Д.Эрдэнэбат: Эрх баригчдын яриад байгаа эдийн засгийн өсөлт эгэл ард түмний амьдралд хүрч чадсангүй

2018/01/03
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, 2018 онд  хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл, Банкны тухай хуулиудын хүрээнд байгуулагдсан ажлын хэсгийг мэдээллийг сонслоо.

Энэ үеэр бүлгийн дарга Д.Эрдэнэбат “2017 онд 200 гаруй хууль тогтоомжуудыг хэлэлцэн баталсан ч  Монгол Улсын нийгэм, эдийн засагт үр өгөөж өгөх хуулийн төсөл бага байсан. Эрх баригчдын яриад байгаа эдийн засгийн өсөлт эгэл ард түмний амьдралд хүрч чадсангүй. 2017 онд татвар нэмсэн, улсын өр нэмэгдсэн, инфляц өссөн, халамж нэмэгдсэн, хүүхдийн мөнгө хасагдсан, цалин царцаасан, ажлын байр хумигдсан, импортын хэмжээ өссөн гээд маш олон сөрөг зүйлүүд гарлаа. Үүнийг ард түмэн биеэрээ амсаж, мэдэрч байгаа. 2017 онд ямар ч бүтээн байгуулалтын ажил хийгдсэнгүй. Эрх баригчдын хамгийн том, хамгийн дуулиантай ажил нь Засгийн газраа л огцруулсан асуудал байлаа. 2018 онд энэ байдлыг давтаж болохгүй. Энэ байдлаараа байвал Монголын эдийн засгийн байдал, ард түмний амьдрал илүү муудах болно. Тиймээс сөрөг хүчний хувьд 2018 он 65-ын үнэмлэхүй олонхийн үйл ажиллагааг хянах хариуцлагатай жил байх болно. Мөн 2018 онд МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлтийн хэрэгжих эсэхийг тодорхойлох он байх болно. 2017 оны намрын чуулган хууль тогтоомжийг өргөн барих үйл ажиллагаанд дэгийн хуулийг маш олон удаа зөрчсөн. Цаашид ийнхүү дэгийн хууль зөрчих асуудалтай Ардчилсан намын бүлэг эвлэрч чадахгүй” гэлээ.

Х.Онон
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна