Н.Номтойбаяр: 2018 онд тэтгэвэр, 2019 онд цалин нэмэх шийдвэр гаргалаа

2017/06/14
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар шуурхай мэдээлэл хийлээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр “2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газар санхүү эдийн засгийн хямралтай маш хүнд байдалтайгаар хүлээж авсан. 

Засгийн газрын хуралдаанаас өмнө Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын өгсөн чиглэлийн дагуу мэдээлэл өгч байна. Ерөнхий сайд Засгийг удирдаж эхэлснээр сайн үр дүнгүүд гарч эхэлсэн. Төсвийн орлого өмнөх 4 жилтэй харьцуулахад нэмэгдсэн. Эдийн засаг тэлж, төсвийн орлого нэмэгдэхийн хэрээр хамгийн чухал хөндөгддөг асуудал нь тэтгэвэр, тэтгэмж, цалингийн асуудал байдаг. 

Иймд өнгөрсөн даваа гарагт Хөдөлмөр нийгмийн зөвшлийн Үндэсний хороо хуралдсан. Хуралдааны үндсэн дээр 2018 оны нэгдүгээр сар гэхэд тэтгэврийг нэмэх шийдвэр гаргасан. 

Гэхдээ тэтгэврийг нэмэхдээ бага тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийг өндөр хувиар нэмэх, өндөр тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийг бага хувиар нэмэх зарчмыг үндэслэн ажлын хэсэг ажиллаж байгаа.

Хоёрдугаарт цалин нэмэх асуудал чухлаар тавигдаж байгаа. 2013, 2014 оноос хойш цалин нэмэгдээгүй. Цалин тэтгэврийн худалдан авах чадамж үнэхээр бага байгаа. 

Хүн амын орлогын 86 хувийг бүрдүүлж байгаа тэтгэвэр тэтгэмж, цалинг нэмж эдийн засагт ногоон гэрэл асч гарахын хэрээр төсвийн алдагдлаа нөхөх, тооцоолсноор тэтгэврийг ямартай ч нэмэх шийдвэр гаргаж байгаа.

Хэд орчим төгрөгийг тэтгэвэр нэмэхэд тавих вэ гэдэг чухал асуудал. Урьдчилсан байдлаар дунджаар 150 орчим тэрбум тэтгэврийг дээр хэлсэн зарчмаар нэмэгдүүлнэ. Цалин нэмэхэд чухал асуудал нь өнөөдрийн байдлаар төрийн албан хаагчдийн тоо 186,100 байна. 

Харин Монгол Улсын хүн ам 3.1 сая байна. Тэгэхээр бид цалин нэмнэ гэхээс илүүтэйгээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын Үндэсний хорооны төлөвлөгөөт ажлын хүрээнд 3.1 сая иргэддээ төрийн үйлчилгээ үзүүлэхэд хэчнээн төрийн албан хаагч байх ёстой юм бэ гэдэг тооцоо судалгааг гаргана. Өнгөрсөн 27 жилийн турш энэ тооцоо алдагдсан.

Тэгэхээр төр ямар ажлыг хийх вэ, ямар ажлыг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх вэ гэдгийг тооцно. Үүнтэй уялдуулж  цалин нэмж худалдан авах чадварыг дээшлүүлнэ.

Цалинг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө нэмэх боломж байхгүй. Гэхдээ бид цалинг нэмэх талын бодлогыг баримталж ажиллана.

Т.Очир
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна