Хүүхдээ хөхөөр хооллоогүй ээжийг торгоно гэдэг үндэслэлгүй гэв

2017/05/17
Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, УИХ-аар баталсантай холбоотойгоор эерэг сөрөг мэдээлэл олонтаа гарч байна. Уг нь хууль батлагдсанаар бага насны хүүхдэд зориулж эхийн сүүний оронд өгдөг хүнсний нэмэлт бүтээгдэхүүнд хяналт тавих боломж бүрдэнэ гэж үзэж буй.

Бага насны хүүхдийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хяналтгүйгээр үйлдвэрлэж, худалдалсанаар эхийн сүүгээр хооллох хүүхдийн үндсэн эрх зөрчигдөж байна гэж үзсэний үндсэн дээр хууль санаачлан баталсан гэх. Учир нь бага насны хүүхдэд тохиолдож байгаа хоол тэжээлийн дутагдал, рахит, жин буурах, давжаа биетэй болох зэрэг өвчнүүд нь эхийн сүүгээр хооллоогүйтэй холбоотой гэж үзжээ.

Тиймээс хуульд 0-6 сартай хүүхдэд хөхийн сүүнээс өөр ямар ч бүтээгдэхүүн өгөхгүй гэсэн заалтыг оруулсан байна. Хууль батлагдсантай холбоотойгоор хөхний сүүний банкуудыг төрөх эмнэлгүүдэд байгуулахаар болжээ. Худалдааны байгууллагууд хууль зөрчсөн тохиолдолд Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэх асуудал тусгагдсан байна.

Харин эхийн сүү орлуулагчийг эмчийн жороор олгоно, 0-6 сартай хүүхдээ хөхний сүүгээр хооллоогүй эхчүүдэд зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ зэрэг нь ор үндэслэлгүй худал мэдээлэл учир хуультай холбоотой мэдээллийг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр олон нийтэд өгөхөөр болжээ.

Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна