С.Жавхлан: Ямар хүмүүст нь бөгс бандаашны яриа, хор найруулах болохоор танхим олдоод байдаг юм бэ

2018/01/10
УИХ-ын гишүүн С.Жавхлан өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “УИХ-ын гишүүн миний бие “Улсын их хурал уу?”, “ Улсын их задрал уу” гэсэн нээлттэй хэлэлцүүлгийг санаачлан Төрийн ордонд зохион байгуулахаар зэхээд байсан ч уг хэлэлцүүлгийг зохион байгуулахад бэрхшээл учирсан талаараа хэллээ. 

Тэрбээр энэ талаар, "Миний бие “УИХ-ын гишүүн миний бие “Улсын их хурал уу?”, “ Улсын их задрал уу” гэсэн нээлттэй хэлэлцүүлгийг санаачлан төрийн ордонд хийхээр 2017.12.26-наас хойш бичиг өгч хөөцөлдсөн. УИХ-ын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор засгийн газрын төлөөлөл болон бүх намын төлөөлөл, ерөнхийлөгчийн тамгын газрын төлөөлөл, иргэний нийгмийн төлөөлөл, монголын түүхч, эрдэмтэд, оюутан, залуусын төлөөллөөс бүрдсэн хэлэлцүүлэг зохион байгуулахаар танхим гаргаад өгөөч гэж хүсэлт илгээсэн. Гэвч ёстой нөгөө “Зүрх нь бандаашиндаа орно” гээч нь болж байна. 

Бидний үйл ажиллагааг хойшлуулж, тав дахь өдөр “Тамганы тос дууссан байна, нэг дэх өдөр тамга дарна” гэх мэтээр хойшлуулсан. Ямар хүмүүс нь том том танхим аваад хэлэлцүүлэг хийж болдог, өөрсдөө болохоор бөгс бандаашны яриа, хор найруулах болохоор танхим олдоод байдаг юм бэ. Монголын төр бузартаад задарч байна. Зөв зүйтэй юм ярья гээд эрдэмтдээ авчраад хэлэлцүүлэг хийе гэхээр янз бүрийн шалтаг хэлж зөвшөөрөл өгдөггүй. Төрийн ордон тамганы тосгүй болчихож. 

Хамгаалалтын алба, хурал зохион байгуулдаг данжаад нь төөрөлдөөд бүр сүүлдээ эргүүтэй төлөг шиг юмнууд дундуур явсаар байгаад өчигдөр УИХ-ын тамгийн газраас ийм бичиг ирж байна. Төрийн ордны А, Б, В танхимууд намын бүлгүүд болон байнгын түр хороод ажлын хэсгийн хуралдаан, хууль тогтоомжын биелэлтийн мэдээллийг сонсох болон засгийн газраас зохион байгуулж байгаа хэлэлцүүлэг, семинар зэрэг арга хэмжээг зохион байгуулахад зориулагдсан. Таны зохион байгуулах хэлэлцүүлэгт зориулан танхимын туслалцаа үзүүлэх боломжгүйг үүгээр мэдэгдэж байна гэсэн байна. УИХ-ын Тамгын газрыг би судаллаа. Энэ дээр болохоор гишүүдийн санаачилсан ажилд туслалцаа үзүүлэх, тэдгээрийг ажиллах нөхцлөөр хангах үндсэн чиг үүрэгтэй гэж байгаа юм. Энэ ордонруу чинь ард түмэн орж болохгүй юм байна. УИХ-ын гишүүн нь хэлэлцүүлэг зохион байгуулж болохгүй юм байна. С.Жавхлан ийм хаалт боолтон дунд амьдарч байна. Асар их дарамт хавчилган дунд байна. Урьсан хүмүүс маань их энгийн. Жишээ нь Ерөнхий сайд асан З.Бямбасүрэн гуайг урьсан. Улс төрийн ямар их мэдлэгтэй туршлагатай хүн билээ. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр гуай, засгийн газрын төлөөлөл, хоёр намын нарийн бичиг, 60 тэрбумын Г.Доржзодов, Хүний эрхийн хуульч М.Ичинноровыг ч бас урьсан. Бандаашны асуудал зөндөө яриад байгаа шүү дээ. Гишүүний хувьд тэр асуудлыг ч бас сонсмоор байна. Улс орны хувь заяатай асуудлуудыг ярих гэсэн юм. Хүний эрхийн Б.Бямбадорж гуайг бас урих байсан. Хурал зохион байгуулдаг зүүлэг нөхөр хэн билээ дээ ажлаа мэддэггүй. Тэр бүр долоо хоног мунгинасан. Дээрээс нь дарамтлаад байх шиг байгаа юм. Би Цолмонд УИХ-ын гишүүний санаачлан зохион байгуулж буй ажилд үгсэн хуйвалдаж санаатайгаар саад хийж буйд гүнээ харамсаж байна. “Улсын их хурал уу?”, “ Улсын их задрал уу” гэсэн нээлттэй хэлэлцүүлэг нь УИХ-аас батлагдан гарч байгаа хууль тогтоомжын хэрэгжилт, ёс зүй, биелэлтийн талаарх мэдээлэл бүхий өргөн хүрээний хэлэлцүүлэг юм" хэмээн ярьлаа.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна