Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт тус бүр 20 жилийн хорих ял оноолоо

2017/08/04
Улсын дээд шүүхээс Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт гэм буруутай хэмээн үзэж, Хаалттай дэглэмтэй хорих ангид тус бүр 20 жил хорих ял оноолоо.

Шүүх хурлын даргалагчаар Б.Зориг, шүүгчээр Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн, Б.Цогт, Ч.Хосбаяр нар ажиллаа. Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт анхан болон давж заалдах шатны шүүхээс С.Зориг агсныг санаатайгаар, бүлэглэн хөнөөсөн хэмээн үзэж 2002 оны Эрүүгийн хуулийн дагуу 24-25 жилийн хорих ял оноосон байсан юм. Улсын дээд шүүх энэхүү шийдвэрийг хэвээр үлдээж байгаа бөгөөд харин оноосон ялыг 2015 онд батлагдаж, энэ оны 7 дугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн  Эрүүгийн хуульд шилжүүлж буй юм. Тус хуульд хорих ялын дээд хэмжээ 20 жил байхаар заасан байна.

Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт анхан болон давж заалдах шатны шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт зааснаар ялласан. Үүнийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.5, 2.11 болгон өөрчилсөн байна. Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.15 болон 91.2.16 дахь заалтад зааснаар ялласныг шинэ хуулийн 11 дүгээр зүйлийн 2.1, 2.2, 2.4, 2.6 болон 2.7, 2.11 болгон өөрчилсөн байна.

Харин Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарыг онц, ноцтой гэмт хэрэгт тооцох заалтыг хүчингүй болголоо.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна