Санаанаас гардаггүй хүүхэд насны шинэ жил

2017/12/28
1968 оны шинэ жилээр Завханы Ургамал суманд болсон явдал л даа. Манайх шинэ жилээр жижигхэн гацуур мод засаад гурван хавтастай толиныхоо ѳмнѳ тавьдаг байв. Жижигхэн хѳѳрхѳн шилэн чимэглэлүүдтэй. Зарим чимэглэлүүд нь фосфортой болохоор гэрэл унтраахад харанхуйд гэрэлтэж харагддаг нь бидэнд хамгийн сонирхолтой бѳгѳѳд гоё санагддаг сан. Тэр жилийн 12 сарын 31 ний орой аав ээж хоёр минь сумын ёолконд явахдаа бүх юмаа бэлтгэчихээд ах бид хоёрт баахан захиас захина. Миний толгойд "Эд нар хурдан яваасай, лаагаа унтрааж байгаад, чимэглэлүүд нь харанхуйд гэрэлтэхийг нь үзэх сэн" гэдэг бодол эргэлдээстэй. Аав ээж хоёрыг явсны дараа ах бид хоёр лаагаа унтрааж байгаад ёолкны модны чимэглэлүүдээ үзэж "Хѳѳх энэ нь асч байна" гэж дуу алдацгаав. Сонирхож, хѳгжилдѳж дуусаад "За одоо гэрлээ асаая" гэж хэлэнгүүтээ шүдэнз зураад, ёолкны модны ойрхон байсан лаандаа хүргэтэл, мод маань дүрсхийн асч шатаж эхэллээ.

Тэвдсэндээ гарт ойр тааралдсан юмаараа мод руугаа цохиж унагаад, гал нь унтрахгүй болохоор нь ах маань мѳнѳѳх модоо бариад үүд рүү гүйн хаалгаа онгойгоод газар хаях мѳчдѳѳ дээрээс нь дэвсэж орхив. Би ч сандарсандаа усны савнаас шанагаар хутгаад дээрээс нь цацлаа. Айж түгшсэндээ хоёулаа бие биенээ хараад "Одоо яанаа, Яах билээ" гэж гэцгээж байснаа "Юу ч болоогүй юм шиг байя" гэж шийдээд ор ор руугаа шургав. Aйснаасаа болж зүрх минь "туг туг" цохилж, "Одоо ч алуулсаан" гэх түгшүүрэндээ энэ амьдрал ингээд л дуусах юм шиг санагдаж дотор бачуурна.

Нилээд удсаны эцэст аав ээж хоёр маань ёолкноосоо ирж гадаа үүдэн дээр дуу алдацгаах нь сонсогдов. Аргагүй шүү дээ үүдэн дээр шатсан мод чимэглэлтэйгээ дээрээс нь цацсан усандаа барьцалдаад хѳлдчихсѳн, талаар л нэг гялтагнуурууд...Айж бас санаа зовсондоо аав ээж хоёр минь гэртээ орж ах бид хоёрын дээрээс ѳнгийж, амьд мѳртлѳѳ үхсэн мэт унтаж байгаа мэт тѳрхүүдийг нь хараад санаа нь амарсан байх. "Хүүхдүүд минь зүгээр байгаа болохоор яах вэ" гэж ээж минь хэлээд бидний тарьсан балгийг цэвэрлэж байгаа нь мэдрэгдэх. Тэр дороо загнуулаагүйдээ тайвширсан сэтгэл амарч, нэг л мэдэх дор нам унтсан байсан сан.

Ѳглѳѳ нь босоод юу болсноо тайлбарлан нуглээ наманчилахад ээж минь сонсож байснаа "Одоо яая гэхэв дээ та нар ѳѳрсдѳѳ ёолкны модгүй баярлах болж дээ. Том болж байгаад ёолкны мод тѳлж ѳгѳѳрэй" хэмээн хэлж билээ. Огтоос мартагддагүй энэ дурсамжаа байн байн сэргээж инээлддэг сэн. Бараг 20 жилийн дараа нэг том мод чимэглэлтэй нь ээждээ авч ѳгч "ѳр цайрсан" даа. Санаанаас гардаггүй хүүхэд насны шинэ жилүүд ээ гэж...

Г.Галбадрах


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна