УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Энэ долоо хоног таныг өрөөтэй өрөөгүй гэх мэдээллээр эхэлсэн. Өнөө хэр нь өрөөний асуудал яагаад цэгцрэхгүй байна вэ?
-Энэ сарын 21-ний өглөө ажлын байрандаа 09.00 цагт ирсэн. Тухайн өдрийн 14.00 цагт Эрдэнэт хотын 35 цэцэрлэгийн эрхлэгчийг Төрийн ордонтой танилцуулах аар төлөвлөөд байсан юм. Гэтэл өдөр бүр нээлттэй байдаг төрийн туг нь хаалттай байсан. Ингээд 35 цэцэрлэгийн эрхлэгчээ өрөөндөө хүлээн авч уулзая гэтэл “өрөөгөө сулла” гэсэн. Гэхдээ хаашаа аль өрөөнд орох талаар ямар ч бичиг өгөөгүй. Ингээд би М.Энхболд даргын өрөөний үүдэнд коридорт ширээ сандлаа аваад сууж байх хооронд 111 тоот өрөөнд ор гэдэг бичиг өгч байгаа юм. Гэтэл тэр өрөөнд сууж байгаа АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нь өрөөгөө суллаагүй байна.
Тамгын газрынхны хэлж байгаагаар бол С.Эрдэнэ намын дарга болсон, даргын зөвлөлийн хурал дээр С.Эрдэнэ энэ асуудлыг тавьсан гэж надад тайлбарласан. “УИХ-ын Тамгын газрын даргатай хамтарч ажилла” гэснийг ердөө ойлгохгүй байгаа. Тамгын газрын дарга УИХ-ын гишүүнд үйлчлэх үүрэгтэй болохоос хамтарч ажилладаг газар биш.
-Сүхбаатарын талбайд гэр барьж сууна гэсэн асуудалд хариу өгсөн үү?
-Тамгын газраас танд гэр гаргаж өгөх боломжгүй 111-т ор гэдэг хариу өгсөн. Тэгээд нүүлгээчээ. Гурав хонолоо шүү дээ. Би Төрийн ордонд өрөө бөглөж суухын төлөө гишүүн болоогүй юм. Хулгайчуудтай тэмцэхийн тулд энд байгаа юм. Тэмцэж ч байгаа. Үүнийхээ төлөө элдвээр доромжлуулж, гүтгүүлж байна. Намайг өрөө мэтээр оролдоод байгаагийн цаад утга нь МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хүн нэр дэвшүүлэхгүй байх зорилго агуулж байгаа.
- Зааж өгсөн өрөөг нь сулархаар тэнд нь суучихаж болохгүй гэж үү. Ингэж эсэргүүцээд байгаа нь ямар учиртай юм бэ?
-Би УИХ-ын гишүүн болсноосоо хойш тав дахь өрөөгөө сольж байна. Анх гишүүн болоод тангараг өргөсний дараа Төрийн ордны буланд нэг жижиг өрөөнд орсон, дараа нь 321-т, дараа нь 2 давхарт Өргөдлийн байнгын хорооны өрөөнд, дараа нь одоо УИХ-ын гишүүн Дамба-Очирын сууж байгаа 1 давхарт, одоо хөөгдөөд байгаа өрөө бол 5 дахь нь. Миний эгдүүцээд байгаа шалтгаан бол яагаад 5 дахь өдөр надад өрөөгөө суллах талаар мэдэгдээгүй вэ, яагаад өрөөндөө 35 цэцэрлэгийн эрхлэгчийг хүлээж авч болно гэж Тамгын газар зөвшөөрчихөөд багш нар ирэхэд өрөөгөө сулла, оруулахгүй гэж байгаа юм. Тойргийн иргэдийн маань өмнө намайг ичгэвтэр байдалд орууллаа.
АН-ын дарга С.Эрдэнээс миний өрөөнд суух санал гаргасан нь үнэн эсэхийг өөрөөс нь асууна. Би зүгээр л тайван ажлаа хиймээр байна. MNC телевизийн сэтгүүлч орж ирээд өрөөнд алхаж үзээд тэдэн метр квадрат юм байна гэж мэдээлж байх жишээтэй. Тунгалаг тамир кинонд “Итгэлт баяны угаадсыг идээд хаа холдох юм бэ” гэж хэлдэг. Ингэж долдойдож явахаа больцгоох хэрэгтэй шүү дээ.
Нүдэн дээр хулгай хийх гээд байгаа нөхдүүдийн эрх ашиг дээр нь би гишгэчихээд байгаа юм. Ард түмэн үүнийг мэдэх хэрэгтэй. 700 тэрбумын концессын гэрээний асуудлыг би хамгийн түрүүнд ярьж байсан. Гэтэл ард түмнийг унтаж байх хооронд хар шөнөөр концессын хуулиа баталсан. Энэ мэт шившигтэй зүйлийг нь яриад байхаар “О.Баасанхүү өрөөний хэрүүл хийдэг жижиг гар юмаа” гэж ойлгуулах тоглолт хийж байна. Асуудал нь өрөөний хэрүүл хийж байгаадаа биш. УИХ-ын чуулганы хуралдаан дээр MCS компанитай холбоотой асуудлыг ярьснаас баас шээс, авлигачин, хоёр нүүртэн болгосон. Жишээ нь АН-ынхан эрх барьж байхдаа шоронд байсан охин 10 тэрбум төгрөг надаас нэхэмжиллээ гэдэг зохиомол тоглоом зохиож байсан удаатай. Би мэдэж байна. Монголын ард түмэн тэнэг биш. МАН-ынхан 65-уулаа тансаг байгаа. Гадаадад зугаалж, том машин хөлөглөсөн шиг яваа.
АЛБАН ТУШААЛ МӨНХ БИШ, АРСЛАН БАР ШИГ ААШЛАХ ХЭРЭГГҮЙ
-Таныг чуулган, байнгын хорооны хуралдаан дээр элдвээр хэлж, илт бөөрөлхөж, дээрэлхсэн өнгө аяс их харагдах боллоо. Ямар учир байна?
- Хүрэлбаатар намайг баас гэж дуудсан. Увсын хүн яагаад ингэж байгаа юм бол, Увс аймгаар овоглодог Баасанхүү начин бид хоёрыг хэлээд байна уу гэтэл сүүлдээ Увс хүн биш болж хувирч байна шүү дээ. Жудаггүй л хүний хэлдэг үг л дээ. Индэрт суучихаад кнопоороо дээрэлхдэг, үг хэлэх эрхийг нь хязгаарладаг нэг жижиг биетэй хүн байсан даа. Санах хэрэгтэй. Одоо МАН-ынхан, сайдын сэнтийд суусан С.Бямбацогт нар аархаж томроод хэрэггүй.
Албан тушаал мөнх биш. Намайг бол илтэд бөөрөлхөж байгаа. Нямбаатарыг хар, Бямбацогтыг хар. Боломж байвал зодчих гээд байгаа юм. Ингэж дээрэлхээд байгаа нь би доройдоо биш, эрх ашиг дээр нь гишгэчихээд байгаа учраас тэр. Хуульзүйн сайд болгон ийм болчихдог гэмтэй. Нямдорж Ж.Сүхбаатарыг боож унагаасан, Х.Тэмүүжин , С.Бямбацогт ялгаагүй. Хууль хүчний байгууллагыг гар хөлөө болгосон гэдэг бардам зангаар ханддаг. Намайг цаашдаа яаж ч гүтгэж, яаж ч хэлмэгдүүлж магадгүй. Би тэдний хувьд гарт нь орсон өргөс. Болдогсон бол “Монос”-ын Эрдэнэчимэг шиг хошин шог болгочих гээд үзээд байгаа юм. Иймэрхүү жижиг сенсаациар том хулгайгаа нуух гээд байгаа юм. Хууль зүйн сайд хүн ард түмний өмгөөлөгч байх ёстой болохоос арслан бар шиг байж болохгүй. Энэ хүний гарт хутга бий, сэлэм бий, бамбай бий. Би эд нарын хар номыг нь уншчихсан хүн. Хар ном гэдэг бол хар үйлдэл хийсэн хүмүүсийн тэмдэглэл.
-“Намайг яаж ч хэлмэгдүүлж магадгүй” гэлээ. Өнөөдөртөө хууль хүчнийг салбарыг гартаа атгасан хүнээс айхгүй байна уу?
-Энэ гурван жил юу ч тохиолдож болно. Эцсийн эцэст УИХ-ын гишүүн нь Хууль зүйн сайдаас айх юм бол ард түмэн үг хэлэхээс ч айна биз дээ. Айхгүй гэж хэлээд улстөрд орж, тангараг өргөсөн шүү дээ. Хэлмэгдүүлэхээс нь болгоомжилно, гэхдээ айхгүй. Иргэдийнхээ өмнөөс дуугарна, тэмцэнэ, хулгай хийх гээд байвал илчилнэ. Тэдэнд хүнийг харлуулах технологи бий. Өөрсдийнх нь эрх ашгыг хөндсөн хүнийг болж өгвөл авлигачин болгох буюу төмсөгдөнө, чадахгүй бол мэдрэл муутай, тэнэг мангар болгоно. Гурав дахь нь гуйлгачин болгоно. Энэ бол гуйлгачин шүү, битгий тоогоорой” гэх байдлаар. Ийм л технологиор нухчин дарах гэдэг хүмүүс.
- Та чинь Хуульзүйн байнгын хорооны гишүүн биш. Өчигдрийн хуралдаанд заалт бүрээр нь асуулт асууж хуралдааныг сунжруулах шиг болсон. УИХ-ын гишүүн Нямбаатар таныг хурал үймүүлэхээ боль, хуулиа унш гэх зэргээр шүүмжилж байна лээ?
- Байцаан шийтгэх хуулиа ч өгсөн бахь байдгаар нь оруулж ирээд хэлэлцүүлж байна. Өөрчлөх гэж байгаа юм бол жинхэнэ утгаараа хүний эрх талд нь өөрчил л дөө. Чадахгүй байна шүү дээ. Нямбаатарт “Хүн ямар байснаа санаж явах хэрэгтэй” гэж л хэлмээр санагддаг. Өнөөдөр би Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалт бүрийг нь асууна, засч залруулах саналаа хэлнэ. Мэдэхгүйдээ асуугаад байгаа юм биш. Шинэчилсэн гээд байгаа хуулийнх нь талаар олон нийт ямар ч мэдээлэлгүй байгаа учраас л асуугаад байгаа юм. Ард түмэн энэ хуулийг уншаагүй, нэг өглөө сэрэхэд л хууль батлагдчихсан байж байна.
Олон нийт хэвлэл мэдээллээс л багахан ойлголт авдаг. Ядаж нэг хүн заалт бүрийг нь асууж, ард түмнээ төлөөлж ярих ёстой биз дээ. Үүний төлөө л асууж байгаа. Нямбаатар намайг хуулиа унш гэж байна лээ. Би уншчихсан. Ард түмнээ төлөөлж асууж байгаа юм. Тиймээс Нямбаатар намайг доош нь хийх гэж хэрүүл хийж өрвөлзөхийн оронд ард түмэндээ хариулж байна гэж бодоод заалт бүрээ тайлбарлачихмаар байгаа юм. Нямбаатар ч гэсэн ард түмнийг төлөөлж энд суугаа учраас би хүндэтгэлтэй хандаж байгаа. Хувь хүнийх нь талаас бол зүгээр л нэг үзэгдэл гэж хэлнэ.
-Ярилцсанд баярлалаа.
С.НАЧИН
Сэтгэгдэл бичигдээгүй байна