У.Хүрэлсүхийн хэрэг яагаад “илрэв?”
С.Зоригийг хөнөөсөн хэрэг өдгөө аман ярианд “С.Зоригийн хэрэг” гэгддэг болсон шиг У.Хүрэлсүхийг дагаж мөрдсөн хэрэг “У.Хүрэлсүхийн хэрэг” гэгддэг болжээ. Хэрэг үйлдэгдэхээсээ өмнө илэрсэн нь шуугиан, дуулиан болж байна. Мэдээж энэ хэрэг МАН-ын дотоод улстөрийн сөргөлдөөн (өрсөлдөөнөөс аль эрт давжээ) туйлдаа хүрснийг харуулж байна. Харин энэ операци илэрсэн нь нэг сүрхий тагнуул, цагдаагийнхны хүчин чармайлтаас болсон юм биш л харагдаад байна.
Хүнд 50 сая төгрөг харуулчихаад, нэмж 50 саяыг амлачихаад ганцхан сая төгрөг өгөөд 10 хоног мачийгахаар чинь бэртэтлээ зодуулах үүрэгтэй “гол дүр” гомддог юм байгаа биз дээ! Гурван машин, 6 хүнд сая төгрөгийн зардал 10 хоногт хүрэх үү? Төсөвлөсөн зардлын 1%. 99% нь хаачив аа?
Их мөнгөний бараа харсан Монгол хүн чинь ирээдүйн орлогоороо өөртөө баахан “хөрөнгө оруулалт” хийчихнэ биз дээ! Хүн нь байтугай төр нь ийм араншинтай юм чинь.
Тэгээд зардал өгөхийг зүй ёсоор шаардахад өнөөдүүл нь унжаад “найдваргүй түншээ” жийхээр өнөөх нь ТЕГ-т давхиж очоод, ТЕГ өргөдлийг нь хүлээж авалгүй бултаад “дээшээ” мэдээлэл зөөгөөд эхэлмэгц “урвагч” өөрийн талын хүч, нөөцийг мэддэг учраас олон нийтийн хамгаалалтанд орохоос өөр аргагүй болно биз? Тэр “олон нийт нь” мэдээж мөрдүүлэгч этгээдийн тал, “мөн биз?”. Энэ бол амиа хамгаалах ердийн зөн. Хулхидсаны хариуд хулхидах нь ёс суртахууны зөвтгөлтэй... Тиймээс улстөрд хол явах санаатай хүн бол хэнбугайд ч амласнаа өгч л байх нь дээр юм байна. Холын олон ард түмэн амлалтыг мартдаг ч ойрын ганц албат бол үгүй юм байна л даа. “Түүхэнд бие хүний гүцэтгэх үүрэг ээ” гэж...
“Мөрдөж байгаа хүнийхээ урд нь ороод давхиад байхаар яаж ажил бүтэх вэ?” гэж шоолж байгаа тэр хүн оролцсон өөр нэг групп бүр гадаадад хүртэл дагасан байж магадгүй шинжтэй. У.Хүрэлсүх Казахстан явахад дагасан тухай сураг сонссоноо нэг нь асууж, нөгөөх нь гадаадад явснаа зөвшөөрч л байгаа сонсогдох юм. Тэгэхээр У.Хүрэлсүхийг “мөрлөх” баг ганц биш байсан гэж дүгнэж болохоор байна. Нэвтрүүлэг хараад л төрсөн бодол шүү!
Төлөвлөөд хэрэгжүүлэхээр багаа судлаж эхэлсэн нь 4 дүгээр сарын сүүлч, Ч.Батболдын багийг сонгосон нь 5 дугаар сарын 7. Энэ үед МАН сонгуульд эрчимтэй бэлтгэж эхэлсэн, энэ ажиллагаа сонгуулийн нэг хэсэг байсан юм биш биз? М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан бол энэ хэрэг илрэхгүй байж, гэтэл өнөөх нь годройтохоор бүх үйлс бүтэхээ байсан байна. У.Хүрэлсүх сонгуулийн үеэр ёстой “дургүйд хүчгүй” гэгч болчихсон нь ийм шалтгаантай ажээ. Үгүй та минь, хэнд л өөдтэй санагдаа аж. Өөрийг нь хэрэгт хийх гэж улайран хөөцөлдөж байгаа этгээдийг дэмжиж гаргаад шоронд явдаг хүн гэж байх уу?
Тангараг
Санаатай үгүй нь бүү мэд, ийм юм сонссон МАСЗХ-ныхон сонгуулиар идэвх нь сулраад хариуцсан хэсгүүдээ алдсан нь ийм шалтгаантай байж, гэтэл М.Энхболд нэгбүрчлэн дуудаж дарамтлаад эхлэхээр нэгдчихэж. Тэгээд нийлж сэтгэлээ онгойлгох зуураа “Монгол төрийн толгойд уугуул биш хүн гаргахгүйн төлөө...”, “Сонгуулийн дараа намаа хятадуудаас цэвэрлэхийн төлөө” гэж сэржимдээд, тангараглаад тарж. Инээдтэй нь тэдний дунд сууж байсан нөгөө талын “таг эрлийз” тагнуул-координатор нь хүртэл “Би уугуул биш л дээ, гэхдээ би эх оронч хүн. Монголын төрийн тэргүүн эрлийз байж болохгүй шүү...” гээд цамнаад элэг аваад хаячихсан тухай яриа үнэн байж. Хөөрхий хөгшрөөд архи даахаа байж л гэлцэж байж, “Монголчууд нь”!
У.Хүрэлсүх “Тэснэ, тэснэ гэхэд...” гэгчээр бүх гомдлоо сонгуулийн дахин санал хураалтын өмнө гаргаж “эрлийз морь уралдуулахгүй” гэсэн шийдвэр гаргаад, “Гал ус, сонгууль гуравт ам гардаггүй юм” гэж сургаад галтай үзэлцэж байгаа онцгойхноо эргэх гээд нисээд явчихсан шүү дээ! Тэгэхэд би бүлгийн хуралдааны үед М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын дундын маргааны тухай бичсэнд хариуд нь МАН-ынхан (яг үнэндээ М.Энхболдын штаб) “У.Хүрэлсүх хажуудах найзаа хутгалдаг ёс зүй надад байхгүй” гэж хэллээ гэж контр хийгээд байсан, яг үнэндээ тэр үгийг М.Энхболд, Ж.Эрдэнэбат хоёрт хандаж хэлсэн юмсанж, тэгээд өнөө хоёр нь дув дуугүй гүлдийсээр сонгууль дуусгасан. (Тэр постыг сая хайгаад олсонгүй)
Шившгийн хөндийд
Сонсох нь МАН-д У.Хүрэлсүхийн нэр хүнд өндөр байгаа учраас М.Энхболдыг намаасаа түдгэлзсэний дараа Ерөнхий сайд ба намын даргын албан тушаалыг алдахгүй байх адбишийн хүсэл өнөөгийн нам, төрийн эрх баригчдад бүр өнгөрсөн оны 11 сараас “төрсөн” гэлцэх юм. Түүндээ хамгаалалтын албаа дайчилдаг нь ойрын танил гэж итгэснийх биз. Гэхдээ удааширсан л байна даа, энэ тухай мэдсэн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Очир” хамгаалалтын албатай байгуулсан намын төв байрыг хамгаалуулах гэрээгээ цуцалсан байна.
Сонгуулийн өмнө Х.Баттулга намаа нэгтгэж байхад М.Энхболдынхон намаа хагалж байсан байх нь. Наанаа цул нэгдмэл авч цаанаа ийм аюултай ан цав суусан нам яаж ялах вэ дээ? Тэр тусмаа хуучин намын залуучуудын байгууллага намдаа ч орон нутагт ч нэр нөлөө ихтэйг мэдсээр байж... Ялангуяа намын хуучин кадрууд нэгнээ дарах ийм булай үйлдэл хийж байгааг мэдэх юм бол дараа нь өөрсдөд нь ээлж оноож магадгүй намын дээд удирдлагад бэхэжсэн “гэр бүлжсэн” бүлэглэлийг зайлуулахаар нам нийлж, сэм хуйвалдах нь зүй тогтол. Энэ ёсоор бол М.Энхболдын фракц л сонгуульд зүтгэж, бусад нь “хээр хаяад” жилийж...
Гэтэл энэ гавъяагаа үнэлүүлэх, ялаас гэтлэх санаатай хотын фракцынхан М.Энхболд даргыг унагасан ялыг намдаа тооцох санаагаа хэлж байх юм, овоо муу гарууд уу? Тэгээд хариу нь энэ!
Одоо харвал МАН бусад намыг нэг хүний, нэг гэр бүлийн гэж баалах хэрэггүй л юм байна. Өөрсдөө М.Энхболдын гэр бүл, хамаатан садныг нам төрийн аль л шимтэй тушаалд тахичихаад, түүнийг нь эсэргүүцсэн сөстэй нэгнээ зайлуулахаар ийм булай юм хийсэн хойноо! У.Хүрэлсүх Х.Баттулгын ялалтанд баярладаг нь аргагүй. Хэрэв Тулга ялаагүй бол У.Хүрэлсүхээс эхлээд хуйгаараа улстөрөөс зайлах байж.
Хэрэв мөрлөсөн л бол У.Хүрэлсүх зөрүүлнэ, тэр баараггүй. Угаасаа энэ тал дээр сав хоосон буцааж байсан түүхгүй юм. Бүр зааж өгсөн үгийг нь хэлсэн бол нэмж цохиулах шаардлагагүй гэмтлийн зэрэгтэй шанаа өгөх байсан биз. Үүний дараа бол тэр юун Ерөнхий сайд болох, намын дарга ч өнгөрч, Шадар сайдаа тавьж туугаад дор хаяж тэнсэн аваад магадгүй 2020 онд ч дэвшиж чадалгүй өнгөрөх байж. Сөрөг хүчин сонгуулийн шоунд энэ шоуг нь харин ч нэг ашиглана даа! Дээд доод боов бохины хэрэг дээр боксын хэрэг нэмэгдээд...
Ийм юм болсон болоогүй МАН шившгийн хөндий рүү халтираад орчихлоо... Ялагдалтайгаа хамт. Балиар хужаа санаатай туучийнууд шүү... ццц гээд л эхэлж байгаа биз? Энэ шившгийн хөндийгөөс шившиглүүлэгч нь л чирч гаргана. Ядаж л нэг хүн нэр цэвэр, цовдлуулагчийн дүртэй үлдсэн нь яамай даа...
Нийтлэлч А.Баатархуяг
Сэтгэгдэл бичигдээгүй байна