Ятгачин Ч.Мөнх-Эрдэнийн эмчилгээний зардал бүрдэж, БНСУ-ыг зорихоор боллоо

2017/06/14
Монголын бахархалт хүмүүсийн нэг болох Монголын Угсаатны Хөгжмийн Товчооны тэргүүн, хөгжмийн зохиолч, соёл урлаг судлаач Д. Ганпүрэвийн эхнэр  Ч.Мөнх-Эрдэнэ ходоодны хорт хавдар тусаж гуравдугаар шатандаа орж бие сэтгэлийн хүнд байдалд байгаа талаар бид мэдээлсэн.  

Түүний БНСУ-д хийлгэх эмчилгээний зардалд нийт 240,000,000 төгрөг хэрэгтэй болсон тул өнгөрсөн удаад Д.Ганпүрэв элэг нэгт Монголчуудаасаа тусламж гуйсан юм.

Улмаар Алтай хамтлаг, “Сайн найз” бүлгэм хамтран Ч.Мөнх-Эрдэнийн эмчилгээнд зориулан "САЙН ҮЙЛСИЙН АЯН" арга хэмжээг зургадугаар сарын 10-ны өдөр  Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд зохион байгуулжээ.

Мөн энэхүү хандивын аянд Монголын Үндэсний Урлагийн Их Театрын дэргэдэх үндэсний их найрал хөгжмийн уран бүтээлчид 1,095,000 төгрөг буюу ажлын нэг өдрийн цалингаа, Уртын дуучин Октябрь дүүгийн нөхрийн санаачилгаар "Хүчит шонхор" ХХК-ны 235 түрээслэгч сайн үйлсийн аянд нэгдэж, 1.090.000 төгрөгийг хэмчилгээний зардалд хандивласан байна.

Тэгвэл сайхан сэтгэлт Монголчуудын хандиваар түүний эхнэрийн эмчилгээний зардал болох 240 сая төгрөг бүрдэж тун удахгүй БНСУ-ыг зорихоор болсон тухай баярт мэдээг бид авлаа.



Энэ тухай Д.Ганпүрэв, “Бичсэн зүйлээ эргээд уншхад цаг хугацаа зогсоод хөдөлсөн мэт сэтгэгдэл хааяадаа төрдөг шүү. Энэ удаад ч миний амьдрал бичгээр биш бодитоор түр зуурын завсарлага авах нь гарцаагүй боллоо.

Хань бид хоёрт хийж бүтээх зүйл зөндөө байсан. Энэ сарын 16-д Бөртэ хамтлагтайгаа нэгэн сайхан уран бүтээлийн клипэнд орохоор төлөвлөж бүх зардлаа шийдсэн байсан ч чиглэл нь хойшоо биш урагшаа эмчилгээний зорилгоор сонгогдсонд харамсаад баршгүй. Түүний эрүүл мэндийн байдлаас хамаарч улсын баяр наадмын тоглолтоос улс хооронд хийгдэх чамгүй хэдэн тоглолт цуцлагдлаа. Чойжин ламын сүм музей дээрх “Домогт нүүдэлчдийн дуу хуурын асар өргөө”-ний үйл ажиллагаа ч энэ жил үргэлжлэхгүй. Уран бүтээлээ идэвхижүүлэх зорилгоор миний бие ХБК-ын гол ажлаа буцааж өнөөдөр ханиа асрах зорилгоор Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаасаа сайн дураараа чөлөөлөгдлөө. Энэ бүхэнд харамсах өчүүхэн ч зүйл алга.

Өнгөрсөн амьдралаа умартаж бүтээж зүтгэхийн төлөө төрсөн мал мэт энэ амьдралд дэргэдэх ханиа хэр ядрааж байсныг одоо л ойлголоо. Амьдралын утга учир нь унахгүйг хичээж явахад биш унасан ч ахин дахин босох сэтгэлийн их хүчинд оршдог тул энэ удаагийн тохиолдолыг түр зуурын тэвчээр шаардсан завсарлага гэж ойлгоё.

Хүнд хэцүү цагт гүнээ тусалсан бүх хүмүүст баярлалаа. Бас бидний ар талыг дааж үлдэх ар гэр, чин сэтгэлээр зүтгэж байдаг үнэнч сайхан Сайн найзын бүлгэм, олон жил хамтран зүтгэсэн Бөртэ, Алтай хамтлагийн уран бүтээлч дүү нар болон Урлаг маркетинг ХХК, Хос Хас Принт ХХК, Үлэмж продакшн, Босоо Хөх Монгол бүлгэм, бид хоёрын төлөө цохилох зүрхтэй бүх найз нар, хамт олондоо маш их баярлалаа. Та нартаа зөндөө хайртай шүү.



Олон хүний сэтгэлийн их хүчээр миний хань бие сэтгэлийн зовлонгоос ангижирч улам төгөлдөржсөн их ятгач болноо гэдэгт итгэж байна. Болохгүй байсан ч хамаагүй. Би чинийхээ төлөө энэ амьдралыг зольсон ч чадна. Надад энэ хорвоод шунаад байх зүйл алга. Чи бид хоёртой хоёргүй Монголын урлаг хөгждөгөөрөө хөгжинө. Зуун жилийн дараа Алтай ятга, Тойрон бүжиг, Аху их ятгууд үлдэж бидний энгэрийн тэмдэг хэнд ч хэрэггүй археологийн жижиг олдвор болох байх. Энэ цаг үедээ хоёулаа сайхан амьдарч богинохон цаг хугацааг үр хүүхдүүдийнхээ хамтаар аз жаргалтай туулахыг би хүсэж байна. Олон түмний ерөөлөөр чи минь хурдан эдгэх болтугай” хэмээн цахим хуудастаа бичсэн байна.

С.Тэргэл
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна