Улиасны ‘’хөвөн’’ дайсан биш

2017/06/14
Та гадуур явахдаа хажуугаар чинь  хөвөн өнгөрөх, газраар нэг харагдах хөвсгөр, үсэрхэг зүйлийг ажигласан байх. 

Үүнийг харангуутаа л таны харшил чинь хөдлөх нь дээ гэж бодсон уу? Үгүй дээ. Эдгээр хөвсгөр зүйлүүд бол улиасны үр юм. Хэрвээ таныг ургамлын гаралтай харшил зовоодог бол та модны хөвөнгөөс айх хэрэггүй, учир нь улиасны үр харшил үүсгэдэггүй ажээ. 

Улиас нь байгалийнхаа жамаар хөвөнт үрээ цацаж, тэр нь газар унаж, байгальд дахин улиас мод ургадаг билээ.

Улиас модны цагаан хөвөнгөөс харшил үүсдэггүй

 Харин харшилтай хүний сэтгэхүйд үйлчилж, өдөөлт үүсч харшил нь хөдөлдөг. Харшил нь хамгийн түрүүнд сэтгэхүйтэй холбоотой бөгөөд улиасны цагаан хөвөнгөөр өдөөгдөөд шарилж, лууль гарсны дараагаар тоосонцроос нь хүмүүс жинхэнэ утгаар нь харшилдаг байна.

Улиасны унгирал буюу хөвөнг гаргахгүй зогсоох хэрэгтэй гэж мэргэжлийн бус олон хүмүүс хэлдэг ч энэ хөвөнг зогсоох аваас модод гундаж үхэхэд хүрдэг гэнэ.

Дашрамд дурдахад, тус хөвөн нь харшил өгдөггүй, харин ч харшил үүсгэгч бусад зүйлсийг өөртөө наалдуулж авдаг учраас хүний хамар ам луу орох нь элбэг байдаг аж. Хамгийн амархнаар модтой болъё гэвэл ердөө унгирлыг газарт булахад хангалттай гэнэ шүү.



Цагаан хөвөнгийн 80-90 хувийг механик аргаар багасгадаг

Эр модны улаан тоосонцор эм модонд бууснаар улиасны цагаан үр агаарт тархдаг. Энэ процессыг зогсоохын тулд эр, эм модны үрлэх мөчрүүдийг тайрч, засч хэлбэржүүлдэг. 

Жил бүрийн гуравдугаар сарын сүүлчээс дөрөвдүгээр сарын сүүл хүртэл хийдэг энэ ажлын үр дүнд цагаан хөвөнгийн гаралт 50-60 хувиар буурдаг аж. 

Гурван жилийн өмнөөс улиасны ногоон үр буюу молцог нь задрах гэж байх үед зургадугаар сард ишээр нь хайчилж авдаг болсон. Үүний үр дүнд Улаанбаатарт хийсэх цагаан хөвөнгийн 80-90 хувийг механик аргаар багасгадаг байна. 

Ямар модны тоосонцор харшил хөдөлгөдөг вэ?

Ялам, чидун жимсний модны тоосонцор  харшил хөдөлгөдөг.  Харин бидний адлаад байгаа эм улиас модны хөвөн харшил хөдөлгөдөггүй юм байна. 
Жилийн яг энэ үед ихэнх модод, өвснүүдийн тоосонцор агаарт явж байдаг. Нүдэнд харагдахгүйгээр шүү дээ. 

Тэгэхээр нүдэнд харагдаж хамарт мэдэгдэж орж байгаа хөөрхий улиасны хөвөнг л “дайсан”-аа гэж хараад байж болохгүй байгаа биз.

Үнэндээ эм моднууд бол хүчтэй агаар цэвэрлэгчид юм. Таны тайрсан нэг эм мод л гэхэд ойр хавийнхаа агаарыг харшил үүсгэгчдээс хамгаалж байдаг аж.

Хэрвээ та ургамлын тоосонцрын харшилтай бол: 

-    Гадуур өмсөж  явсан хувцсаа гэртээ ирүүт бүрэн сольж битүү шүүгээнд хийж байх. Мөн гэрийн хувцсаа өмсөхөөсөө өмнө  толгойгоо угааж хэвшээрэй.

-    Машин болон гэртээ агаар шүүгч байнга ажиллуулах нь танд багагүй нэмэр болно.

-    Харшил өгдөг тоосонцор агаарт тархах үед өөрөөр хэлбэл, салхи шуургатай байхад цонхоо хаах буюу тусгай шүүлтүүр тавих нь зохимжтой.

-    Угаасан хувцсаа гадаа бүү тавь

-    Гадаа салхи тогтуун, чийгтэй үед ургамлын тоосонцор агаарт хамгийн бага байдаг бөгөөд энэ үед тасалгаандаа цэвэр агаар оруулах нь зүйтэй

-    Амьдарч буй орчныхоо шарилж, луулийг тоосоо гөвөхөөс нь өмнө тайрч байх.

-    Машиныхаа цонхыг ямар ч тохиолдолд байнга сайн хааж байх

-    Гадуур явахдаа амны хаалт, малгай зэргийг өмсөж сураарай. Мөн зайлшгүй шалтгаанаар өөрт харшилтай ургамалтай ажиллах шаардлага гарвал чийгтэй маск зүүж байx.

С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна