Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын Гадаад хэргийн яамны туслах сайдыг хүлээн авч уулзлаа

2017/08/11

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын Гадаад хэргийн яамны туслах сайд Кун Шюаньёуг хүлээн авч уулзаж, Монгол Хятадын Гадаад хэргийн яам хоорондын гурав дахь удаагийн уулзалт амжилттай болж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлыг илүү өргөн хүрээнд хэлэлцсэн нь хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд чухал түлхэц болж байгааг тэмдэглэлээ.

Өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-д айлчилж, Бээжин хотноо болсон “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцсон. Айлчлалын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нартай уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон нь хоёр улсын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан гэж үзэж байна гэж Ерөнхий сайд хэллээ.

Энэ үеэр ярьж тохиролцсон асуудлуудыг ажил хэрэг болгох, ард түмэнд үр ашгийг нь хүртээх нь айлчлалын үр дүн болох учраас яригдсан асуудлуудыг цаг алдалгүй хэрэгжүүлэх нь бидний зорилт. Үүнд Гадаад хэргийн яамны туслах сайд Кун Шюаньёугийг дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд Монголын талын ажлын хэсэг Бугат хотноо ажилласан. Одоо Бугатын ажлын хэсэг ойрын хугацаанд Монголд ирж, нөхцөл байдалтай танилцаад төслийг яаралтай эхлүүлэх хэрэгтэй байна гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Мөн Замын-Үүд, Эрээн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал зэрэг боомтыг олон улсын статустай болгоход анхаарал хандуулахыг Хятадын талаас хүссэн. Энэ асуудлыг холбогдох газруудад уламжилж, шийдвэрлүүлэх чиглэлээр анхаарал хандуулахыг Ерөнхий сайд хүслээ.

 

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны туслах сайд Кун Шюаньёу, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд Ерөнхий сайдын айлчлалаар ярилцаж, тохиролцсон асуудлууд ажил хэрэг болох нь чухал. Эдгээр асуудлыг холбогдох байгууллага, хүмүүст уламжилж, анхаарч ажиллахаа хэлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна