100 буудалт даамын УАШТ-ний нээлт Баянхонгорт боллоо

Өчигдөр 20 цаг 09 минут
Орон нутгийн онцлогоо тодотгох, олон нийтэд сурталчилах үүднээс Баянхонгор аймаг улсын чанартай томоохон тэмцээн уралдааныг шат дараатайгаар зохион байгуулж байгаа ба өнгөрөгч 4-р сард өсвөрийн улсын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнийг аймагтаа амжилттай зохион байгуулсан. Тэгвэл энэ удаад насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээнийг орон нутагтаа хийж байгаа юм.

Аймгийн Засаг даргын ивээл дор Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах шалгаруулах 100 буудалт даамын тэмцээнийг Монголын даамын холбоо, АЗДТГазар, аймгийн Даамын холбооноос хамтран Баянхонгор хотод энэ сарын 22-29-ний хооронд зохион байгуулж байна. Тус тэмцээний нээлт өнөөдөр аймгийн Баганат талбайд боллоо. Тус нээлтийн үйл ажиллагаанд даамын спортоор өндөр амжилт гаргасан азийн аварга, ОУ-ын хэмжээний мастер, спортын мастер зэрэг 28 тамирчин ирж оролцсон ба аймгийн удирдлагууд нутгийн иргэд олно өмнө тус тамирчдыг танилцуулж алдаршууллаа.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Г.Батжаргал оюун ухааны спорт болох хөлөгт тоглоомоор сүүлийн жилүүдэд Баянхонгор аймгийн хүүхэд залуус өндөр амжилт гаргаж байгааг онцлоод тэдгээр тамирчдаа дэмжих, томоохон түвшинд таниулах, идэвх зорилгыг нь эерэгээр үнэлэх зорилгоор тус тэмцээнийг өөрийн ивээл дор орон нутагтаа зохион байгуулж байгаа гэдгийг онцолсон юм. Тэмүжин театр, соого сейко сургуулийн авьяаслаг хүүхэд багачууд энэ үеэр өөрсдийн уран бүтээлээсээ үе үеийн даамчиддаа толилууллаа.

Тус тэмцээнд оролцож буй тамирчин Б.Мишээл, Б.Цэдэв нар энэ үеэр спортын мастерын эрхэм цол тэмдэг үнэмлэхээ гардаж авсан бол Баянхонгор аймгаас Б.Билгүүн, Г.Ринчэн нар спортын дэд мастер боллоо. Монгол Улсын Гавьяат Тамирчин, ОУ-ын хэмжээний мастер Э.Дөлийн нэрэмжит зэрэг тоглолтыг явуулсан нь хөлөгт спортод дуртай олон хүмүүст сонин содон сонирхолтой байлаа.

Долоон  өдрийн турш явагдах улсын аварга шалгаруулах тус даамын тэмцээний ерөнхий шүүгчээр Улсын шүүгч, спортын мастер Д.Чойжилсүрэн, шүүгчээр Азийн даамны холбооны ерөнхийлөгч, монголын даамны холбооны дэд ерөнхийлөгч Б.Бат-Эрдэнэ, улсын шүүгч, спортын мастер н.Энхтүвшин нар шүүн явуулах юм байна. Эрэгтэй 14, эмэгтэй 14 тамирчид тойргийн системээр тоглох ба Дэлхийн даамын холбооны албан ёсны цагийн хяналт болох 1цаг+20мин+30сек –ээр тоглолтыг хийх ажээ.

Баянхонгор аймагт болж буй 2017 оны улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцсон тамирчдын оноо зүйлсийг Дэлхийн болон Азийн даамын холбоон бүртгэлд орох ба үүгээрээ тамирчны чансааг тодорхойлж үнэлдэг юм байна. Ийнхүү Баянхонгор аймагт оюун ухааны их спорт болох хөлөгт тоглоомын шигшээ тэмцээн 7 хоногийн турш БТСГазарт явагдаж дүнгээ гарган 2017 оны даамын улсын аваргуудаа тодруулах нь. 



 

Эх сурвалж: Khongor.mn 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна