Тэрбээр ихэд бухимдан өөрийн цахим хуудсандаа ийнхүү бичжээ.
''Ерөнхийлөгч Х.Баттулга саяхан Сентерра Гоулд Монголиа компани 2002-2013 онд Монгол улсад үйл ажиллагаа явуулж 11 жилийн турш алдагдалтай тайлан гаргасан ба татварт ердөө 35 сая төгрөг төлснийг дурдаад тус компанийн татварын асуудлыг шалгаж тодруулахыг үүрэг болгосон нь учрыг мэдэх татвараас зугтаж сурсан нөхдүүдэд айдас төрүүлсэн, учрыг мэдэхгүй татвар, санхүүгийн талаар ойлголт муутай нөхдүүдэд хэт мэдэмхийрч өөрсдийгөө эвгүй байдалд оруулсан сэдэв болсон аж.
Ерөнхийлөгч Х.Баттулга бизнес хийж байсан хүний хувьд татвар, төлбөр, хураамжийн ялгааг сайн мэднэ. Түүний хэлсэн 35 сая төгрөгийн татварын асуудал бол үнэн зөв бөгөөд бодит баримтад тулгуурласан. Тэр татвар гэж хэлснээс хураамж, төлбөр гэж хэлээгүй. Үнэхээр ч Сентерра Гоулд Монголиа компанийн 2002-2013 онд гаргасан татварын тайланд нийт 11 жилийн хугацаанд 8.96 тэбум төгрөгийн (8,961,747,950) орлого олж, Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварт (ААНОАТ) ердөө 35 сая (35,015,300) төгрөг төлөхөөр ногдуулсан нь ТЕГ-ын ААНОАТ-ын тайлангийн програмд тусгагдсан байна (хүснэгтийг харна уу). Зөвхөн 2004 оны 3-р улирал, 2011 оны 2-р улиралд ашиг тайлагнаж 35,015,300 төгрөгийн татвар ногдуулсан байна. Мэдээнд дурдагдсан олборлосон алтны хэмжээ, борлуулалтын орлогын дүн, ногдуулсан татварын дүнг харьцуулж үзэхэд хэн ч гайхах нь аргагүй. Хамгийн цөөндөө 11 жил дараалан АЛДАГДАЛТАЙ ажилласан компани хэрхэн оршин тогтнож байсан, ямар төрлийн татвар яаж төлсөн, тэр ч бүү хэл одоо нэмж олборлолт хийнэ гэж улайрч байгаа нь мэргэжлийн хүний байтугай мэргэжлийн бус хэний ч анхаарлыг татаж хачирхалыг төрүүлж буй юм.
Гэтэл нэг талаас татвар, санхүүгийн ойлголтгүй хэт мэдэмхийрэгчид, нөгөө талаас шинэ ерөнхийлөгчөө ямар ч аргаар хамаагүй харлуулах зорилготой улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд гүтгэлгийн шинжтэй довтолгоо хийж зарим нь бүр “ерөнхийлөгч анхны алдаагаа гаргалаа” ч гэх шиг, цэцэрхэж буй нь инээдтэй бөгөөд тэдний хувьд нэг талаас мэргэжил, мэдлэг чадвар ихээхэн дутмаг, нөгөө талаас ичгүүр сонжуур, эрээ цээрээ алдсаны шинж юм. Жишээ нь, Сентерра Гоулд Монголиа нь татварыг тэрбумаар нь төлдөг, 36 тэрбум гэснийг ерөнхийлөгч 35 сая гэж андуурсан бололтой гэх мэтээр эрээ цээргүйгээр тайлбар хийх гэж оролджээ. Баримтаас үзэхэд (хүснэгт-тайланг харна уу: 35,015,300) энд ямар нэгэн андуурал, эндүүрэл болоогүй аж. 35 сая төгрөгийн татвар гэдэг бол манайхны ярьж заншсан Ашгийн татвар буюу үнэндээ бол аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ) юм. ААНОАТ бол компанийн орлогын тайланд үндэслэж гаргадаг аж ахуйн нэгжийн толь болсон чухал үзүүлэлт бөгөөд мэргэжлийн хүмүүс татварын энэ төрлийг хамгийн чухал үзүүлэлт гэж авч үздэг. Тийм л учраас Х.Баттулга ерөнхийлөгчийн анхаарлыг татсан асуудал нь 8.9 тэрбумын орлогод ногдсон 35 сая төгрөг буюу нийт борлуулалтын орлогын 0.39% хувьтай тэнцэх ААНОАТ байсан аж. Манай улсын хуулинд ААНОАТ нь орлогын 10%, 25% байдаг билээ.
Харин ихэнх компаниуд, ялангуяа гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд пиар хийж өөрсдийгөө аль болох их татвар төлсөн мэт харагдуулах зорилгоор ажилчдынхаа цалингаас суутгасан нийгмийн даатгалын шимтгэл (НДШ), цалингаас суутгасан хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ), худалдан авагчаас суутган шилжуулсэн НӨАТ гээд бусдын орлогоос суутган авч дамжуулдаг татварууд, рояльти буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ), усны хураамж, замын хураамж, энд тэнд өгсөн хандив тусламж, зарим тохиолдолд засгийн газарт хүүтэй өгсөн зээл, гадаад ажилчдын ажлын байрны төлбөр, визийн хураамж, гэх мэт хүний өөрийн татвар, төлбөр, хураамжуудыг нэгтгэн “манай компанийн төлсөн татвар”хэмээн тайлагнаж түгээдэг нь олон нийтэд их өндөр татвар төлсөн мэт төөрөгдөл үүсгэж, бодит бус ойлголт бий болгодог. Зарим тохиолдолд засгийн газрын агентлаг, мэргэжлийн байгууллагуудын мэдээлэл тодорхой бус байх, компаниудын татварын тайлан нь задаргаагүй байх зэрэг нь төөрөгдлийг даамжруулдаг. Бизнес санхүү сонирхдог хэн ч энэ асуудлыг гадарладаг, мэддэг бөгөөд мэдэхгүй нэгэн байлаа гэхэд, ялангуяа хэвлэл мэдээллийн ажилтнуудын хувьд лавлан асуух, тодруулах, судлах нь мэргэжлийн мэдрэмж, ур чадварын асуудал юм.
Өмнөх ерөнхийлөгчийг бодвол Х.Баттулга ерөнхийлөгч эдийн засаг, санхүүгийн өргөн мэдлэгтэй, тэр хэлээр нь ярьдаг хүн гэдгийг сэтгүүлчид ялангуяа ихээхэн анхаарах хэрэгтэй аж. Тэр олон юм донгоддоггүй, хошгирдоггүй, хошгируулдаггүй. Гэхдээ түүний хэлсэн үгс товч, тодорхой, оновчтой бөгөөд мэргэжлийн байдаг. Хэлсэн үгийг нь өөрсдийн дутуу дулимаг мэдлэг, оюунаар тусган авч тайлбарлах нь үнэндээ хүн гүтгэсэн, хэлсэн үгийг нь мушгин гуйвуулсан асуудал болж хувирч байгаа юм. Магадгүй, арга зальтай нэгний өгөөш болж захиалгаар бичсэн байж болно. Гэхдээ өөрсдөө л ичгүүртэй, өрөвдөлтэй байдалд орж байна шүү дээ.
Хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан гэдэг. Санхүү, бизнесийн мэдлэг муутай, татвар, төлбөр, хураамж, зээл тусламж, хандивын ялгааг ойлгоогүй, мэргэжлийн мэдрэмж, ур чадваргүй нөхдүүд мэдэхгүй зүйлдээ дайсан байх нь аргагүй мэт. Гэлээ гэхдээ тэдний энэ мунхаглал нь ерөнхийлөгчөө хэвлэл мэдээллээр гүтгэх, бусармаг этгээдүүдийн арганд орж авилга, оффшор, татвараас зугтах асуудалтай зориглон тэмцэж буй ерөнхийлөгчөө харлуулах оролдлогыг нь зөвтгөх үндэслэл болохгүй. Хүн гүтгэгчид гэмших ёстой. Мэдэхгүй, тодорхой бус, эргэлзээтэй зүйлсийг асууж, лавлаж, судлах нь мэргэжлийн ёс зүй төдийгүй шаардлага байдгийг бид хаа хаанаа ухамсарлаж алхам тутамдаа хэрэгжүүлэх ёстой. Асуудал байвал гаргаж тавих, шүүмжтэй хандах нь хэнд ч нээлттэй. Гэхдээ юманд, ялангуяа улс төр, эдийн засгийн асуудалд хөнгөн хуумгай хандах, өнгөц ойлголтоор яаран дүгнэлт гаргах нь мэргэжлийн бус бөгөөд таагүй үр дагавартай байдаг. Бид бүгд алдаа гаргадаг, төгс биш. Гэхдээ би сэтгүүлчид, эдийн засагчид, нийтлэлчиддээ ярьж буй сэдэв, асуудалдаа илүү нухацтай, ул суурьтай, судалгаатай хандахыг уриалж байна. Энэ нь та бидний мэргэжлийн нэгэн шалгуур.
Жич: Ерөнхийлөгч Баттулга Сентерра Гоулд Монголиа компанийн ашиг, орлогын тайлангийн асуудлыг хөндсөнөөс хоёр хоногийн дараа 8-сарын 24нд www.bloombergtv.mn сайтад “Сenterra Gold: II улирал цэвэр ашиг өмнөх үеийнхээс найм дахин нэмэгдэв ” нэртэй мэдээ гарсан нь сонирхолтой. Канадад байрладаг Сентерра Гоулд нь Сентерра Гоулд Монголиа компанийн толгой компани юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна