Олон улсын Олимпын хорооноос “Токио-2020” зуны олимпийн наадмын хөтөлбөрт спортын 15 төрөл шинээр багтаалаа. Швейцарын Лозанна хотод өчигдөр болсон ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн ээлжит хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцжээ. Хэдий спортын төрлийн тоог нэмэгдүүлж байгаа ч зуны 32 дахь удаагийн олимпийн наадамд оролцох тамирчдын тоо Риогийн олимптой харьцуулахад цөөрнө гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Токиогийн олимпийн наадамд хөнгөн атлетикийн төрөлд 4*400 м буухиа гүйлт, жүдо болон байт харвааны холимог багийн төрлүүд, сагсан бөмбөгийн 3*3 тоглолт, ширээний теннисны холимог хосын төрөл зэрэг спортын 15 төрөл шинээр нэмэгдэнэ.
Хэдий спортын төрөл нэмэгдсэн ч, “Токио-2020” олимпийн наадамд оролцох тамирчдын квот цөөрсөн байна. Тодруулбал, Риогийн олимптой харьцуулахад хөнгөн атлетикийн тамирчдын квот 105-аар, чөлөөт бөхийнх – 56, дарвуулт завь болон байт харвааны төрөлд тус бүр 30 квотоор цөөрчээ.
Ээлжит зуны олимпийн наадам 2020 оны 7-р сарын 24-нөөс 8-р сарын 9-ний өдрүүдэд Японы нийслэл Токио хотод болно. Урьдчилсан байдлаар наадамд 205 орны 12,500 тамирчин оролцох төлөвтэй байна.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна