Дэлхийн хүн амын тоо одоогийн байдлаар 7,6 тэрбум байгаа бөгөөд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлөөс саяхан гаргасан судалгаагаар 2050 он гэхэд 9,8 тэрбумд хүрэх төлөвтэй байна. Судалгаанаас харахад, Энэтхэг улсын хүн ам 7 жилийн дараа Хятадынхаас илүү гарах бол Нигери улсын хүн ам 2050 он гэхэд АНУ-ынхыг гүйцэж, дэлхийд 3-т орох бололтой.
Түүнээс гадна дэлхийн хүн ам жилд 83 саяар өсч байгаа ажээ. Хэдийгээр дэлхийн хэмжээнд төрөлтийн түвшин буурсаар байгаа боловч хүн амын тоо цаашдаа тасралтгүй өсөх хандлагатай байна гэж судалгааг хийсэн мэргэжилтнүүд ярилаа. Өсөлтийн одоогийн байдлаар тооцож үзвэл, дэлхийн хүм амын тоо 2030 онд 8,6 тэрбум, 2050 онд 9,7 тэрбум улмаар 2100 онд 11,2 тэрбумд хүрэх төлөвтэй байна.
Өнөөдөр Энэтхэг улс 1,3 тэрбум хүнийхээ тоогоороо дэлхийд 2 дугаарт орж байгаа бол 2024 он гэхэд 1,4 тэрбум хүн амтай Хятад улсыг гүйцэх юм. Харин Нигери улсын хүн ам хамгийн эрчимтэй өсч байгаа бөгөөд 2050 он гэхэд Африкийн 26 орны хүн ам одоогийнхоосоо дор хаяж 2 дахин нэмэгдэх ажээ.
60 болон түүнээс дээш насны иргэд 2050 онд 2 дахин буюу түүнээс ихээр, харин 2100 онд 3 буюу түүнээс ихээр нэмэгдэх хандлагатай байна. Дэлхийн хүн амд эзлэх өндөр настнуудын тоо 2017 онд 962 сая байгаа бол 2050 онд 2,1 тэрбум улмаар 2100 онд 3,1 тэрбумд хүрнэ гэж дээрх судалгаанд дурджээ.
Эх сурвалж: Монцаме
Сэтгэгдэл бичигдээгүй байна