"Аавуудын өдөр"-ийг 12 дахь жилдээ тэмдэглэх гэж байна

2017/08/04
 
“Айл гэрийн ноён нуруу өмөг түшиг аав хүний байр суурь, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдийнхээ хүмүүжилд үлгэр дуурайлал болсон олон зуун аавуудаар бахархах, хүүхэд аав хоёрын надин харилцааг бэхжүүлэх зорилгоор Монгол Улс жил бүрийн 8 дугаар сарын 8-ны өдрийг “Аавуудын өдөр” болгон тэмдэглэдэг билээ.
Энэ жил “Аавуудын өдөр”-ийг Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газар, Монголын эрэгтэйчүүдийн холбоо хамтран “Аавуудын оролцоог дэмжье” уриан дор зохион байгуулж байна. Энэ хүрээнд Нийслэлийн 9 дүүрэг, хөдөө орон нутгийн Гэр бүл хөгжлийн газруудад зорилтот бүлгийн аав нарыг оролцуулсан аав хүүдийн хөгжөөнт уралдаан тэмцээн, аав хүүхдийн харилцааны асуудлаар хэлэлцүүлэг ярилцлага, сургалт зэрэг олон талт ажлууд зохион байгуулахаар төлөвлөжээ.

“Аавуудын өдөр”-т зориулсан арга хэмжээг Багахангай, Налайх, Багануур дүүрэгт 8 дугаар сарын 5,6-ны өдрүүдэд, бүсад дүүрэгт 8 дугаар сарын 7-ны өдөр зохион байгуулах аж. Энэ тухай өнөөдөр зохион байгуулагчид Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийлээ.

Монголын эрэгтэйчүүдийн холбооны тэргүүн, хошууч генерал Я.Пүрэвдаш “Өнөөгийн Монголын нийгэмд гэр бүл салалт, хүүхдийн эсрэг хүчирхийлэл байсаар байна. Гадаадад олон жил ажил хөдөлмөр эрхэлсний улмаас хүүхдийнхээ хүмүүжил төлөвшилд анхаарах байдал суларсан цаг үед айл өрх бүрт аав нь хүүхэдтэйгээ хамт нэг өдрийг өнгөрүүлэх, бие биенээ ойлгох, хүүхдээ урам хайрлах, “Аав чинь чамайг хамгаална” гэдгийг мэдрүүлэх ухаарал хайрлах ач холбогдолтой” хэмээв.

Дашрамд дурдахад 1924 онд АНУ-ын Ерөнхийлөгч Калвин Кооллиж “Аавуудын өдөр”-ийг үндэсний хэмжээний баяр болгох шийдвэр гаргасан. Харин манай улс  2005 оноос хойш 12 дахь жилдээ тэмдэглэх гэж байна.

Эх сурвалж: Монцаме агентлаг

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна