Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн цахим бүртгэл эхэллээ

2017/07/25

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” зорилт болон Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эцэг эх, асран хамгаалагч, иргэдэд нээлттэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх, цахим бүртгэл-мэдээллийн нэгдсэн удирдлагаар төрийн өмчийн цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх хүүхдийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулахаар боллоо.

2017-2018 оны хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэж байгаа хүүхдийн бүртгэл цахим хэлбэрээр долоодугаар сарын 25-ны өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн наймдугаар сарын 24 -ний өдрийн хооронд явагдана. Бүртгэл tsetserleg.ulaanbaatar.mn цахим сайтаар явагдана.

Цэцэрлэгийн цахим бүртгэл эхэллээ

Эцэг, эхчүүд www.tsetserleg.ulaanbaatar.mn сайтаар орж, хүүхдийн регистрийн дугаарыг хийхэд автоматаар аль дүүргийн аль цэцэрлэгт хамрагдах тухай мэдээлэл гарч ирнэ.

Нийслэлийн боловсролын газраас гаргасан зөвлөмжид зааснаар 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдүүдийг л төрийн өмчийн цэцэрлэгт харъяаллын дагуу бүртгэх журамтай юм билээ. Тэгэхээр энэ жил онлайн бүртгэлээр 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүүхдүүдийг бүртгэнэ. Хэрвээ өнгөрсөн жил цэцэрлэгт бүртгүүлэхээр сугалаа сугалаад хамрагдаж чадаагүй бол ирэх наймдугаар сарын 10-наас харъяаллын цэцэрлэг дээрээ очиж, бүртгүүлэх боломжтой. 

Бүртгүүлсний дараа эцэг, эхчүүдийн гар утсанд бүртгэлийн тусгай дугаар ирэх юм байна. Иймээс утсанд мессежээр ирсэн бүртгэлийн тусгай дугаараа устгаж болохгүйг албаныхан анхаарууллаа. Учир нь уг дугаараар сугалаа явагдах юм.

Өмнөх хичээлийн жилийн суралцагчид, шинээр элсэх зорилтот бүлгийн хүүхдүүд болон тухайн цэцэрлэг 3-5 насны хүүхдийг шинээр элсүүлэн авах бол бүртгэлийг  хамтатган, уламжлалт аргаар 2017 оны 08 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд ажлын цагаар уламжлалт аргаар зохион байгуулагдана.

2016-2017 оны хичээлийн жилд  улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын  1354  байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас 46 хувь буюу 623 нь нийслэлийн нутаг дэвсгэрт байрлаж байна. 2016-2017 оны хичээлийн жилд нийслэлд сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих 2-5 насны 145917 хүүхэд байгаагаас төрийн өмчийн 216 цэцэрлэгт 77706, төрийн бус өмчийн 407 цэцэрлэгт 27379, нийт 623 цэцэрлэгт 105085 хүүхэд хамрагдаж хамран сургалт 72,0 хувьд хүрсэн. Өнгөрсөн хичээлийн жилийнхээс хүүхдийн тоо 12185, хамран сургалтын хувь 3.7-оор нэмэгдсэн дүнтэй гарчээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна