Г.Доржзодовын амь насанд удаа дараа заналхийлсэн гэв

2017/06/15
Цагдаагийн албан хаагчид Хан-Уул дүүрэгт байрлах "Оргил" хотхоныг бүслэлтэд авсан байна. Тус хотхонд УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийнх байдаг бөгөөд тэрбээр Доржзодовыг гэртээ байлган хамгаалж байгаа гэнэ. Цагдаагийн байгууллагынхан энэхүү үйлдлээ Доржзодовыг хамгаалалтад авна хэмээн тайлбарлажээ.

Учир нь хуулийн дагуу хууль, хяналтын байгууллагынхан АНУ-ын иргэний гэрт зөвшөөрөлгүйгээр шууд дайран орох хориотой байдаг гэнэ. Энэ үеэр 60 тэрбумын бичлэгийг илчилсэн Г.Доржзодов цонхоороо мэдээлэл хийв.

Тэрбээр “Цагдаагийнхан хамгаалалт гаргана гэж худлаа хэлсэн. Өнгөрсөн жилээс эхлээд удаа дараа миний амь насанд заналхийлсэн. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн дөрөвдүгээр сард ТЕГ-аас баривчилж, 133.1 дүгээр заалтаар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Хэрвээ намайг хамгаалж байгаа бол хотхоныг бүслэх нь утгагүй” гэлээ.

Хэрэг явдлыг эргэн сөхвөл УИХ-ын дарга М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын Монгол Улсын баялагийг барьцаалан мөнгө угаах, төрийн албан хаагчдын албан тушаалыг худалдах, ард иргэдийн фэйсбүүк, твиттер хуудсан нууцаар нэвтрэх зэрэг хууль бус үйл ажиллагааны талаархи бичлэг өнгөрсөн сонгуулийн үеэр олон нийтэд ил болсон.

Тодруулбал, Г.Доржзодовыг Ц.Сандуй даргын зөвлөх гэх А.Ганбаатар “С.Зоригийн хэрэг шиг болгон шүү” хэмээн үргэлж дарамталж, хууль хяналтын байгууллагаар баривчлуулахыг завдаж байсан талаар Г.Доржзодов өөрийн нээсэн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байсан юм.

Хэргийн талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр “Цагдаа иргэн Г.Доржзодовын аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор хамгаалалтанд авсан байна. Ямар нэгэн баривчлах үйл ажиллагаа хийгдээгүй болно” хэмээн жиргэв.



Н.Батзаяа


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна