УИХ-ын гишүүн О.Баасанхүүг АТГ-аас шалгаж эхэлсэн гэлээ

9 цаг 51 минутын өмнө
Монголын залуу хуульчдын “Хос дэнс клуб” ТББ-аас УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй холбоотой асуудлаар АТГ, Үндсэн хуулийн цэцэд хандсан талаар тус ТББ-ын тэргүүн А.Гантамир өнөөдөр /2017.12.25/ мэдээлэл хийлээ. Тэрээр “Төрийн ордонд УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар хамтраад МАХН-ын II их чуулган гэдэг зүйлийг хийсэн. Энэ нь хуульд нийцэж байгаа эсэхэд манай залуу хуульчдын клуб хөндлөнгийн дүн шинжилгээ хийсэн талаараа өмнө нь мэдээлж байсан. УИХ-ын гишүүний үүднээс О.Баасанхүү гишүүнийг Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан. УИХ-ын тухай хуульд УИХ-ын гишүүний нэр төр, бүрэн эрхийг хувийн зорилгодоо ашиглахыг хориглоно гэж заасан. Гэтэл О.Баасанхүү УИХ-ын гишүүний нэр төр болон бүрэн эрхээ намын дарга болох хувийн эрх ашигт ашиглаж, Төрийн ордонд хурал зөвлөгөөн зохион байгуулсан.  Үнд­сэн хуулийн 1.2-т заасан хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэдэг зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Мөн  Их хурлыг зохион байгуулсан санхүүжилтыг хаанаас авч, яаж зар­цуулсан бэ гэдэгт тайлбар гаргуулахаар АТГ-т хандсан.  Улс төрийн намын тухай хуульд иргэн, аж ахуйн нэгж тухайн намд хандив өгч болно. Гэхдээ тухайн шатны намын байгууллага, анхан шат­ны байгууллагын дансаар дамжуулна гэж заасан. Гэтэл О.Баасанхүү гишүү­ний хуралдуулсан их чуул­ган ямар нэг намын дансаар орж ирсэн хан­диваас бүтсэн зүйл байхгүй. Хувийн дансаар мөнгө авсан байхыг үгүйсгэхгүй.  Улс төрийн намын тухай хуульд хан­дивтай холбоотой бас нэг заалт бий. Иргэн улс төрийн намд хандив өгөх дээд хэмжээ нэг сая төгрөг байна. Гэтэл О.Баасанхүү гишүүн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Чуулганд зар­цуулсан 150 сая төг­рөгийн хандивыг Баянгол зочид буудалд өөрөө бэлнээр аваачиж өгсөн. Үүнийг МАХН-д байсан нэр бүхий хүн хандив болгож өгсөн” гэж ярьсан. Тиймээс энэ үйлдэл нь хууль зөрчсөн байх үндэслэлтэй учраас АТГ-т хандсан. Тухайн санхүүжилт УИХ-ын гишүүнд хандив нэрийд­лээр өгсөн авлигын шинж чанартай байхыг үгүйсгэхгүй тул хандивтай холбоотой хэсгийг дэл­гэ­рэн­гүй шалгаж өгөхийг хүссэн” гэв.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна