Оюутолгой ХК-ийн үйл ажиллагаа болон Дубайн гэрээнд аудитын шалгалт оруулна

2017/12/12
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуралдаанд Үндэсний аудитын газрын дарга Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдвийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ, 2018 оны аудитын сэдвийг сонгохдоо хууль тогтоомжоор аудит хийхээр Үндэсний аудитын газарт үүрэг хүлээлгэсэн аудитын сэдвийг эхний ээлжинд сонголоо. Төрийн аудитын тухай хууль, Төсвийн тухай хууль, Шилэн дансны тухай хуулиар тодорхой сэдвээр аудит хийж, Улсын Их Хуралд тайлагнаж байхаар зохицуулагдсан байна. 2018 онд шинээр гүйцэтгэх 31 аудитын 16 нь хуулийн дагуу гүйцэтгэх аудит байгаа гэдгийг онцлов.

Мөн 2018 оны  аудитын сэвдийг сонгохдоо Төрийн аудитын байгууллагын бодлогын түвшинд хийх аудитын сэдвийг сонгосон. Төрийн аудитын байгууллагаас эрүүл мэнд, боловсролын салбарын тогтолцоонд ойрын дөрвөн жилд багтаан иж бүрэн аудит хийхээр төлөвлөж байгаа бөгөөд “Төрөөс бага боловсрол олгож байгаа өнөөгийн байдал, үр нөлөө, “Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт”, “Эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагаа” сэдвээр аудит хийхээр төлөвлөснийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар мэдээлэлдээ дурдлаа.

Үндэсний аудитын газраас жил бүр улс орны эдийн засагт зонхилох нөлөөг үзүүлдэг томоохон аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд аудит хийж байх бодлогын хүрээнд 2018 онд Эрдэнэс таван толгой ХК-ийн үйл ажиллагаанд иж бүрэн аудит хийхээр, Оюутолгой ХК-ийн хөрөнгө оруулалтын болон далд ажлын бүтээн байгуулалтын төлөвлөгөө нь Монгол Улсын эрх ашигт нийцсэн эсэхэд дүгнэлт гаргахаар төлөвлөжээ. Төрийн аудитын байгууллага өөрийн бодлогын хүрээнд 10 аудит хийх юм байна.

Түүнчлэн 2018 оны аудитын сэдвийг сонгохдоо иргэд олон нийтийн анхаарлын төвд байгаа үнэн зөв хариу хүссэн аудитын сэдвийг нийгмийн захиалгаар сонгодог аж. Энэ чиглэлээр зургаан аудитыг Үндэсний аудитын газар хийсэн судлагаан дээрээ үндэслэн нийгмийн захиалгаар гүйцэтгэхээр төлөвлөжээ. Тухайлбал, УИХ-ын Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хороны захиалгаар Батлан хамгаалах яамны үйл ажиллагаанд, Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын захиалгаар Хөгжлийн банкны үйл ажиллагаа, зээл олголт, эргэн төлөлтийн байдалд гүйцэтгэлийн аудит хийх, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн хүсэлтээр Иргэний нисэхийн Ерөнхий газар, Засгийн газрын авто баазын үйл ажиллагаанд санхүүгийн аудит хийхээр төлөвлөсөн байна. Төрөлжсөн аудитын газрууд өөр, өөрийн чиглэлээр аудит хийхийн зэрэгцээ 2018 онд долоон аудитыг хамтарч иж бүрэн аудит хийхээр болсон байна.

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар мэдээлэлдээ, 2018 онд Үндэсний аудитын газар 2018 онд шинээр 11 гүйцэтгэлийн, нийцлийн 4, санхүүгийн 16, нийт 31 аудит хийхээр сэдэв сонгож Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн болно. Дээрх аудит дээр нэмж 2017 оноос он дамжин шилжиж байгаа гүйцэтгэлийн 3, нийцлийн 3,  нийт 6 аудит нэмэгдэж 2018 онд нийтдээ 37 аудит хийхээр төлөвлөж байгаагаа онцоллоо.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Ч.Улаан, Б.Баттөмөр, О.Батнасан, Н.Амарзаяа нар асуулт асууж, санал хэлэв. Гишүүдийн зүгээс аудит хийх сэдвийг сонгохдоо Монгол Улсын эрх ашгийг хамгаалах, төсвийн нөөц боломжийг нэмэгдүүлэхэд чиглэхэд илүүтэй анхаарах, нийгмийн анхаарал татсан асуудалд аудит хийж, үр дүн гаргахад  анхаарахыг онцгойлон захиж байлаа. Мөн Оюутолгой ХК-ийн асуудлыг авч үзэхдээ Дубайн гэрээнд аудит хийх, аудитын шалгалтаар илэрсэн зөрчлийг хуулийн байгууллагад шилжүүлсэн нөхцөлд гарсан шийдвэрийнх нь талаар эргэн хянадаг эсэхийг тодруулж байв.

Үндэсний аудитын газрын дарга, Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар хариултдаа, Оюутолгой ХК-ийн хөрөнгө оруулалтын болон далд ажлын бүтээн байгуулалтын төлөвлөгөө нь Монгол Улсын эрх ашигт нийцсэн эсэхэд аудит хийхдээ Дубайн гэрээг эхний ээлжинд авч үзнэ. Үндэсний аудитын газар, Олон улсын адитын байгууллагуудтай хамтарч тусгайлсан гормиоор аудит хийхээр төлөвлөж байна гэж байв. Мөн Үндэсний аудитын газраас төсвийн хөрөнгөд үрэлгэн зардал гаргасан, төсвийн тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлдэг. Хуулийн байгууллага тухайн асуудалд арга хэмжээ авсан талаарх шийдвэрийг бидэнд мэдээлэх үүрэгтэй. Гэхдээ одоогоор арга хэмжээ авсан талаарх мэдээлэл ирүүлээгүй байна. Үндэсний аудитын газар  аудитын үр ашгийн хувьд нэг төгрөгийн зардал гаргасан бол 68 төгрөгийн орлого олж байсан. 2017 оны хувьд энэхүү төсвийн нөөц боломжийг нэмэгдүүлэх талаар аудитын үр ашиг хоёр дахин нэмэгдэх байх гэж харж байгаа хэмээн хариулав.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Төсвийн байнгын хорооны тогтоолын төсөл батлахыг түр хойшлуулж, сэдвийн талаар нухацтай ярилцах хэрэгтэй гэсэн горимын санал гаргав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь горимын саналыг дэмжсэн тул энэ асуудалд Ажлын хэсэг байгуулж ажиллахаар болов. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ч.Улааныг томилсноор хуралдаан өндөрлөв.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна