Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барих нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн байна.
Хорь гаруй жилийн өмнө батлагдсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг зайлшгүй шинэчлэн найруулах шаардлага бий болсон. Монгол Улсын нийт хүн амын 46 хувь нь байнга оршин сууж, үндэсний нийт бүтээгдэхүүний 64.5 хувийг үйлдвэрлэж, улсын хэмжээнд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 68 хувь нь төвлөрсөн нийслэл хотын хөгжлийн үзэл баримтлалыг шинээр тодорхойлох, түүнд нийцүүлэн, эрх зүйн шинэ орчин бүрдүүлэх хэрэгцээ, шаардлагыг харгалзан, хотын дарга С.Батболд энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулсан билээ. Хуулийн төслөөр нийслэлийн иргэдээр хэлэлцүүлж саналыг нь авсан бөгөөд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн мөн дэмжлэг авсан юм.
Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ-аар хэлэлцэгдэн батлагдсанаар Улаанбаатар хот 1.5 сая хүн амтай дэлхийн 400 гаруй метрополис хотын нэгэн адил өөрийн тогтвортой үзэл баримтлал бүхий эрүүл, аюулгүй орчинтой, олон төвт суурьшлын тогтолцоонд суурилсан, иргэд, олон нийтийн оролцоонд тулгуурласан, стандартын өндөр шаардлагатай, сайн засаглалтай, олон улсад өрсөлдөх чадвартай томоохон төв болох эрх зүйн орчин бүрдэх юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна