Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран “Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоо” үндэсний чуулганыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна.
Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс Залуучуудын хөгжлийн тухай хууль хэрэгжиж эхлэх бөгөөд залуучуудын өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэхэд чухал түлхэц болох юм.
Үндэсний чуулганд төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн төлөөлөл болох 15-34 насны залуус, эрдэмтэн, судлаач зэрэг 850 төлөөлөгч оролцож байна.
Чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцон залуучууддаа хандаж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.
“Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоо” үндэсний чуулганы хүндэт зочид, төлөөлөгчид, залуучууд аа.
Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилж байна.
Монгол Улсын ирээдүйг тодорхойлж, хөгжил дэвшлийг түүчээлэн авч явах залуучууд та бүхэнтэй “Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоо үндэсний чуулган”-аар дамжуулан уулзаж Засгийн газраас явуулж буй бодлого, шийдвэрийн талаар байр сууриа илэрхийлж, үзэл бодлоо хуваалцья гэж бодлоо.
Бас та бүхнийхээ санал бодлыг сонсож, бодлого, үйл ажиллагаандаа тусгаж ажиллахын тулд холбогдох төрийн байгууллагын шийдвэр гаргах түвшний хүмүүсийг ирүүлээд байна.
Манай улсын нийт хүн амын 34.6 хувийг 15-34 насны залуучууд Та бүхэн эзэлж байна. Бас хөдөлмөрийн насны 50 хувийг залуучууд эзлэх боллоо. Эдгээр тоо баримт “Монгол залуучуудын орон” гэсэн ойлголт үнэлэмжийг баталгаажуулахын зэрэгцээ манай улсын хөгжил дэвшлийн ирээдүйг нотлон харуулж байна.
Өөрөөр хэлбэл манай улсын жинхэнэ баялаг бол залуучууд та бүхэн юм.
Улс орны баялаг ирээдүй болсон залуучуудын тоо хамгийн өндөр байгаа энэ үеийг зөв зүйтэй ашиглаж чадвал бид хөгжил дэвшилд хүрэх нь гарцаагүй. Ийм тааламжтай үеийг ашиглаж хөгжил дэвшилд хүрсэн улс орны түүх, туршлага олон бий.
Залуучуудад зориулж хөрөнгө оруулалт хийх нь хөгжил дэвшилд хүрэх, ажилгүйдэл, ядуурлаас ангижрах нэг гарц мөн.
Тиймээс Засгийн газар залуучуудаа дэмжсэн олон бодлого, хөтөлбөрийг дэвшүүлж, хэрэгжүүлэхийн төлөө хичээн чармайж байна.
Тухайлбал Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт :
“Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал эрхэлсэн төрийн байгууллагын бүтцийг бий болгоно”,
“Шинээр сургууль төгссөн залуучуудыг байнгын ажлын байраар хангасан аж ахуйн нэгжүүдийг дэмжинэ”,
“Боловсролын зээлийн сан шинээр байгуулж, оюутан, суралцагчид үндэсний тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламжийн үйлчилгээг үзүүлэх тогтолцоог ил тод, нээлттэй болгож, хүртээмжийг нэмэгдүүлнэ”,
“Оюутанд суралцах хугацаандаа цагийн ажил, хөдөлмөр эрхлэх боломжийг бий болгох “Орлоготой оюутан” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ”,
Монгол залуусаа сургаж дадлагажуулан ажлын байраар хангаж, гадаадаас авдаг ажиллагчдын тоог 50-иас дээш хувиар бууруулна”,
“Өндөр технологийн 2,000 энтрепренёр мэргэжилтэн бэлтгэнэ”,
“Мэргэжилтэй ажилтан” бодлогын хүрээнд жилд 20,000-аас доошгүй залуучуудыг Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд сурган мэргэжил, ур чадвар эзэмшүүлнэ”,
“Залуучуудад бизнесийн гарааны дэмжлэг үзүүлж, их, дээд сургууль, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн төгсөгчдийг тоног төхөөрөмжийн лизинг, жижиг зээлд хамруулах арга хэмжээ авна” гэсэн олон зорилтыг тусгасан.
Эдгээр зорилт эхнээсээ ажил хэрэг болж эхэллээ.
Залуучуудын асуудлыг хариуцсан төрийн байгууллагын бүтцийг бүх аймаг, дүүрэгт бий болголоо. “Боловсролын зээлийн сан” байгуулж, оюутан залуучууд маань сургалтын төлбөрөө төрөөс зээлж, төгсөөд ажилтай орлоготой болсныхоо дараа буцаан бага багаар төлөх тогтолцоог бүрдүүллээ.
Оюутан залуус маань сурахын зэрэгцээ цаг заваараа ажил хийх “Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөрийг Засгийн газар батлан хэрэгжүүлж эхэллээ.
2014 онд гадаадаас авах ажиллах хүчний тоо 42,242 байсан бол 2017 онд 20,000 орчим болгон буулгаж монгол залуучуудаа ажлын байраар хангах боломжийг нээж өглөө.
2017 онд Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд 20,000 орчим залуус элсэн суралцлаа. Тэдний 70 гаруй хувь нь ажлын байраар хангагдаж байна. Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих зээлийг төрийн болон олон улсын байгууллагын зээл тусламжаар олгож эхэллээ.
УИХ анх удаа Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг баталлаа. Энэ хууль 19 хоногийн дараа хүчин төгөлдөр болж, хэрэгжиж эхэлнэ. Мөн хуулийн дагуу “Өсвөр үе залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газар удахгүй батлана. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, бодлого, хөтөлбөрүүд нь Үндэсний хөгжлийн цогц бодлого, Тогтвортой хөгжлийн зорилт 2030, олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй төслүүд, улсын төсөв, төлөвлөлттэй нарийн нягт уялдаатай байж амжилттай хэрэгжинэ.
Өөрөөр хэлбэл үндэсний хэмжээнд хэрэгжиж буй бодлого, хөтөлбөрүүд нь залуучуудын хөгжлийг хангасан ээлтэй, тааламжтай орчин бүрдүүлэхэд чиглэгдсэн байх учиртай. Тиймээс энэ бүхний уялдаа зохицолдолгоог хангаж ажиллахыг залуучуудын асуудал хариуцсан төрийн байгууллагын удирдлагууд анхаарч ажиллах ёстой.
Залуучууд та бүхэндээ амласан амлалт бүрээ хэрэгжүүлэхийн төлөө манай Засгийн газар, манай нам хичээн ажиллах болно. Залуучуудын байгууллагаас ажил, амьдралынхаа гарааг эхлүүлж, залуу насынхаа ихэнхийг залуучуудын байгууллагыг бэхжүүлэхийн төлөө зориулсан Ерөнхий сайдын хувьд залуучуудынхаа хөгжил дэвшлийн төлөө бүхнийг хийж хэрэгжүүлэхээ энэ хүндэт индэр дээрээс илэрхийлж байна.
Дэлхийн бүхий л улс орны хөгжил дэвшлийн гол хүч нь залуучууд байсаар ирсэн. Тиймээс залуучууд та бүхнийг шударга нийгмийг цогцлоож, тогтвортой хөгжлийг манлайлж, шинэчлэлийг түүчээлж ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна.
Бид ямар ирээдүйг хүсч байна, тийм ирээдүйг бүтээж чадах залуучуудыг бэлтгэх ёстой. Үүний төлөө манай Засгийн газар бүхнээ дайчлан ажиллах болно.
Залуучуудын эрүүл мэнд, өрсөлдөх чадвар бүхий мэдлэг боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн идэвх оролцоо, хариуцлагатай манлайлал гэсэн таван үзүүлэлтээр дэлхийн улс орнууд залуучуудынхаа хөгжлийг хэмжиж байна. Энэ индексээр 2016 оны байдлаар Монголын залуучууд дэлхийн 183 орноос 71-р байрт эрэмбэлэгдэж байна.
Дэлхийн залуучуудын хөгжлийн индексээр Монгол залуучуудын хөгжлийг хойш татаж байгаа хоёр үзүүлэлт бол залуучуудын эрүүл мэндийн байдал, үүний дараагаар эзэмшсэн мэргэжил, олж авсан мэдлэгээ баяжуулан эрхэлж буй ажилдаа хэрэглэх, тогтвортой хөдөлмөр эрхлэх асуудал болоод байна.
Ийм учраас дараах хэдэн чиглэлээр холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өгч байна.
Нэгд: Залуучууд манай улсын ирээдүй гэж бид бүгд ярьж ирсэн. Гэтэл залуучуудын маань эрүүл мэндийн асуудал ихээхэн анхаарал татаж байна. 2016 оны “Монгол Улсын хүний хөгжлийн илтгэл”-ээс харахад залуучуудын маань гуравны нэг нь тамхи татдаг, согтууруулах ундаа хэрэглэдэг гэжээ.
Өнгөрсөн оны эрүүл мэндийн статистикийн мэдээллийг үзэхэд архины шалтгаант элэгний өвчнөөр өвчилсөн иргэдийн 14.6 хувийг залуучууд эзэлж байна. Хүн амын дундах эрүүл мэндийн байдлыг энэ мэтээр дүгнэн үзэхэд өвчлөлийн нилээд хувийг залуучууд эзлэх боллоо.
Бидний улсын ирээдүй эрүүл саруул байж улс орон хөгжил дэвшилд хүрнэ.
Тиймээс залуучуудын эрүүл мэндийн асуудалд холбогдох байгууллагууд судалгаа шинжилгээ хийж, эрүүл, зөв амьдралын хэв маягийг бүрдүүлэх талаар арга хэмжээ авахыг үүрэг болгоё.
2020 он гэхэд залуучуудын өвчлөлийг төрөл тус бүрээр нь буулгах арга хэмжээний төлөвлөгөөгөө танилцуулан залуучуудын байгууллагуудтай хамтран хэрэгжилтийг хангахыг эрүүл мэндийн салбарынханд чиглэл болгож байна.
Хоёрдугаарт: Залуу хүн бүр боловсролтой, эрдэм мэдлэгтэй, харилцааны зөв хандлага чиглэлтэй байж улс орон хөгжиж дэвжинэ. Энэ бодлогын хүрээнд их, дээд сургуулийн чанарыг дээшлүүлэх, гадаадын тэтгэлэгт хөтөлбөрүүдийг залуучуудад ил тод нээлттэй болгох ёстой.
БСШУСЯ-аас гаргасан судалгаагаар 2015-2016 оны хичээлийн жилийн их, дээд сургууль төгсөгчдийн 21.7 хувь нь тухайн жилдээ ажлын байртай болсон байна.
Үүнд боловсролын, сургуулийн, төгсөгчдийн чанар гээд олон асуудал яригдана. Үүнд дүгнэлт хийж, холбогдох арга хэмжээг авахын боловсролын байгууллагын удирдлагуудад үүрэг болгож байна.
Гуравдугаарт: Залуучуудын хөдөлмөр эрхлэлт бидний санааг зовоосон асуудал хэвээр байсаар ирлээ. Эрүүл чийрэг, боловсролтой залуучуудад хөдөлмөр эрхлэх боломж нээлттэй байх ёстой. Харамсалтай нь энэ боломж хаалттай байна. Залуучуудын маань 50 гаруй хувь нь ажил хөдөлмөр эрхлэж чадахгүй байна.
2016 оны Монгол Улсын хүний хөгжлийн илтгэлээс харахад залуу гэр бүлүүдийн 60 орчим хувь нь эцэг эхтэйгээ хамт амьдарч байна.
Ажилгүй залуучуудын амьдрал дэвжин дээшлэхгүй. Энэ утгаар нь авч үзвэл улс орны ирээдүй залуучууд маань нийгмийн хамгийн эмзэг хэсэг болоод байна.
Тиймээс залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр тодорхой, бүтээлч, үр дүнтэй ажил хийж үр дүнг нь танилцуулахыг ХНХЯ-ны удирдлагуудад үүрэг чиглэл болгож байна.
Миний өгсөн эдгээр үүрэг, чиглэлүүдийг хэрхэн хэрэгжүүлснээр та бүхний ажлыг үнэлж дүгнэнэ.
Гэхдээ хөтөлбөр, төслүүдэд хэдэн төгрөг зарцуулснаар, ямар арга хэмжээ хэрэгжүүлсэн тайлангаар биш ганцхан гарсан үр дүн, ахиц дэвшлээр ажлыг хэмжихээ онцлон дурдья.
“Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоо” үндэсний чуулган нь залуучууд та бүхний өмнө тулгамдсан олон асуудлын гарц шийдлийг олох зорилготой.
Тиймээс залуучууд та бүхэн залуучуудын талаар төрөөс баримталж буй бодлого, шийдэл, түүний үр нөлөө, өөрсдийн эрх үүрэг, оролцооны талаар өргөн яриа хэлэлцүүлэг өрнүүлээсэй гэж хүсч байна.
Монголын залуучууд Та бүхэн төрөөс баримталж буй таатай бодлогуудад тулгуурлан өөрсдийн боломж чадавхиа бүрэн дайчилж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах эрхэм үүрэгтэй хүмүүс гэдгээ сайтар ойлгох ёстой.
Залуус та бүхэн эх орныхоо баялаг түүх, өнгөрсөн үеийн алдаа сургамж бүрээс суралцаж, ахмад үеэ хүндэтгэн, улсынхаа хөгжлийг буухиалан үргэлжлүүлэх хариуцлага хүлээж, боловсролтой, хөдөлмөрч, бүтээлч иргэн байна гэдэгт Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн тэргүүний хувьд итгэлтэй байна.
Залуучууд та бүхэндээ аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Сэтгэгдэл бичигдээгүй байна