Сүхбаатар дүүрэгт 6300 нохой бүртгэлжүүлэв

2017/06/15
Улаанбаатар хотын ерөнхий менежерийн ажлын хэсэг байгуулах тухай тушаал, дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу эзэнтэй нохойг бүртгэлжүүлж, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх тарилга, туулгалт, ариутгал халдваргүйжүүлэлт хийв.

Бүртгэлжүүлэх ажлыг дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Овоот гол” мал эмнэлгийн эмч нараар ахлуулсан ажлын 4 баг, хороодын Засаг дарга нартай хамтран хэрэгжүүллээ.

Айл өрхийн нохойнд эмнэл зүйн үзлэг хийн эрүүл гарсныг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх вакцин хийж, хэвтэр болон орчинг нь ариутгаж паспорт нээн тэмдэглэл үйлдэж эздэд нь хүлээлгэн өгсөн юм. Мөн золбин нохдын тоог цөөрүүлэх, эзэнтэй нохойны тоог аюулгүй зохист түвшинд байлгах зорилгоор эр нохойг хөнгөлөх, эм нохойн өндгөвч боох мэс заслын аргын талаар зааварчилгаа өгч нохойн эздийн үүрэг, мал эмнэлэг, хороотой хамтран ажиллах талаар зөвлөлөө.

Ийнхүү дүүргийн хэмжээнд 11 хорооны 4288 өрхийн 6300 нохой бүртгэлтэй болов. Ажлын явцыг Нийслэлийн мал эмнэлгийн орлогч дарга М.Түмэннаст, халдварт өвчин хариуцсан эмч Ц.Гантөмөр, дүн бүртгэлийн эмч Цэнд, “Бид тусалъя” ТТБ-ийн ажилтан Алтанцэцэг, Энхжаргал нар хянасан байна.
Б.Хэрлэн 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна