Төр төмсөг хоёр...
Энэ алиалагчийг одоо яг яах ёстой юм бол оо? Ямартай ч " Энканто" спорт цогцолборыг нэг хэсэгтээ хүн орох аргагүй болгосон "Бандааш" хочит Гантулга 25 дахь жилдээ зохиогдож буй "Next stop" наадмын нэр хүндээр шал арчих нь. Оны шилдэг бүтээгч улстөрч хэмээн өөрийгөө өргөмжлүүлэх гэж нэр дэвшсэн энэ мангар бацаан одоо болтол цаасан малгайндаа цадиггүй эрдээд явах юм.
Улстөрчийн хувьд түүний карьер аль эрт дууссан. Хувь хүнийхээ хувьд бас л хэн ч биш болсон. Оны шилдэгээр шалгараад, овоохон мөнгөөр хэвлэлийнхний амыг хаачихвал эмтэрсэн нэр хүнд нь бүтэн болж, инээсэн царай нь дэмжлэг хүлээнэ гэж андуураад л байгаа юм даг уу даа. Мөн ч том төөрөгдөл шүү. Хан Хэнтийчүүд сонгоод илгээсэн хүнээ нутаг усны нэр бузарлалаа хэмээн эргүүлэн татахаар хэдэнтээ жагссан.
Нэр холбогдсон ичгүүрт хэргээрээ тэрбээр эмс охидын амны зугаа болж, эрчүүдийн элэг доог болсоор удлаа. Уг нь уснаас гайгүй нороод гарчих боломж түүнд байсан. Харамсалтай нь Монгол төрийн ордонд ор хөнжлийн явдлынхаа талаар дайнд ялсан баатар мэт зарлан эргүүтэж, төр төмсөг хоёрыг хольж хутган тэнэгтсэнийг бид бүгдээрээ л харсан. Айл хэсээд хоног төөрүүлж явдаг, хоносон айлдаа уртаас урт сүүл үлдээдэг ийм хууль батлагч Монголын парламентад хэрэггүй. Дахин хэлье, хэрэггүй. Үнэхээр тухайн хэрэг болсон ч бай, үгүй ч бай төрөө хайрлаад парламентийн гишүүнээс нэрээ татах ёс зүй түүнд байгаагүй нь л үнэн юм даг.
Унасан нэр хүндийг чинь угааж цэвэрлээд, гялтайтал зүлгээд өгье гэж хөөрөгдөөд байгаа нөхдүүд хөөрхийг зүгээр орхичих л доо. Онигоон дээр онигоо нэмээд, орилоон дээр чарлаан нэмээд байх юм. Тэртэй тэргүй нүүрэндээ шавхайтай болчихсон Гантулга дээр хавийн хогийг хамж асгаад, "Чиний нэр хүнд сэргэчихлээ" гэж чихрээр хуурч, чихэн дээр нь цэцэг ургуулаад байх ямар хэрэг байна аа. Нэр хугарахаар яс хугар гэж. Хөл гараа гэмтээчихсэн бол өдийд эдгэчихгүй юү. Гэтэл шилдэгийн шилэн цом тэвэрсэн алиа салбадай болох нь л дутаж гэнэ, ай мөн хөөрхий еэ.
Р.Эмүжин
Сэтгэгдэл бичигдээгүй байна