Дэйл Карнегийн тухай

2017/06/18
Дэйл Карнегийн, сэтгэлээ барьж, өөдрөг тэнүүн яв гэсэн зөвлөмжийг мөрдлөг болгох ёстой хүн гэвэл Дэйл Карнеги (1888-1955) өөрөө байлаа.

"Найз нөхдөө өөртөө татаж, бусдад нөлөөлөх ёсон" номоо хэвлүүлж өөрөө өөрийгөө авч явах сургаалыг номлогч болох хүртлээ тэр бараг хийж оролдсон юм бүхэндээ ажил мэргэжилдээ ч, ахуй амьдралдаа ч үргэлж бүтэлгүйтэж явсан гэдэг. Тэрээр дээр дурдсан номыг 1936 онд хэвлүүлсэн юм.

Карнеги их дээд сургууль дүүргээгүй ч мал маллаж, хичээл зааж, худалдаа наймаа хийж, жүжигчин, сэтгүүлчийн ажил эрхэлж, зохиолч ч болж юм юм оролдож үзсэн боловч оролдож үзсэн бүхэн нь бүтэлгүйтэж байв. 1929 оны хямралын харгайгаар хамаг хадгаламжаа алдаж, эхнэрээсээ салж уруудаж доройтно гэж юу байдгийг үзэхээрээ нэг болжээ. Энэ бүхэнд гуньж гутарсандаа амьдралаас уйдах явдал ч гарч байлаа. Гэвч үргэлжийн урагшгүй явдалтай тулгарч явсан түүний толгойд “Зарим хүмүүсийн ажил үйлс яагаад үргэлж урагштай сайхан байдаг байна? Ингэж өөдрөг сайхан аж төрөх арга зам нь юу байна вэ? ” гэсэн бодол төржээ.

Карнеги эцэст нь зүгээр л өөрөө өөртөө итгэх хэрэгтэй юм байна гэдгийг ухаарчээ. Ямагт өөдрөг байж, өөрийгөө зоригжуулах хэрэгтэй гэж тэр шийдлээ. Тэрээр олон жил өөрийгөө хянаж, хөгжүүлж, өрөөл бусадтай харилцах эрдэм ухаанд суралцаад энэ бүхнээ бусадтай хэрхэн харьцвал зохимжтой байдаг тухай өгүүлсэн номондоо эмхтгэн бичив.

Олны өмнө гараад ганц үг ч хэлэхээсээ ичдэг хүнд энэ нь тийм ч амар байсангүй. Гэвч тэр үнэхээр амжилтанд хүрч, түүний номнууд олон хэлээр орчуулагдан хэвлэгдэж нийтдээ 50 сая гаруйгаар борлогджээ. Түүний ингэж амжилтанд хүрсний үндэс нь шаргуу хөдөлмөр хийгээд ямар ч хүнээс сургамжтай зүйлсийг олж харах чадвартай нь холбоотой байсан юм.

Ийнхүү Карнеги хамгийн хүндтэй хүмүүсийн эгнээнд хүрч чадлаа. Түүний алдартай номнуудад Авраам Линкольн, Бенжамин Франклин зэрэг алдартнуудын хэлсэн үгний ишлэл, тэдэнд тохиолдсон бодит явдлаар жишээ татсан өгүүллэгүүд элбэг бий.

“ Эрүүл хүн эрүүл мэндийн тухай ном бичдэггүй болохыг би одоо анзаарч мэдлээ. Чухамдаа өвчтэй хүн л эрүүл аж төрөхийн сайхныг санагалзаж эхэлдэг юм байна. Мөн түүнчлэн анхнаасаа л боловсон харьцаанд суралцсан хүмүүс “ Найз нөхдөө өөртөө татаж бусдад нөлөөлөх ёсон” гэх мэтийн ном бичихгүй гэдэг нь надад ойлгомжтой болсон. Дэндүү олон удаа эндэж, алдаж, бүдэрч явсан болохоор би энэ бүхнээсээ сургамж авч өөрийгөө боловсруулж, үзэж дуулснаа эмхтгэж ном болгосон юм ” гэж Карнеги хэлжээ.

Уг ном анх хэвлэгдсэнээсээ хойш 15 сая хувь хэвлэгдэж хорьдугаар зууны хамгийн гүйлгээтэй номын жагсаалтанд орсон билээ.

Карнеги Миссурийн хөдөө нутагт төрсөн бөгөөд түүний жинхэнэ нэрийг Дэйл Карнагэй гэдэг байлаа. Хэдийгээр түүнийг төмөрлөгийн үйлдвэрийн эзэн Эдрю Карнегитай садан төрлийн холбоотой гэж цуу гарч байсан удаатай ч үнэндээ тэд огт хамаагүй улс.

Тарчиг ядуу амьдрал дунд өсөж торнисон Карнеги хүү өмч зүүсэн нэвсгэр хувцас ноохойрч хөглөрсөн орон гэрээсээ ичиж зовно. Гэвч түүний амьдрал үндсээрээ өөрчлөгдөхийн эхлэл нь 19-р зууны төгсгөлд Чокот хөдөлгөөний үед иржээ. Чокот гэдэг нь тухайн үеийн шашны хөдөлгөөн юм.

Чокотын номлогчид уран цэцэн үгээрээ цугласан олныг хэрхэн уярааж. Өөртөө татах чадвартай байгааг Карнеги олж анзаарчээ. Үүнд урамшсандаа тэр эцгийнхээ малын саравчинд үхэр малын өмнө лекц уншиж, үг хэлэх дадлага сургууль хийдэг болов.

Ингэж хэлэх дадлага сургуулилснаа бодит амьдрал дээр туршижүзэхийн тулд сургууль дээрээ зохиогддог мэтгэлцээний тэмцээнд хэд хэдэн удаа оролцсон боловч амжилттай болсонгүй. Гэвч шантралгүй оролцсоор амжилтанд хүрэх өдөртэйгөө золгожээ. Тэр цагаас хойш түүнийг ямагт амжилт дагах болсон юм.

Туулж үзсэн бэрхшээл зовлон бүхнээсээ суралцаад Карнеги нэгэн дүгнэлтэнд хүрчээ. Юу вэ гэвэл бүтэлгүй явдлуудтай тулгарч эхлэнгүүтээ шантарч болохгүй, айдсын эсрэг нүүр тулан тэмцэх хэрэгтэйг тэр ойлгосон юм.

Энэ бол түүнд хамгийн хэрэгтэй ухаараал байлаа. Карнеги анх үүргийн худалдаа эрхэлж байсан бөгөөд ёстой л гартаа таарсан бүхнээ худалдаж борлуулдаг байв. Энэ их хэцүү албын хамгийн хэцүү нь хүмүүстэй ярилцаж тохиролцож, бараагаа борлуулах явдал. Хүмүүстэй эвтэйхэн ярьчихдаг нэг нь бараагаа хавьгүй хурдан гүйлгэж чаддагийг Карнеги анзаарчээ.

Түрхэн зуур жүжигчнээр ажиллахдаа ч бас иймэрхүү юмыг анзаарчээ. Үдэш болгон нэг л тоглолтоо давтаж, цугласан олонд толилуулна. Ном сэтгүүл ч мөн адил. Хамгийн гол нь хүмүүсийн сонирхолыг татахад л байдаг ажээ.

Хэрэв хэлсэн үг, хийсэн хөдөлгөөн нь нэг л жигтэй санагдвал хүмүүс тийм хүний юуг нь ч хүлээн зөвшөөрдөггүй. Тиймээс өөртөө итгэлтэй ярих нь хамгийн чухал. Хэрэв үнэхээр өөртөө итгэлтэй байж чадвал юм бүхэн аяндаа л бүтээд ирнэ. Энэ бүхэнд суралцаж ирсэн Карнеги Христэд итгэгч залуучуудын холбоонд (ХИЗХ) чухам л хийж чаддаг ажлаа заах багшийн орон тоонд орлоо. Тэрээр “олны өмнө ярих урлагийн хичээл” заадаг болжээ.

ХИЗХ анхандаа Карнегийн чадварт төдийлэн итгэхгүй байсан тул түүний хөдөлмөрөийн хөлс өөрийнх нь хүссэн 2 долларт хүрэх учиргүй гэж үзжээ. Гэвч Карнеги ХИЗХ-ийн тэргүүнүүдийн анхаарлыг татаж чадсан тул тун удалгүй хоногт 30 долларын хөлс авдаг болжээ.

Түүний хүлээсэн гол үүрэг гэвэл суралцагсдыг олны өмнө гараад айж ичилгүй ярьчихдаг чадвартай болгоход л байсан юм. Энэ үүргээ тэр гарамгай сайн гүйцэтгэж өдөр ирэх тусам суралцагсдын олны өмнө гарч ярих чадвар улам сайжрах болжээ.

“Өөртөө улам итгэлтэй болъё гэвэл эхлээд өөртөө байдаг сайн чанаруудаа жагсаан бичих хэрэгтэй” гэж Карнеги нэгэн номондоо дурьджээ.

Ном бичих замналаа Карнеги анх “олны өмнө ярих” дадлага хичээл заах үеэсээ эхэлсэн бөгөөд янз бүрийн үлгэр түүх, үнэн бодит болсон явдал сэлтийг цуглуулан эмхтгэж номоо улам баяжуулсан юм.

С.Сувдансондор


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна