Өнгөрсөн 7 хоногт цагдаагийн байгууллагад 1780 дуудлага иржээ

Өчигдөр 14 цаг 00 минут
Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд иргэд, байгууллагаас цагдаагийн байгууллагад хандаж, нийт 1780 мэдээлэл, дуудлага өгчээ. Эдгээрээс гэмт хэргийн 77, зөрчлийн 1430, согтуугийн 417, зам тээврийн ослын 273, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 45 үйлдэл бүртгэгджээ. 

Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах  гэмт хэрэг багагүй илэрсэн бол хулгайн болон бусдын биед хүнд хөнгөн гэмтэл учруулсан хэрэг ч цөөнгүй бүртгэгдсэн байна.

Тухайлбал,“Хархорин худалдааны төв”-ийн орчимд сэжиг бүхий иргэнийг цагдаагийн алба хаагчид саатуулан шалгахад 20 настай "Г" гэгч залуу “Toyota Vitz” автомашины баруун хойд хаалганы салхины шилийг хагалж эд зүйл хулгайлсныг илрүүлэв. Мөн “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн түрээсийн газраас унадаг дугуйгаа хулгайд алдлаа” гэсэн мэдээллийг шалгахад түрээсээр унуулдаг “Green Bike” унадаг дугуйг Дорнод аймгийн  харъяат 44 настай "Ө"  гэгч хулгайлсан байв. Өчигдөр үдэш 18.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн “Бага наран”-гийн тавдугаар гудамжинд согтуу эр эхнэрээ хутгалж гэмтээгээд хэргийн газраас зугтсан хэрэг гарчээ. Эл хэргийг үйлдсэн О гэгч 32 настай, Багануур дүүргийн харъяат бөгөөд эхнэр Г-гийн зүүн хөлийн шилбэнд хоёр удаа, баруун хөлийн шилбэнд нэг удаа хутгалсан байв. Хэрэг үйлдэгчийг  эрэн сурвалжилж баривчлах үед цагдаагийн алба хаагч руу хутга гарган дайрч танхайрчээ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Х.Нэргүй


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна