​Нэг литр усны үнийг хоёр төгрөгөөс ихгүй байхаар тогтоов

2017/07/04
Баянхонгор хотын иргэдийн ихэнх нь гэрийн хороололд амьдардаг. Унды усаа зөөврийн болон усан сангуудаас авч хэрэглэдэг.  Өнөөдрийг хүртэл дээрх усан сангуудаас иргэд нэг литр усыг гурван төгрөгөөр худалдан авч байгаа юм. Гэвч цагтаа онгойдоггүй, усны хүрэлцээ хангалтгүй байдаг зэргээс болж иргэд морин тэрэгтэй зөөврийг усыг нэг литрийг таваас зургаан төгрөгөөр худалдан авч хэрэглэж ирсэн байдаг.  Энэ байдал нь ундны усны эрүүл ахуйн асуудлыг иргэд сөхөхөд хүргэж, ус дагасан асуудлыг бий болгож байсан юм. Нөгөө талаар эдгээр усан сан, ус түгээх байруудад ус түгээгчээр ажиллаж буй иргэдийн нийгмийн баталгаа тааруу, цалин хангамж бага байдгаас үүдэн ажилдаа тийм ч таатай ханддагүй нь нууц биш. 

Нөхцөл байдлыг дүгнэж харвал Баянхонгор сумын гэрийн хорооллын иргэд эрүүл ахуйн хувьд тодорхой бус өндөр үнэтэй усыг хэрэглэж иржээ. Хот суурин бий болж, Баянхонгор сум улам бүр хүрээгээ тэлж, хүн амын тоо өсч буй энэ цагт дээрх асуудлыг нэг мөр шийдэх цаг үеийн шаардлага байсан. 21 дүгээр зуун, хотжилт, суурин иргэншлийн энэ цаг үед та бид морин тэрэгээр усаа зөөж, эрүүл ахуйн баталгаагүй ус ундандаа хэрэглэсээр байх уу гээд олон асуултыг энэ мэт байдлаас гаргаж болохоор.

Тэгвэл уг асуудлыг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцээд Аймгийн Засаг даргын А/492 “Баянхонгор сумын гэрийн хорооллын иргэдийн ундны усан хангамжийн талаар авах арга хэмжээний тухай” захирамж гарган нэг мөр болгожээ.



Баянхонгор аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэлийн 29 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.2 “а”, Усны тухай хуулийн 14.1.4 дэх заалтыг үндэслэн гаргасан уг захирамжаар Баянхонгор сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Баянхонгор сумын эзэмшилд байгаа ус түгээх байруудын ашиглалтыг “Чандмань-Баянхонгор” ХК-д хариуцуулахаар шийдвэрлэжээ.

Ингэснээр тус компани ус түгээх байр, усан сангуудын хэвийн үйл ажиллагаа, цаг ашиглалтыг сайжруулж, хоёр ус түгээх байрны дунд нэг ус түгээгч ажиллуулах замаар иргэдийн эрүүл ахуйн шаардлага хангасан, нэг литр нь хоёр төгрөгөөс илүүгүй үнэтэй ундны усаар тогтмол хангаж ажиллах юм.



Өөрөөр хэлбэл Баянхонгор хотын гэрийн хорооллын иргэд нэгдсэн нэг үнийн тарифтай, эрүүл ахуйн шаардлага хангасан усаар хангагдах юм байна. Эрүүл ахуйн шаардалга хангасан ус түгээхийн нэг чухал бүрэлдэхүүн хэсэг нь ус түгээх байрын орчныг цэвэр байлгах явдал. Тиймээс Чандмань Баянхонгор ХК-д ус түгээх байруудыг хариуцуулснаар орчны эрүүл ахуйг ч мөн хариуцаж, иргэдийн эрүүл ахуйг сахин хамгаална гэсэн үг юм. Мөн ус түгээх ажлыг гүйцэтгэж буй ажилчдын нийгмийн асуудал сайжирч, авдаг цалин урамшуулал бодитоор нэмэгдэх юм. Ажиллах орчин нөхцөл, нийгмийн асуудалд анхаарал тавьснаар ус түгээх байруудын ажиллах хугацаа тогтмолжиж, иргэд шаардлагатай үедээ усаа авахад амархан болж байна.

Дашрамд дуулгахад, иргэд ундны ус зөөвөрлөж, хадгалах саваа тогтмол цэрэвлэдэггүйгээс болж халдварт өвчний нян тухайн саванд үржих нөхцөл бүрддэг байна. Тиймээс иргэд ундны усны саваа тогтмол цэвэрлэж заншхыг МХГ-аас сануулж байна.
 
Эх сурвалж: khongor.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна