Ч.Саранзаяа: Д.Гантулга ''Энэ асуудлыг ингээд орхиод өгөөч ээ, би та хоёрыг гадаад руу гаргаж өгье'' гэсэн

2017/07/27
Өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хүчингийн хэргийн талаар АТГ-ын үүдэнд хохирогчийн эгч Ч.Саранзаяа болон өмгөөлөгч, хуульч М.Ичинноров нар мэдээлэл хийв.

Тэд "Шүүх эмнэлгийн дүгнэлтэд Д.Гантулга гишүүн санаатайгаар нөлөөлж, хуурамч дүгнэлт гаргуулсан гэх нотлох баримт бидний гарт байна. Тийм учраас АТГ-т хандан гишүүнийг болон Шүүх эмнэлгийн хүрээлэнг шалгуулах хүсэлт гаргаж байна” гэв. Мөн тэд АТГ-т хандаж гаргасан өргөдлөө оруулж өгсөн юм.


Хүний эрхийн хуульч өмгөөлөгч М.Ичинноров сэтгүүлчдэд хандан мэдэгдэл хийхдээ:

''Өнөөдөр бид яагаад АТГ-т хандаж байгаа вэ гэхээр УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбогдсон хүчингийн хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгоод хаасан. Бид дээд шатны прокурорт шалгуулах өргөдөл гаргасан байгаа. АТГ-д хандаж байгаа гол шалтгаан УИХ-ын гишүүний захиалгаар эд мөрийн баримт болон нотлох баримт устгасан байж болзошгүй, хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн байх ийм нөхцөл байдал үүссэн байж болзошгүй. Энэ ажилд Шүүх шинжилгээний хүрээлэнгийн удирдлагууд оролцсон байж болзошгүй гэсэн үндэслэлээр хандаж байна.

Хэрэг зургадугаар сарын 12-ны өдөр гарсан. Тэр өдрөө цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн өдөр цагдаагийн байгууллагын зүгээс эд мөрийн баримт болох ор хөнжлийн даавуу болон хохирогч бүсгүйн дотуур хувцсыг авч явж шинжилгээнд өгсөн байдаг. Шинжилгээний хариу 15-ны өдөр гарсан. Шинжилгээгээр “Эр бэлгийн эс хохирогч бүсгүйн дотуур хувцаснаас илэрсэн” гэсэн хариуг утсаар хэлсэн.

Түүний дараа буюу зургадугаар сарын 15-нд шинжилгээ хийсэн Даваасүрэн гэх эмч ажлаасаа чөлөө авч, түүний оронд Оюун гэдэг эмч томилогдож ажилласан байгаа. Ингээд бидэнд шинжилгээ хийгдсэн хариуг штрихээр дарж устган, дор нь өөр мэдээлэл тавьсан гэсэн мэдээлэл ирсэн. Үүний зураг бидэнд байгаа. Баянзүрх дүүргийн цагдаагаас ирж эд мөрийн баримт авсан. Тухайн эд мөрийн баримтаас арчдас авч, эр бэлгийн эс илэрсэн эсэхийг шалгахаар даавуу болон дотуур хувцасны хэсгийг шинжилгээнд явуулсан гэсэн үг.

Бидэнд устгасан гээд байгаа шинжилгээнд өгөгдсөн даавуу болон дотуур хувцасны жижиг хэсэг ирсэн байгаа. Шинжилгээнд явуулсан хэсгийг устгасан гэсэн ийм ойлголттой байгаа. Тэгвэл тэр хэсэг мөн бид нарын гар дээр ирсэн байгаа.  

Энэ хэрэг бол маш ноцтой гэмт үйлдэл, Шүүх эмнэлгийн шинжилгээний газар хийгдсэн. Иймд “АТГ хэргийн үнэн зөвийг тогтоож өгөөч” гэсэн өргөдөл өгч байна. Шүүх эмнэлэгийн үндэсний хүрээлэн авлига авсан байж болзошгүй бөгөөд гэмт хэргийн эд мөрийн баримтыг устгасан, зохион байгуулалтайгаар том гэмт хэргийн үйлдэл хийгдсэн байж болзошгүй нөхцөл байдалд хүрээд байгаа учраас ийнхүү шалгуулах гэж байна.

Хүчингийн хэрэг үйлдэгдсэн гэдэг нь олон талаар нотлогдоод байхад “Та өөрөө огцроод нэрээ татаж шалгуулаач ээ. Мөн ёс зүйн хувьд ч гэсэн уучлалт гуйгаач” гэж хэлсэн. Бидний зүгээс түүнд бас анхааруулсан. "Өшөө олон зүйл гаргаж ирнэ шүү” гэж хэлсэн. Гэтэл гишүүн өөрөө ямар нэгэн үйлдэл хийж, хариуцлага хүлээхгүй байна. УИХ-ын гишүүний хувьд нотлох баримт хуурамчаар үйлдэхэд нөлөөлсөн бол хүчингийн хэрэг дээр нь нэмэгдээд, эд мөрийн баримт устгасан, нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэсэн гэмт хэрэг нэмэгдэнэ. Мөн авлигын хэрэг нэмэгдэнэ. Тэгэхээр энэ хүний хавтаст хэрэг болон ялын хэмжээ л нэмэгдээд байна. Мөн энэ хэрэг энгийн нэг хүчингийн хэрэг гэж ойлгож огт болохгүй, нийгмийн маш том хэрэг юм. Яагаад гэхээр төрийн өндөр албан тушаалтанууд өндөр босготой болох, ёс зүйн асуудал, хариуцлагын асуудал зэрэг олон  асуудал хөндөгдөж гарч ирнэ. УИХ гишүүн гэмт хэрэг хийсэн үед яагаад шалгахгүй байна гэх зэрэг олон асуудал гарч ирж байна. Мөн энэ шүүх эмнэлэгийн шинжилгээний хүрээлэн дээр болсон асуудал нотлогдвол хуулийн байгууллагуудын авлигын хэрэг хөндөгдөнө. Ер нь маш том цэвэрлэгээ хийгдэх тохиолдол болно.

Мөн үүнтэй холбоотой хохирогч хамгаалах асуудал огт байхгүй байна. Гэрч хохирогч хамгаалах асуудал байхгүй. Бид мөн АТГ-д өргөдөл өгснийхөө дараа УИХ-ын дарга болон ерөнхийлөгчид хандан хүсэлт гаргана. Яагаад гэхээр иргэд маш их хүлээлттэй байгаа. Мөн гишүүний тойргийн иргэдээс бидэнд хандсан. Юу гэсэн вэ? гэхээр, УИХ-ын сэнтийд ийм хүмүүсийг залчихаад доромжлуулж суумаргүй байна гэсэн ийм асуудал маш ихээр ярьж байна. Мөн улс төрийн намын хувьд ч гэсэн хариуцлагатай хандах байх гэсэн хүлээлттэй байна.
 

Харин хүчиндүүлсэн гэх бүсгүйн эгч Ч.Сараназаяа хэлэхдээ:

''Дүү маань сэтгэл санааны байдал маш их хэцүү байгаа. “Энэ хэрэг ингээд шийдэгдэхгүй өнгөрөх юм шиг байна. Ер нь бол хэцүү болсон байна шүү дээ” гээд их хямарч, хүлээлттэй, их айдастай байна. Мөн манай дүү амиа хорлох гэж оролдсон. Энэ оролдлого хоёр дахь удаагийнх. Өмнө нь машиныхаа түлхүүрийг булааж аваад “Би үхнэ гээд” явсан. Энэ хугацаанд бид хоёр хоёулханаа л яваад байна. Тэрний дараа цагдаагийн байгууллагаар явж байх үед манай дүү гэртээ ганцаараа нэг удаа үлдсэн. Гэтэл дүү маань гарынхаа судсыг ханасан асуудал гарсан. Одоо бие нь гайгүй байна.

 

Миний энэ хэргийг шударгаар шийдүүлэх гэж тэмцэж байгаа минь сонгуульд огтоосоо хамаа байхгүй. Д.Гантулга гишүүний ард ямар хүмүүс ямар ажил хийгээд байгааг би мэдэхгүй. Хохирсон хоёр охин л байгаа шүү дээ. Д.Гантулга гишүүн өөрөө хэвлэлийн хурал дээрээ хэлсэн. “Би шалгуулахад бэлэн байна. Энэ хэрэгт эцсийн дүндээ нэг бол гүтгүүлсэн. Нэг бол хүчиндсэн гэсэн хоёр асуудал гарч ирнэ” гэж өөрөө хэлсэн. Надад Гантулгын "толбо" нотлох баримтаар байгаа. Тэрийг шалгуулахад гараад л ирнэ. Тэгэхээр “Ордонд хийсэн хэвлэлийн хурал дээрээ хэлсэн шигээ хүрч ирээд шалгуулчих, нотлох баримт байна” гэж хэлмээр байна. Мөн хуулийн байгууллага үнэн зөвөөр тогтоох байх.

Д.Гантулга гишүүн дөрвөн хоногийн өмнө найзаараа дамжуулан “Энэ асуудлыг ингээд орхиод өгөөч ээ, би та хоёрыг гадаад руу гаргаж өгье” гэсэн санал тавьсан. Би үгүй гэж хэлсэн.

Одоогийн байдлаар хууль хяналтын байгууллагаас ямар нэгэн хариу аваагүй байна. Гэхдээ ирэх долдолоо хоногт ямар нэгэн хариу авна гэж бодож байна.'' хэмээсэн юм. 

С.Тэргэл
 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна