Нийслэлийн МАНын бүлгийн гишүүдийн эрх мэдлийн төлөөх тэмцэл өнөө ч намжаагүй үргэлжилсээр байна. Хэл амтайхан НИТХ-ын даргын суудлаасаа буусан Ц.Сандуй өнөө ч өндөр сэнтийгээ зүүдэлсээр яваа бололтой. Өөрөө боломжоо алдсан ч өөрийн хүнийг эрх мэдэлд хүргэх хүсэл нь бадарсаар буйг сүүлийн үед болж буй үйл явдлууд баталж байна гэхэд дэгсдүүлсэн болохгүй
Ингэж хэлэхийн учир нь энэ сарын 20-нд буюу өнгөрсөн лхагва гаригт Захиргааны хэргийн шүүх Ц.Сандуйн нэхэмжлэлтэй гомдлыг авч хэлэлцжээ. Тодруулбал, Ц.Сандуй НИТХ-ийн төлөөлөгч хотын орлогч дарга П.Баярхүү, Ц.Байгальмаа, Ж.Алдаржавхлан, Ж.Батсайхан, Ц.Төрхүү нарын төлөөлөгчид С.Амарсайханыг НИТХ-ын даргаар томилсон хурлын шийдвэрийг түдгэлзүүлж өгнө үү гэх хүсэлтийг шүүхэд гаргасан аж.
Тэдний зүгээс Засаг захиргааны хуулийн дагуу ‘НИТХ-ын даргад нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал авч чадаагүй бол шинээр дэвшигчийг тодруулж санал хураах ёстой’ гэж үзэн шүүхэд ханджээ.
Эл гомдлыг шүүх авч хэлэлцээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Өөрөөр хэлбэл НИТХ-ын дарга С.Амарсайханы томилгоо нь хууль зөрчөөгүй гэж үзжээ.
Шүүхийн шийдвэрийг сонссон Ц.Сандуй ихэд бухимдсан гэнэ. Арга ч үгүй биз. Дөрвийн дөрвөн өмгөөлөгч хөлсөлж, ихээхэн анхаарал хандуулж байсан нэхэмжлэл нь шүүхээс дэмжлэг авч чадсангүй.
Бүр түүнийг шүүх хурлын гадна “Ланд 200” маркийн автомашинаа хөлөглөн ирж, өмгөөлөгч нартайгаа их л завгүй утсаар ярьж байсан тухай яриа хэдийнэ яригдаад эхэлсэн байна лээ.
Ийнхүү НИТХ-ын дарга С.Амарсайханыг шүүхийн шийдвэрээр унагаах зорилготой нэгэн операцийг НИТХ-ын даргад өрсөлдөөд унасан Д.Баярсайхан, 60 тэрбумын Ц.Сандуй нарын хүмүүс зохион байгуулсан ч бүтэлгүйтжээ.
Ямартай ч эндээс харахад 60 тэрбумын гэх тодотголтой Ц.Сандуй, Д.Баярсайхан тэргүүтний хорсол, зэвүүцэл одоо ч дарагдаагүй яваа гэдэг ойлгогдож байна.
Хэдийгээр Ц.Сандуй нарын зүгээс МАН доторх хагарал зөрчилдөөн арилсан хэмээн мэдэгдэж байсан ч тэд хөшигний ардуур хор найруулж, төрийн ажлыг гацааж самрах боломжийг идэвхтэйгээр эрэлхийлж яваа нь гэдэг нь илэрхий байгаа юм.
Цаашид анхан шатны шүүх дээр ийнхүү ялагдал хүлээсэн Ц.Сандуй, Д.Баярсайхан нар уг асуудлаар давж заалдах шатны шүүхэд хандах уу гэдэг асуудал анхаарал татаж байна.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна