“Эго”-гоо хөгжүүлэх дасгал буюу твиттер, фэйсбүүк

2017/06/17
Хорин нэгдүгээр зуунд саран дээр амьдрана…сансраар зугаалж ангараг дээр оройн хоолоо иднэ… гэх нь холгүй нэг л үлгэрийн хорвоод амьдарч “комунизмд” хүрэх зууны тухай яриа байдаг байлаа. Гэтэл өнөөдөр бид өнгөрсөн зуунд “Лунаход” гэдэг бүрхээр шиг хэлбэртэй нисдэг тогоо тэртээд гэрэлтэх саран дээгүүр явсан гэхээс өөр дурсамжгүй шахуу л өнөөх хорин нэгдүгээр зуунд амьдарч явна.

Бид бүгдийн мөрөөдөл социализм, комунизм балран унаж бүгдээрээ харин зах дээр гарсан. Хог дээр гараагүй харин зах дээр л гарсан! Зах дээр бүх юмыг худалдаж болно. Худалдан авч болно.

Зах дээр өөр хийх юм байхгүй. Нэг бол зарна нэг бол авна. Юуг ч зарж бас авч болно. Бүр албан ёсоор “ Зах , зээлийн эдийн засгийн” үед гэж ярина. Зах дээр гарсан улсад зээл гэж бас байх ажээ. 

Түүнийгээ их л гангаруулж Лизинг, Бонд, ломбард…гэх мэт гадаадаар нэрлэнэ. Үгүй одоо яах ч билээ нээрээ зах, эсвэл зээлийн нийгэм юм чинь. Газрын баялагаа олон улсын бирж (захын бас нэг ганган нэр) дээр арилжаад ай пи (зээлийн бас нэг ганган нэр)босгож байна гэж ярина. Жэймс Бонд биш Чингис Бонд гэж ганц урдаа баридаг их хааныхаа нэрийг барьж бонд хэмээх гадгаад нэртэй зээл авчээ янз нь. Халх голд байлдаж байсан дайсныхаа нэрээр Самурай гэж бас нэг бонд босгосон гэнэ. Монгол улсын 11 ерөнхий сайд 22 жилийн хугацаанд 2.2 тэрбум долларын зээл авсан бол энэ засаг 2.8 тэрбумын зээл авсан гэж бичээд байх болж. Нэрлэхээд нэрээ идэх биш дээ одоо яая гэхэв. 

Зах, зээл эхлэх үед амжиж зээл аваад тэр банк нь дампуураад хөрөнгөжсөн хүмүүс л одоо энэ зах дээр гол гол лангуунуудыг эзэмшиж байна шүү дээ. Зээл гэдэг нь их товчхон мунхаглан ойлговол маргаашаа зээлээр авч өнөөдрийг байгуулаад байшин, машин бүх юмтай болоод оронд нь өнөөдрөө өгч амьдрана гэсэн үг. Зээл авчихсан хүнд өнөөдөр гэж байхгүй болно. Мөрөөдөл зөрөөдөл хэрэггүй. Ажилгүй болвол амиа хорлоно. Маргааш ч байхгүй өнөөдөр ч байхгүй болсон хүн үхээд энэ олон маргааш нөгөөдрөөс зугтах ганц арга бий. Гэвч бас “Үйлийн үрийг үхэж бардаггүй, үрж бардаг” гэх.

Энэ тухай яриагаа ингээд цэглэе. Аягүй бол зарим нь энэ одоо хуучин социалист “шоронгоо” санаад байна гэх байх. Угаасаа л Зах ,зээлийн нийгэмд амьдарч байгаа юм чинь, зах дээр байгаа хүн шиг байцгаая.

Ийм зовлонтой болсон үед нүүрний ном буюу facebook. Twitter гэгч юм гараад ирлээ. 

Ер нь нөгөөх хорин нэгдүгээр зууны гол ололт нь Лунаход ч биш компютер юм шүү дээ. Билл Гэйтс гэж нэг нөхөр өнөөдрийн баячуудын тэргүүн эгнээнд явж жилдээ 100 сая доллар ч гэлүү хүмүүнлэгийн үйлсэд зарцуулдаг гэнэ. Стив Жобс буюу Стивын ажил гэдэг нэртэй нөхөр өнөөдөр бас л хүн бүрийн ажил болчихоод байгаа, энэ олон пад мад чинь түүний ажил, энэ интернетийн ертөнцийг анхлан хийж эхэлсэн хүмүүсийн нэг гэнэ. Ядаж нэрийг нь дуулаагүй хүн энэ дэлхийд алга.

Эхлээд сонин сэтгүүлүүд нэг нэгээрээ далдын хар малгай өмсөж эхлэв. Хаачваа гээд эртэл компютер дотор орчихсон байх аж. Сүүлдээ тэр орсныг нь уншаад шүүмжилж орхивол таны бичсэн юм бас түүн дотор орчихдог боллоо. “ Ээ энэ муу Баабар хэн бэ малаа” гээд л атаархал , уураа гаргаад үзсэн чинь өнөөх нь гарчих юм. Араас нь олон хүн дур дураараа бөөлжиж,чацга алдаж эхлэв. Гараад байнаа хө. Яахав нэр л гарахгүй юм даа би алаад өгсөөн хэмээн баясана. Тэгээд ийм нэг хачин далдын хар малгайтай юу дуртайгаа бурж болдог юм гарч ирээд олон ч хүнийг баярлуулж байтал фэйсбуук твиттэр гээд гараад ирдэг байгаа.

Марк Цукербэрг буюу мунхаглан махчлан орчуулбаас Чихэр уул гэх нэртэй залуу Харвардын их сургуулийн хэдэн найзтайгаа нийлж ийм юм 2004 онд зохиогоод орхитол дараа жил нь өнөөх нь 200 мянган долларт хүрч тэгээд энэ чихэртэй уул дэлхийг тойрон баглаж эхэлжээ. Зарим хүмүүс энэ бол Америкын тагнуулын сүлжээ энэ их олон зуун мянган тэра мэдээллийг агуулж байгаа хард диск тэнд л байгаа шүү дээ, тэхээр яавч нэг чихэржимсэн уулын хийдэг ажил биш хэмээн бичнэ…
За ингээд ёстой өнөөх хоосон чанарын ертөнц бий боллоо.

Өнгөрсөн зуунд бол булчингаа хөгжүүлэх дасгал нийтээрээ хийдэг байлаа. Өдөр үйлдвэрийн яндан дугарахад бүгд босч зогсоод радиогоор хөгжим явж нээг хоёр нээг хоёр одоо баруун тийшээ нээг хоёр гээд л гиманастик хийдэг байлаав шүү. Хоцрогдолоо гэж. Дарангуйлал, жинхэнэ дарангуйлал. Одоо бол тархиа гимнастикдах үе. Булчингаар юу хийх юм. Ямар жорлон ухадаг хужаа биш. Хуруу байхад хаваасаг гээд бүгд нэг нэг фэйстэй бас твитертэй болцгоож байна. Ялангуяа сонгуулийн үед энэ салбар маш хүчтэй идэвхижиж нууц баг ажиллана. Сонгууль дуусангуут өнөөх олон мянган лайк нь алга болчихно. 

Манайд анх фм радио гэж гарч ирэхэд их сонин содон байлаа. Харин ч фм радио өнөөх л ганц монголын радио гэх хүнгэнэсэн хоолойгоор яриад хүн айлгаад байсныг өөрчилж залуучууд өөрийнхөө хоолойгоор ярьж эхэлж хэн дуртай нь залгаж радиогоор нэвтэрдэг болов. Бас ч гэж түүнээс улбаалаад Өглөөний мэнд ,сайхан амарч байна уу гэх мэт соёлтой үг хэллэг эргэлтэнд орж эхэлсэн. Би их сайн санадаг юм нэг фмээр нэг хүн орж ирээд Хуц гэдэг юм байна. Гэтэл цаад хөтлөгч нь их л тэгш амгалан зан гаргаж “ Эрхэм сонсогчдоо манай нэвтрүүлэгт нохой хүртэл оролцож байна “ хэмээн хөнгөхөн маазруулаад цааш явж билээ.

Одоо харин хүн бүр би лаг гэдгээ ил зарлах сайхан боломж гарч ирлээ.

Нэттэй л байхад ер нь хүн шоронд ч байна уу гадаадад ч амьдарч байна уу хамаа алга. Хууль зүйн дэд сайд Интерполыг нэг кноп дараад л зогсоосоныхоо төлөө шүүхээр орж баларч байгааг бүгд харж сууна шүү дээ. Хурал хийхэд уулзах ямар ч хэрэг алга. Засгийн газар хөдөө явахаа эсвэл тэр дарга нар ордонд орж ирэх хэрэг алга. Скайпдаад л болоо. Ер нь энэ олон офисын хэрэг байгаа ч юм уу? Гэр гэртээ сууж бай л даа. Зохиолчид ном хэвлүүлж яадаг юм. Цахим хэлбэрээр л хийчих юм чинь. Тэгээд л нэг портал сайтад тавиад л болоо.

Ялангуяа өөрийгөө магтуулах дуртай өөрийгөө магтах дуртай Монголчуудад хүний эрх гэгч сайхан нээгдлээ шүү дээ. Би өөрийгөө яаж ч магтаж болно. Өөр хүмүүс магтвал өнөөх муу Эго чинь сайхан цадна. Муулаад байвал анфрэйнд хийчихнэ. Ёо ёо ёстой сайхан. 

Бид ер нь маш их эготой улс шүү дээ. Зүгээр нэг захаа Нарны титэм, Сарны титэм…гэх мэт аймаар том нэр өгнө. Зүгээр хааны титэм ч биш бүр нар, сарны титэм хэмээн дээш шиднэ. За тэгээд хараарай Grand plaza, Golden vila…гэх мэт дэлхийд байхгүй том нэртэй хороолол дүүрэн. Зүгээр л хүнсний захыг super market. ямар ч муухан дэн буудлыг motel гэх нь хол хэвтэнэ, Hotel л гэнэ. Ийм том нэр жагсаавал хэдэн хуудас болх биз. Өглөө босоод л эхлээд цай ууж гэдсээ цатагахаас өмнө фэйсээ онгойлгож Эгогоо ундаална. Би өч төчнөөн дагалдагчтай юм чинь хэмээн баясаж их маадгар явна. Пэйж гээч юманд бол бүр хэдэн хүн орж харсан нь харагдах аж. 400 хүн орж үзсэн хирнээ 4 хөн лайк дарсанд гайхна. Сайн юмыг сайшаахаад ч өнөөх эго саад болно. 

Таж Махалын барисан хаан Шах Жахан хүүгийнхээ хавчилганд орж нэгэн ордонд хоригдоод ганцаардаж үхэх гэж байжээ. Тэгээд тэрээр хүүдээ ганц хүсэлт тавьжээ. Энэ нь их энгийн гуйлт байлаа. “ Надад хэдэн шавь өгөөч би өдөржин хийх ажилгүй Таж Махалын сүмийг ширтээд гунихарч үхэх нь би ядаж тэр хэдэн шавьдаа хичээл зааж байя хүүхдүүд шүү дээ” гэж гуйжээ. Хүү нь зөвшөөрч гучь гаруй хүүхэд өгсөн байна. Тэр цагаас хаан эцэг ихэд жаргалтай болж урт удаан насалж тэр гэрийн хориондоо насан эцэслэсэн гэдэг. Яагаад гэвэл түүний Эго өлсөж үхэх гэж байсан бөгөөд олон хүүхдэд юм зааж тэднийгээ загнаж зандарч хаан зан нь эргээд сэргэсэн байх юм. Багш болгон жижиг хаан шүү дээ. Тэхээр бид Эгогоо хооллох үй олон шавь нартай болжээ. Айн Рэндыг дуурайх гээд ч яахав тэр чинь хуучин зууны ядарсан арга. Эгогоо цатгах гэж тоосго шиг зузаан ном бичиж зовох хэрэг юу байгаа юм. 

Уг нь бурхан багшийн бүх сургааль Эгогоо хэрхэн номхотгох тухай юм уг нь. Эго гэдэг латин үг бөгөөд “би” гэсэн утгыг илтгэнэ. Бид анх оросуудаас л эгойст гэж амиа хичээгч , бусдыг үл тоогч, биеэ тоогч гэж сонсож мэдсэн. Энэ талаар бүхэл бүтэн номлол философи бий. 

За да тэр ч тэр бүр хамбасын юм . Одоо чинь бид зах ,зээлийн нийгэмд амьдарч байна. Тартагтаа тулах болоогүй шүү хө. Тартагтаа тулсан хүн гэгээрдэг юм гэнэ лээ. Нэр нүүрээ зах дээр зараад байцгаая та минь ээ. Нэрэлхээд нэрээ идэх биш гэж бас л зах зээлд таарахгүй үг. Нэрэлхээд яадаг юм нэрээ зараад эхлэх хэрэгтэй шүү дээ. Эгогүй хүн гэж нэг ч байхгүй. Эгогоо хөгжүүлцгээе. За ингээд Цэнддоод атаархах хэрэг алга боллоо . Цукэрбэргийнхээ босгосон чихэруул дээр хашгираад байя. Зах дээр нүүрний номоо бариад үсрээд байгаарай. Ямар хог дээр үсэрсэн биш. Зээл аваад үрээд байгаарай. Ийм нийгэм юм чинь. Хүн чамайг тоохгүй бол чи өөрийгөө тоо. Баясаад байгаарай багачуудаа!

Д.Төрмөнх, 2013-3-13


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна