Улсын аварга С.Мөнхбатад зориулсан дуу гарчээ

2017/06/27
Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Монгол Улсын аварга Сүхбаатарын Мөнхбатад зориулсан дуу олон нийтийн сүлжээнд тавигджээ. Тэрбээр 1984 оны наймдугаар сарын 24-нд Баруунтуруун суманд төрсөн аж. Түүний аав Сүхбаатар гуай нутаг усандаа нэртэй сумын заан хүн. Мөн эцгийн талд аймгийн заан цолтой ч хүн байсан нь түүнийг удам дагасан бөх хүн гэдгийг батладаг билээ.



Тэрбээр 2003 онд Хилийн цэргийн дээд сургуульд урилгаар суралцахаар хотод ирсэн ч конкурсдаад авсан ШУТИС-ийн цахилгаан системийн инженерийн ангидаа орж суралцжээ. Улмаар өдөр болгон хичээл номонд дарагдаад барилдах зав гарах манатай болохоор нь дараа жил нь ааваасаа зөвшөөрөл аван “Шонхор” дээд сургуульд орж бөх болох замаа тавьсан нэгэн ажээ.





Хамгийн богино хугацаанд улсын аварга хэмээх эрхэм цолонд хүрсэн бөхчүүдийн нэг болох С.Мөнхбат аварга анх 2005 онд Сүхбаатар аймгийн наадамд үзүүрлэж аймгийн заан цол хүртэж байжээ. Улмаар 2009 онд Бүх цэргийн наадамд түрүүлж цэргийн арслан цол хүртдэг жилээ улсын баяр наадамд анх удаагаа барилдаж, тав даван улсын начин цол хүртсэн байна.

Дараа жилийн наадмаар зургаа давж, улсын харцага болсон бол Ардын хувьсгалын түүх 90 жилийн ойн баяраар 1024 бөх барилдснаас 10 даван түрүүлж, улсын аварга цол хүртсэн билээ. Тэрбээр улсын баяр наадамд нэг удаа түрүүлж, зургаан удаа шөвгөрсөн амжилтаараа өнөө цагт барилдаж буй аваргуудынхаа гуравт эрэмбэлэгддэг юм.

Ингээд улсын аварга С.Мөнхбатад зориулсан уран бүтээлийг хүргэе.

 


Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна