Мод услах зорилгоор 30 метр өндөр мөсөн уул бүтээжээ

2018/01/07
“Яндашгүй тал” ХХК ус нөөцлөх зорилгоор 30 метр өндөр бүхий 200 гаруй тонн мөсөн уул бүтээжээ.

“10 мянган мод тарих” төслийн хүрээнд тус компани Төв аймгаас Дундговь, Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал явах зам дагуу “Өндөр дов”-ын ойролцоо ийнхүү мөсөн уул босгосон байна.

Дээрх мөсөн уулыг байгалийн мөсөн тогтоц гэх мэтээр цахим ертөнцөөр шуугьсан. Тэгвэл  “Яндашгүй Тал” ХХК-ийн захирал Ш.Баярбат ярихдаа, “Мөсөн уул нь  ямар ч байгалийн тогтоц биш, хиймлээр хийсэн.“10 мянган мод тарих” төслийн хүрээнд хавар модны усалгаанд хэрэглэх зорилгоор мөсөн уул босгосон. Бүр зарим хүмүүс байгалийн тогтоц хэмээн ташаа мэдээлж очиж мөргөл үйлдэх мэтээр олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл тараасан. Тиймээс энэхүү ташаа мэдээлэлд итгэхгүй байхыг нийт иргэдэд анхааруулъя” гэв.

Төв аймгийн “Яндашгүй Тал”  ХХК “10 мянган мод тарих” төслийн хүрээнд мод услах зориулалтаар 30 метр өндөр төмөр гагнаж, дээр нь шүршүүр бэхлэн, ус цацсанаар уг мөсөн уулыг бүтээжээ. Уг мөсөн уул нь  3 сараас 7 сар хүртэл хуурай газрын хөрсийг чийгтэй байлгах зорилготой  юм байна. Энэхүү аргыг Солонгосын туршлагаас нэвтрүүлсэн бөгөөд бороо бага ордог газруудад өргөн ашигладаг аж.  

Төслийг 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд одоогоор 3000 мод тариад байгаа аж. Улмаар уг төсөл 5 жил хэрэгжих бөгөөд жилдээ 1000 мод тарина хэмээн компанийн удирдлагууд хэллээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна