвэр гарч тэр концесс зарлах эрх өгсөн юм бэ, эсвэл хэн гэдэг сайд тэр эрхүүдийг өгсөн юм бэ. Тэрийг нэг бүрчлэн бүгдийг нь тайлбар өг. Тэгээд үүнийгээ бас бүгдэд нь Засгийн газрынх нь шийдвэртэй төсөвт суугаагүй, бүгдийг нь УИХ-ын гишүүдэд тарааж өг. Одоо надад нэг бүрчлэн тайлбарлаж өг. Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга З.Мөнх-Оргил  хариул.

З.Мөнх-Оргил: 

-Өнөөдрийн байдлаар Засгийн газрын төрийн өмчийн концессын зөвлөлийн жагсаалт батлах тогтоолын дагуу байгуулагдсан 38 барих-шилжүүлэх концессын гэрээ байгуулагдсан байгаа. Орон нутгийн хувьд бол барих-шилжүүлэх концессын гэрээ байгуулах эрхийг нь түр хугацаагаар хориглочихсон байгаа учраас орон нутгийн хувьд концессын гэрээ байгуулагдаагүй. 2016 оны наймдугаар сараас хойш байгуулагдаагүй байх учиртай. Хуулиараа хориглочихсон байгаа учраас. Засгийн газрын хувьд бол 2016 оны арванхоёрдугаар сард тогтоол гарсан. Үүгээр бол 2018 он хүртэл барих-шилжүүлэх концессын гэрээ байгуулахгүй гэдэг зарчмын шийдвэр гарсан учраас үүн дээр бол яахав, нэн шаардлагатай, улсын эдийн засагт зайлшгүй шаардлагатай тохиолдолд үүнийг тусгайлан авч үзнэ гэсэн шийдвэр гарсан байгаа. Тийм учраас шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш концессын гэрээ байгуулсан бол шинээр гурван гэрээ л байгуулсан байгаа. Гэхдээ тэрний жагсаалтыг би танд тусдаа өгье.

Ч.Хүрэлбаатар:

-Нэрийг нь хэл дээ. Гурав байгаа юм байна, концессын. Төсөвт бол ороогүй, тусдаа. Нэрийг нь хэл.

З.Мөнх-Оргил:  

-Яг концессын зөвлөлийн асуудлаар бол Үндэсний хөгжлийн газар хариуцаж байгаа. Бид нар Үндэсний хөгжлийн газраас ажлын шугамаар мэдээллийг нь авч байгаа л даа. Төсөвт туссаны хувьд бол.

Ч.Хүрэлбаатар:  -За, гурваа зарлачих. Тэр Үндэсний хөгжлийн газрын дарга гэж ямар хүн байдаг юм бэ. Тэр хүнээ дууд. Одоо би хэлье, одоо бид нар 2012-2016 онд өмнө нь гарсан бүх алдаануудыг эргүүлээд давтах гэж байна шүү дээ. Төсөв дээр яригдаагүй, хэн ч мэдэхгүй байгаа төсвийн энэ салшгүй бүрэлдэхүүн хэсэг болж явах ёстой энэ концесс алга болсон. Одоо Сангийн яамныхан үнэн ч яриад байгаа юм уу, худлаа ч яриад байгаа юм уу, мэдэхгүй гээд. Засгийн газрын хуралдаанаар орсон юм бол Чойжилсүрэн сайд аа, хариул одоо. Чойжилсүрэн сайд та Засгийн газрын хуралдаан дээр байсан бол тэр гурвыг нэрээр нь хэл. Засгийн газрын хуралдаан дээр та нар эрхбиш сууцгаадаг байлгүй дээ.

Б.Чойжилсүрэн: 

-Засгийн газрын хуралдаан дээр концесс байгуулах эрхийг нь өгсөн. Яг байгуулагдсан эсэхийг нь Үндэсний хөгжлийн газар хариулна.

Г.Жаргалсайхан: 

-Би Жаргалсайхан, Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга. Засгийн газар байгуулагдсанаас хойш дөрвөн гэрээ барих-шилжүүлэх төрлөөр байгуулагдсан байгаа. Авто зам дээр Сонгино сумаас Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135,5 км хатуу хучилттай авто замын төсөл, Завхан аймгийг Увс аймагтай холбох авто замын сүлжээний хэсэг байгаа. Энэ бол өмнө нь 2016 онд гэрээ нь байгуулагдсан, тогтоол нь гарсан. Тэгээд шинэ Засгийн газрын үед манай дээр гэрээ нь сая байгуулагдаад явж байгаа. Нийт төсөвт өртөг нь 211 тэрбум төгрөгийн өртөгтэй ийм төсөл байгаа. Хоёрдугаарт нь, Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто замын Шар  тээгийн уулзвараас Цогтцэций сумын төв хүртэлх 59,6 км хатуу хучилттай авто замын төсөл мөн 2016 онд тогтоол нь гарсан.

Ч.Хүрэлбаатар:  

-2016 оны хэдэн сард?

Г.Жаргалсайхан:  

-2016 оны 226 дугаар тогтоолоор батлагдсан байна.

Ч.Хүрэлбаатар: 

-Хэдэн сар вэ?

Г.Жаргалсайхан: 

-Дөрөвдүгээр сард.

Ч.Хүрэлбаатар: 

-Хуучин нь, тэр буянаараа болог. Шинүүдийг нь.

Г.Жаргалсайхан: 

-Гэрээ нь сая манай Засгийн үед байгуулагдсан байгаа. Нийт төсөвт өртөг нь 87,7 тэрбум төгрөгийн өртөгтэй ийм хоёр авто замын төсөл сая гэрээ нь байгуулагдсан. Шинээр эрчим хүчний салбарт хоёр гэрээ байгуулсан байгаа. Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам дэд станцын төсөл, цахилгаан дамжуулах агаарын шугамын дэд станц барих ийм төсөл байгуулагдсан, барих-шилжүүлэх төрлөөр. Нийт төсөвт өртөг нь 78,7 тэрбум төгрөгийн ийм төсөвт өртөгтэй. МАК компанийн гэрээ байна. 2017 оны 148 дугаар тогтоол, нэгдүгээр сард гэрээ нь байгуулагдсан ийм төсөл байна.

Хоёр дахь нь, Чойр дэд станцын өргөтгөлийн шинэчлэлийн төсөл байгаа. 2017 оны 103 дугаар тогтоолоор гуравдугаар сард гэрээ нь байгуулагдсан төсөл байна. Нийт төсөвт өртөг нь 77,7 орчим тэрбум төгрөгийн төсөл. Ингээд нийтдээ дөрвөн төсөл байгуулагдаад явж байгаа.

Ч.Хүрэлбаатар: 

-Концесс дээр нэртэй устай, энд  тэнд тийм юм хийе гэдэг шийдвэрүүд үүнээс өөр байгаа юу. Гэрээг дөрвөн юм байгуулсан юм байна шүү дээ, та. Өөр шийдвэр гарсан юмнууд байгаа юу. Мэдэхгүй байгаа бол, Жаргалсайхан дарга аа, мэдэхгүй гэж хэл. Засгийн газрын хуралдаан болгоны шийдвэрийг та мэдэж байгаа бол гараагүй гэдгээ итгэлтэй хэл. Мэдэхгүй бол та мэдэхгүй гэдгээ хэл.

Г.Жаргалсайхан: 

-Би нарийн сайн мэдэхгүй байна, манай Концессын албаны дарга хариулна.

О.Мөнхтөр: 

-Концессын албаны дарга О.Мөнхтөр байна. Таны асуултад хариулъя. Яг одоогоор гэрээ байгуулах эрх олгосон тэгээд гэрээ байгуулагдаж амжаагүй шинэ төсөл албан ёсоор байхгүй байгаа. Харин Засгийн газраас энэ төсөл нь нийгэм, эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой төсөл хэмээн үзэж уралдаант шалгаруулалт болон шууд гэрээний урилгыг тавьсан. Яг одоогоор эзэн нь тодроогүй, уралдаант шалгаруулалтын процессынхоо шатанд яваа гурван төсөл байгаа.

Ч.Хүрэлбаатар: 

-Нэрийг нь хэлчих. Гурав байгаа юм байна шүү дээ.

О.Мөнхтөр: 

-Тийм. Уралдаант шалгаруулалт нь явагдаж байгаа гэсэн үг. Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ортой IV төрөх эмнэлгийн барилгыг дуусгах концессын төсөл зарлагдсан байгаа.

Ч.Хүрэлбаатар: 

-Тус бүрд нь төсөвт өртгийг нь хэлээд байгаарай.

О.Мөнхтөр: 

-Ер нь төсөвт өртөг нь албан ёсоор концесс эзэмшигчээс эцсийн байдлаар батлагдаж ирээгүй байгаа. Урьдчилсан байдлаар бол хяналтын төсөв 21 тэрбум орчим төгрөгийн төсөвтэй.

Дараагийн төсөл бол Орхон-Дашинчилэнгийн замын төгсгөлөөс Мөрөн-Тариалан чиглэлийн замыг холбох 232 км замаас эхний ээлжинд 120 км замын төслийг, өмнө нь байгуулагдсан концессын гэрээ цуцлагдаад одоо шинээр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар зарласан байгаа. Энэ төслийн өртөг бол 70 орчим сая ам.доллар байх төлөвтэй. Өмнөх гэрээ нь тиймэрхүү гэрээ байсан.

Тэрний дараа зарлагдсан байгаа нэг төсөл бол Дорноговь аймгийн нутаг Дэлгэрэх сумаас Сайншанд сумыг холбосон 130 км хатуу хучилттай авто замын төсөл мөн зарлагдсан. Энэ гурван төсөл зарлагдсан байгаа юм.

Ч.Хүрэлбаатар: 

-Гурван төсөл явж байгаа юм байна. Уг нь энэ концессуудыг бүгдийг зогсоо гэдэг шийдвэрийг Төсвийн байнгын хороогоор 2016 оны төсвийн тодотголыг хийх үед маш тодорхой хэлсэн шүү дээ. Гэтэл одоо байгуулагдаад байгаа нь дөрөв, тендер зарласан нь гурав, нийлээд долоон концесс төсвөөс гадуур УИХ-ын гишүүдэд мэдэгдэхгүйгээр явж байгаа юм байна.

Б.Баттөмөр: 

-Концесс дээр нэг талд нь гарах хэрэгтэй. Tэр долоон концесс чинь 850-иад тэрбум төгрөг болчихсон явж байна шүү дээ. Энэ мөнгийг банкнаас хүүтэй нь авбал нэг их наяд руугаа явах нь байна шүү дээ. Яг энэ долоон концессоос чинь өнөөдөр Монгол Улсын эдийн засагт ач холбогдолтой юу байгаа юм бэ? Аль нь эдийн засгийн өсөлтийг дэмжсэн төсөл юм бэ? Энэ төслүүдээс аль нь эдийн засгийн өсөлтүүдийг дэмжиж байгаа юм бэ? Үнэхээр энэ бол харамсалтай л байна. Үүнийг би үзэхийг хүсэж байна. Байнгын хороо энэ долоон концессын дөрвөн концессын гэрээ, гурван концессыг нь тендертэй холбоотой материалуудыг татаж үзэхгүй бол ийм салаагаар урсгачихаад тэгээд цаана нь очиж хүмүүсийн халаас руу, нийгмийн даатгалын шимтгэл, тэр хүн амын орлогын албан татварыг нэмнэ гэдэг бол төвөгтэй л асуудал үүснэ.

Ч.Хүрэлбаатар: 

-ОУВС-г хүмүүс муулаад байдаг. Гэхдээ энэ чинь маш тодорхой зөвлөмж өгчихсөн байна шүү дээ. Хуулиа шинэчилтэл нэг ширхэг ч шинэ концесс битгий байгуул. Байгуулсан бүх гэрээгээ зогсоо. Ийм үүрэг өгчихсөн байна шүү, энд.

Одоо байгаа долоогийн чинь шийдвэрийн дүн 500, 600 тэрбум гараад явчихаж байна шүү дээ. Хүүхдийн мөнгийг 60 хувь байсныг 40 хувь болгож хасаж байгаа, 80 тэрбум төгрөг. Нэгхэн концессын гэрээ чинь 80 тэрбум байна шүүдээ. Үүнийг бид нар юу гэж тайлбарлах вэ? Нэг цахилгааны шугам татсан ч яалаа, татаагүй ч яалаа. Хувийнбизнесийн компани руу. Бас ичиж амьдрах юмнууд бидэнд байна шүү дээ.

Б.Дамдин-Очир



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна