Төрийн аудит тэдний зэвсэг биш

2017/12/14
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хурал уржигдар болсон. Энэ хурлаар Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцжээ. Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар ирэх онд Оюутолгой, Эрдэнэс Тавантолгой, Засгийн газрын авто бааз, ИНЕГ, АМГТГ, АСЕМ-ын тайлан, боловсрол, эрүүл мэндийн салбар, ТОСК, БХЯ зэрэгт аудит хийхээр төлөвлөснөө танилцуулсан байна.

Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ч.Улаан нар ерөнхий аудиторын төлөвлөгөөг өөрчлөх нь зүйтэй гэсэн байна. Ингэхдээ УИХ-ын гишүүн Ч.Улаан “…Яахаараа Энх-Амгалан гишүүний захиалгаар ИНЕГ-ыг шалгадаг юм бэ. Бас “Эрдэнэс Тавантолгой” компанитай ноцолдох ямар хэрэгтэй юм бэ. “Эрдэнэс Монгол” гэж зээл авч өр тавьдаг газар байна. Хэд, хэдэн компанийн хувьцаа эзэмшдэг компани. Юу хийдэг нь ойлгомжгүй. Концессоор барьсан замын ажлын чанарыг шалгахын тулд зам өрөмдөнө ч гэх шиг ямар хэрэгтэй юм бэ” гэлээ. УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “…Улаантай санал нэг байна. Засгийн газрын авто баазыг Хэрэг эрхлэх газар нь шалгана биз. Эрүүл мэндийн салбартай холбогдох тэр асуудлыг яам нь татаж аваад шалгачих боломжтой. ИНЕГ-ыг шалгана гэх атлаа МИАТ компанийг яагаад шалгадаггүй юм бэ. Ямар учиртай компани болох нь ойлгогдохоо болилоо. Онгоцны тийз яагаад тийм өндөр үнэтэй байдаг юм бэ. Шалгах ёстой. Хоёр дахь асуудал сүүлийн үед гүйцэтгэх ажиллагаа замбараагаа алдсан. Мөнгийг нь зөв зарцуулж байна уу гэдэг ойлгомжгүй болсон. Нууц нэрийн дор өөр юманд зарцуулж байгаа. Хянах ёстой хүмүүс нь үздэггүй, жийрхдэг, Энэ асуудлыг Аудитын газар нарийн шалгах шаардлагатай” гэв. Ингээд энэ хоёр гишүүний хэлсэн байгууллагуудыг аудитын шалгалтад хамруулахаар болсон байгаа юм.

Учир мэдэх хүмүүсийн хэлэх нь, эрхэм гишүүдийн “шургасаар байгаад” шалгуулахаар болж байгаа байгууллагуудыг судлаад үзвэл цаана нь эрх ашгийн зөрчил харагдана гэж байна. Тухайлбал, МИАТ компани гэхэд асуудал, хэл ам ихтэй нь үнэн. Гэхдээ Ц.Нямдоржийн хамгийн муу хүнтэй хамааралтай гэж ил, далд яригддаг болсон. Энэ мэтээр маш гоё, нийтэд таалагдах тайлбар зүүлт хийж байгаад эрх ашгаа хангаж байна гэж байгаа юм. Хэдийгээр төрийн хяналт, аудитыг ямар ч байгууллага, аж ахуйн нэгжид хийх ёстой ч төрийн түшээд аудитыг зэвсэг болгож ашиглах нь зохимжгүй юм.

Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна