Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан Элчин сайд нарын асуудлаар албан бичиг хүргүүлсэн билээ.
Уг албан бичигт хэд хэдэн Элчин сайдад Итгэмжлэх жуух бичиг гаргах боломжгүй хэмээсэн юм. Тэдний дотор Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Тэнгэрийн нэр багтаж байна.
Ерөнхийлөгч ийнхүү Элчин сайдуудад хориг тавьсанаар Японд суух Элчин сайдаар Асашёорюү Д.Дагвадоржийн нэр яригдаж байна гэх мэдээлэл хэвлэл, олон нийтийн сүлжээнд тархаад байгаа юм.
Тэгвэл Сүмо бөхийн экс ёкозүна Асашёорюү Д.Дагвадорж арлын улсад Монголыг төлөөлөх Элчин сайдаар ажиллаж чадах уу гэх асуулт эргэлзээ төрүүлж байна. Учир нь тэрбээр Японы сүмо бөхөд таагүй асуудал үүсгэсэн учир, зодог тайлахаас өөр аргагүй байдалд орж, нутаг буцаж ирсэн билээ. Асашёорюү энэ тухайгаа “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт орохдоо нулимс дуслуулан ярьж байв.
Улстөрчийн хувьд Д.Дагвадорж 2013 оны тавдугаар сард Ардчилсан намын гишүүн болсон. Тухайн үед түүний намын гишүүний үнэмлэхийг Х.Баттулга гардуулан өгч байв. Түүнээс хойш орон нутаг, парламентын хоёр ч сонгууль өнгөрсөн ч тэрбээр аль нэг тойрогт нэр дэвшээгүй, одоог хүртэл төрийн ямар нэгэн албан тушаалд ажиллаж үзээгүй байна. Харин Х.Баттулга Ерөнхийлөгч болсноор энэ оны наймдугаар сард түүнийг Монгол Улс, Японы Улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан бие төлөөлөгчөөр 1 жилийн хугацаатай томилжээ. Д.Дагвадорж одоо Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг.
Японд суух Элчин сайдад нэр нь яригдаж буй өөр нэгэн хүн бол Кёкүшюзан Д.Батбаяр юм. Тэрбээр Японы сүмо бөхийн дээд зиндаанд дэвшин барилдсан Монголын анхны сүмоч. Нэгэн үе Монгол Улс түүнээр дамжуулан Японтой харилцаа холбоогоо бэхжүүлж байв. Д.Батбаярын хувьд зодог тайлсныхаа дараа эх орондоо ирж Монголын сүмо бөхийн холбооны тэргүүнээр ажиллаж, 2008 онд АН-аас СХД-т нэр дэвшиж ялалт байгуулж, УИХ-ын гишүүн болжээ.
2012 оноос тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн спорт, соёл урлаг хариуцсан зөвлөхөөр ажиллаж, улмаар Х.Баттулга Ерөнхийлөгч болсныхоо дараа түүнийг орон тооны бус зөвлөхөөрөө ажиллуулж, өнгөрсөн арваннэгдүгээр сард өөрийнх нь хүсэлтээр энэ ажлаас чөлөөлжээ. Магадгүй, зөвлөхийн ажлаас нь чөлөөлснөөр түүнийг Японд суух Элчин сайдаар томилж илгээхийг үгүйсгэхгүй юм.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна