Хувийн хэвшил рүүгээ дайрч иргэдийнхээ хоолыг булаадаг төр ИЧИГ, ИЧИГ

2018/01/06
“1000 машины зогсоол”-ын газрын маргаан одоо ч үргэлжилсээр байна. Төмөр замын мэдлийн бус газрыг 3 шатны шүүхийн шийдвэрээр тогтоочихоод байхад төр төмөр нүүрээ харуулж хувийн хэвшилрүүгээ халдаж, 300 гаруй иргэнийхээ ажлын байрыг булаачихлаа. “Сүх далайтад үхэр амгалан” гэгчээр зуу, зуун цагдааг дайчилж ганц өдрийн дотор ажлын байрыг нь сүйтгэчихнэ гэж санаагүй түрээслэгчид өдгөө сэтгэл санааны маш хүнд дарамтанд учраа олохгүй явна.  Яахын аргагүй Төмөр замын удирдлагууд, Хотын захиргаа хүчтэй юм.

Хотын өмнөх удирдлагуудын гаргасан амьдралд нийцэхгүй шийдвэр ч эцэс сүүлд нь ингэж ард иргэдийн нуруун дээр ачаа үүсгэнэ гэж хэн санахав. 
 
Э.Бат-Үүл дарга аа!!!. Таны гаргасан 29-р тогтоол ямарч  үндэслэлгүй, амьдралд нийцэхгүй, судалгаа шинжилгээгүй гэдгийг нь төрийн бусад агентлаг, байнгын хороод нь батлаад өгчихсөн шүү дээ.  Уг асуудлаар иргэд Захиргааны хэргийн шүүхэд хандаад  ЦЭГ тавигдаагүй байхад юу юугүй машины болоод сэлбэгийн наймаа эрхэлдэг иргэдээ 22-ийн товчоонд байрлах “Автомашины цогцолбор”-т хүчээр аваачих шаардлага байсан уу?. Тухайн газар чинь иргэдийн  эрүүл мэндэд заналхийлсэн нэгээр зогсохгүй асуудал үүсгээд байгааг мэргэжлийн байгууллагуудаас нь эхлээд энгийн түрээслэгчид хүртэл мэдэж байгаа шүү дээ. 
 
Хогондоо дарагдсан, үйл ажиллагаа явуулах боломжгүй эзэнгүй газрыг иргэд өөрийн өмч хөрөнгө шиг арчилж хамгаалж, өөрсдийн хөрөнгөөр тохижуулж ажлын байр бий болгож, эцэст нь хуулийн дагуу ЭЗЭНГҮЙ газрыг өөрсдийн эзэмшилд шилжүүлэх гэж байхад дэмжээд өгөх атал газрыг нь булааж, ийм башир арга хэрэглэж байдаг үе үеийн хотын удирдлага, Төмөр замын удирдлагуудад хэлэх ч үг алга.  Өнөөх иргэндээ ээлтэй төр хаана байна вэ?
 
“1000 машины зогсоол”-ын түрээслэгчид эцсээ хүртэл эд хөрөнгө, ажлын байр, хоногийн хоолоо хамгаалж байгаад төрийн цагдаа нарын сүр хүчээр хөөгдөж гарлаа.  Гэвч тэд төр ард иргэдийнхээ хоолыг булааж, хувийн хэвшилрүүгээ дайрдаг байдалд ингээд бууж өгөхгүй гэдгээ мэдэгдэж байна. Өлсгөлөн зарлаж, жагсаал цуглаан зохион байгуулж, тэмцлийн хурц хэлбэрт шилжихийг тэд хүсээгүй.  Гэвч өнөөдрийн нөхцөл байдал тэднээс ийм зүйл шаардаж байна.  Ийм байхад юм л бол өлсгөлөн зарлаж, жагсдаг гэхээсээ урьтаж юунаас болов, хэн ийм байдалд хүргэв гэдгийг тунгааж үзэхийг хүсье. 

Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна