Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо /НАМЗХ/-ны IV Бага хурал 2017 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр хуралджээ.
Тус Бага хурлаар НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Золбоо гадаад улсад суралцахаар болсон учир чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж түүний оронд Э.Тамирыг томилжээ.
Э.Тамир нь 1988 онд төрсөн, УИХ-дахь МАН-ын бүлгийн референт, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга зэрэг албан тушаал хашиж байсан төдийгүй НАМЗХ-ны Удирдах зөвлөл дотроо хамгийн залуу гишүүн нь ажээ.
Ийнхүү эрх баригч намын залуус хамгийн залуу гишүүнээ Ерөнхий нарийн бичгийн даргаар томилж байгаа нь тус холбоонд шинэ үе сэлгэгдэж байгаагийн илэрхийлэл юм. Мөн холбооны дүрмийн дагуу төрийн албанд шилжсэн, насны хязгаар хүрсэн Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүдээ чөлөөлж шинэ залуучуудаар хүчээ сэлбэж, Сангийн дэд Х.Булгантуяа, Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дэд дарга Д.Мөнхтөр нарыг дэд ерөнхийлөгчөөр сонгосон байна.
Бага хурлаас бусад улс төрийн намын дэргэдэх залуучуудын холбоо, төрийн бус байгууллага, хөдөлгөөнүүдэд хандаж “Залуучуудын үндэсний зөвшилцөл”-ийн уриалгыг гаргахаар болжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна